АНУ-ын “SpaceX” компанийн бүтээсэн сансрын “Crew Dragon” хөлгийн нислэг цаг агаарын байдлаас болж хойшлогджээ. Дараагийн товыг тавдугаар сарын 30-ны орон нутгийн цагаар 15.22 цагт /УБ 2020.05.31-ний 03.22/ тогтжээ. Хэрэв ямар нэг шалтгаанаар нислэгийг хоёр дахь удаа хойшлуулбал, тавдугаар сарын 31-ний орон нутгийн 15.00 цагт /УБ 2020.06.01-ний 03.00/ цагт хөөргөхөөр төлөвлөж байна. Олон улсын сансрын станц дэлхийн тойрог замын тодорхой цэгт байрлах үед сансрын хөлгийг хөөргөдөг гэж Space.com сайт мэдээлжээ.
Нислэг хойшлуулсантай холбогдуулан НАСА агентлагийн сансрын нисэгч Даглас Хёрли, Роберт Бенкен нар “Crew Dragon” хөлгийг орхижээ. Үүнээс өмнө аюулгүй байдлын цогц шалгалт хийсэн байна. Сансрын нисэгчид дараагийн нислэг хүртэл Жон Кеннедигийн нэрэмжит Сансрын төвд хорио цээрийг дэглэмийг сахих гэнэ.
НАСА агентлагийн тэргүүн Жим Брайденстайн лхагва гарагт товлосон нислэгийг хойшлуулсан нь зөв шийдвэр гэж онцолжээ. Агаар мандалд хэтэрхий их цахилгааны бөөгнөрөл ажиглагдаж байсан бөгөөд хөлгийг хөөргөсөн тохиолдол аянга цахилгаан үүсгэх болзошгүй гэж Брайденстайн тодруулжээ.
“Crew Dragon” сансрын хөлөг бүхий “Falcon-9 ” пуужин тээвэрлэгч лхагва гарагт /2020.05.27/ орон нутгийн цагаар 16.33 цагт /УБ 2020.05.28-ний 04.33 цаг/ хөөрөх ёстой байв. АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг 2011 оноос хойш нисэгчтэй сансрын хөлөг хөөргөхөө зогсоосон. Түүнээс хойш тус улс сансрын нисэгчдээ Оросын “Союз” хөлгөөр Олон улсын сансрын станцад хүргэсээр иржээ.
Сэтгэгдэл ( 0 )