Монголд эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүү 9.7 жил байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 06 сарын 02

Монгол Улс хүн амын дундаж наслалтыг 1992 онд анх тооцоход 62.77 байсан бол 2018 он хүртэлх 26 жилийн хугацаанд 7.4 жилээр нэмэгджээ.

Хүн амын дундаж наслалт гэдэг нь тухайн улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, түүний үр нөлөөг илэрхийлдэг Хүний Хөгжлийн индексийн үзүүлэлтүүдийн нэг юм.

Дэлхийн бусад улс орнуудын хувьд дундаж наслалт хамгийн их нь Япон улс 84.2, хамгийн бага нь Лесото улс 52.9 байна.

Дундаж наслалтыг хүйсээр авч үзвэл Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалт 1992 онд 4.19 жилийн зөрүүтэй буюу эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 4.19 жилээр урт насалж байсан бол 2018 онд уг зөрүү 9.67 болж өсжээ.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүтэй байдлыг аймгуудын хувьд харахад Орхон аймаг хамгийн их зөрүүтэй буюу 11.7 байна. Сэлэнгэ, Дорноговь, Дархан-Уул, Сүхбаатар аймгууд зөрүү 10 буюу улсын дунджаас их байна. Говь-сүмбэр аймаг зөрүү хамгийн бага буюу 3.7 байна.

Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 9.7 жил байгаа нь дэлхийн дунджаас хоёр дахин их юм.

 Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын 2016 оны статистикаас харахад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү хамгийн өндөр улсуудаас 12 дугаарт, Ази, Номхон далайн бүсийн хувьд хоёрдугаарт жагсаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top