Миний олон жил нөхөрлөж яваа хөгжмийн зохиолчдын нэг нь МУУГЗ хөгжмийн зохиолч Дашддаваагийн Баттөмөр юм. Бид хоёрын нөхөрлөл бараг 30 жил үргэлжилж байх шив дээ. Хамтдаа бид хоёрын туулсан зам баруун тийшээ Арвайхээр, зүүн тийшээ Офицеруудын ордон, урагшаа Хан уул дүүрэг, хойшоо Зохиолчдын хорооноос хэтрээгүй боловч уулзаж учирсан, урамшиж баярласан, ярилцаж хөөрөлдсөн өдрүүд тун цөөнгүй. Өнөөдөр эргээд санахад бид хоёр уран бүтээл, нутаг ус, хөдөөгийнхний аж амьдрал, урлаг, уран зохиолын алтан үеийнхний, аваргуудын тухай мөн ч их дурсамж хөвүүлж дээ. Д.Баттөмөр маань нэрт хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, Д.Лувсаншарав нараас суралцаж, нэрт яруу найрагч Б.Явуухулан, Д.Пүрэвдорж, П.Бадарч, Ш.Сүрэнжав нарын шүлгэнд аялгуу хийж, нэрт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Б.Шарав, Ц.Чинзориг нартай мөр зэрэгцэн бүтээж туурвиж явсан болохоор ярих дурсамж ихтэй л дээ. Нөхрийн тэр их дурсамжаас түмэнд хүрч “хит” болсон зарим дуунуудаа хэрхэн бүтээсэн нь сонин. Д.Баттөмөр МУГЖ дуучин Ч.Насантогтохын аав н.Чулуунбаатар агсныг хөгжмийн “цагаан толгой” зааж нотын цэгцтэй мэдлэг олгосон багшаа гэж үздэг бол Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийг аялгууны онол, арга ухаанд залж чиглүүлсэн эрхэм шүтээнээ гэж дахин дахин дурсана. Хөгжим судлаач нар “Д.Баттөмөрийн аялгууны бүтэц олон, хэвшмэл загварыг эвдэж, шинэ эрэл хийсэн нь ажиглагддаг. Хөгжмийн зураглал нь энгийн, аялгуугаа аль болох тодотгох зорилгыг агуулсан байдаг” хэмээн үнэлэн дүгнэсэн байдаг. Харин өөрөө “Мөөеөө багш минь ардын дууны аялгууны урлагийг тун анзаарахгүй орхиж болохгүй зүйл шүү” хэмээн хэлдэг байсан гэж ярина.
Энэ яриа нь хөгжим судлаач Б.Батжаргалын “Баттөмөрийн аялгуунд мажор минорын тогтвортой аргууд өргөн хэрэглэгдэх боловч үндэсний аялгууны хэв шинж алдрах нь үгүй” гэж дүгнэсэнтэй дүйцдэг. Энэ бол Д.Баттөмөрийн уран бүтээлийн онцлог бөгөөд зохиосон дуу нь түмний талархал хүлээж ирсэн аялгууны увидас гэж болно. Ийнхүү аялгууны увидсаар жигүүрлэсэн түүний дуунуудын эхний эгнээнд нэрт яруу найрагч Б.Явуухулангийн “Туулын урсгал”, “Дуу минь дуу минь”, “Алаг дэлхийд төрсөн минь учиртай”, “Би хаана төрөө вэ” зэрэг алдартай дуунууд орно. “Туулын урсгал шөнөдөө сайхан” шүлгийг 1965 онд хэвлэгдээд байсан Б.Явуухулангийн “Хар ус нуурын шагшуурга” түүврээс нь авч аялгуу хийсэн гэдэг. Уул дууг анх Амгаа гэдэг дуучин дуулсан бөгөөд дараа нь 1969 онд МУГЖ дуучин Г.Түмэндэмбэрэл ятгын дөрвөлтэй дуулж үзэгчдийн зүрх сэтгэлд хадааж өгчээ. Мөн удалгүй бас Б.Явуухулангийн “Дуу минь дуу минь” шүлэгт аялгуу хийж, дууны урлагт “хол явах” авьяастан гэдгээ харуулсан аж. Ингэж шүлгээр нь хоёр гурван олонд хүрсэн дуу хийчихсэн үедээ Б.Явуухулан гуай дээр очиход тамхиа асаан тэлмэгэр нүдээрээ зөөлөн харж сууснаа “Чи мөн сонин хүүхэд шүү. Дуу чинь түмэнд хүрчихээд байхад” гэж хэлээд шил юм задалж байсан гэдэг. Том яруу найрагчийн энэ хандлага залуу хөгжмийн зохиолчид ихээхэн урам нэмсэн нь мэдээж. Ийнхүү урам зоригоор хөглөгдсөн үедээ нэрт яруу найрагч Ш.Сүрэнжавын “Миний нутгийн бараа”, “Намуун үдэш” зэрэг дуунууд бүтээсэн нь тухайн үеийн залуучуудын дур сонирхлыг татсан түүхтэй. Алдарт дуучин н.Цэрэндолгор агсны дуулсан “Намуун үдэш” дуу нь одоогийнхоор жинхэнэ “хит” болсон юм. Эдгээр дуунууд нь 50 жил дуулагдаж байгаа бөгөөд Дундговийнхан “Миний нутгийн бараа” дуунд нь хөшөө босгож мөнхжүүлсэн билээ.
Харин Б.Явуухулангийн “Алаг дэлхийд төрсөн минь учиртай”, “Би хаана төрөө вэ”, “Бид нэг орчлонгийн хүмүүс” зэрэг шүлгэнд нэлээд сүүлд аялгуу хийсэн аж. Тухайлбал “Алаг дэлхийд төрсөн минь учиртай” гэдэг дуугаа Б.Явуухулан агсны оршуулгын хөшөөн дээр Төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав багштайгаа очиж хүндэтгэл үзүүлэхдээ, хөшөөний бичээсийг үзээд аялгуу хийхээр барьж авсан гэдэг. Тэрээр Д.Баттөмөр “Амьд ахуйд нь ярилцсан үгс, тамхиа татаад бодлогошрон суудаг дүр нь бодогдоод энэ хүнд зориулж дуу хиймээр санагдаж билээ” гэж ярьдаг билээ. Уул дуундаа их найрагчийн бодол ухаарал, амьдралыг үзэх үзэл, “дуу өөрөө зохиож дуутай хамт амьдрах” өрнүүн тэмүүллийг аялгууны ухаанаар шингээж чадсан юм. Энэ мэтээр Д.Баттөмөрт нэртэй яруу найрагчдын дуунд зориулж бичээгүй, олонд хүрсэн уянгын шүлгийг барьж аваад аялгуу хийж, гайхширлыг төрүүлдэг бузгай чанар бий. П.Бадарчийн “Есөн эрдэнийн орон” гэдэг бүхэл бүтэн найраглалын давталт хэсгүүдийг базан авч эрэмбэлээд зуун дамжин дуулагдах сайхан дуу бүтээчихсэн. Анх аялгуу хийчихээд яруу найрагч П.Бадарчид сонсгоход “Ийм шүлгэнд аялгуу хийхдээ яадаг юм бэ. Ийм дуу байдаг юм уу” гээд тоолгүй орхисон гэдэг. Гэвч Д.Баттөмөр хийсэн аялгуундаа бүрэн итгэлтэйгээр улс тунхагласны 60 жилийн ойн дууны уралдаанд энэ дуугаар оролцож гуравдугаар байр эзлэн баяртай байтал МУГЖ Ж.Нансалмаа тайлан тоглолт дээрээ дуулж жинхэнэ “хаданд гаргажээ”. Энэ үед л харин П.Бадарч найрагч хүлээн зөвшөөрч, уучлал гуйсан түүхтэй.
Мөн нэрт яруу найрагч Б.Явуухулангийн “Би хаана төрөө вэ” шүлгийг шилдэг яруу найргийн түүврээс олж уншаад “Нутаг руугаа авч явна” гэсэн нэгэн дүүгийн унааг хүлээж зуслан дээрээ хоёр хонохдоо аялгуу хийсэн гэдэг. Энэ бас ая зохиоход амаргүй шүлэг. Нутаг явах гэж унаа хүлээсэн хөгжмийн зохиолчийн сэтгэлд юм юм орж ирж, эх орон, төрсөн нутгийн тухай аялгуун зураг бууж “Би хаана төрөө вэ” гэсэн уянгын асуултаар лавширсан нь тодорхой. Ингэж өнөөгийн Монголын хоолойн цартай, томоохон дуучдын дуулдаг, эх оронч сэтгэлийн илэрхийлэл болсон дуу мэндэлсэн аж.
Нэгэнтээ Төрийн шагналт яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн “Уянгын тойрог” номоос нь “Рондо” гэсэн шүлгийг авч ая хийчихээд өөрт нь сонсгоход их баяртай байжээ. Энэ үед Б.Лхагвасүрэн найрагч НААҮ-ний клубын эрхлэгч байсан гэдэг. Д.Баттөмөр дуулуулах дуучингаа сонгож олох гэсээр нэлээд хугацаа өнгөрчээ. Нэг өдөр Б.Лхагвасүрэн тааралдахдаа “Нөгөө дуугаа намайг үхсэн хойно л дуулуулах гээд байна уу” гэж дамшиглахад нь Д.Баттөмөр “Дууны нэрийг солимоор байна” гэжээ. Хоёул хэлэлцээд “Чамайг тойрон эргэлдэнэ” нэртэй болгож АДБЭЧ-ын дуучин н.Эрдэнэгомбоор анх дуулуулан олны сонорт хүргэсэн аж. Харин дуучин н.Мөнхбаяр хугацааны цэрэгт байхдаа бүх ард түмний урлагийн үзлэгт “Чандмань эрдэнэ”, “Чамайг тойрон эргэлдэнэ” гэдэг хоёр дуугаар оролцож олон түмний хайртай дууны нэг болгожээ. Д.Баттөмөр нэрт яруу найрагч М.Цэдэндорж агсантай 1966 онд танилцаж “Хэзээ ирээ вэ чи минь” шүлгэнд нь аялгуу хийж дуучин Амгаагаар дуулуулж байсан аж. Харин “Миний алаг нүдэн сайн сууж байв уу?” гэдэг уянгын шүлгэнд нь 1990 онд аялгуу хийж, хайр сэтгэлийн дууны санд оруулжээ. Энэ үедээ Д.Баттөмөр яруу найрагч, сэтгүүлч Ж.Саруулбуянгийнд зочилж дуу, яруу найргийн халуун яриа өрнүүлж суутал тэдний гэргий Батцэрэн /жүжигчин нэвтрүүлэгч/ агсан “М.Цэдэндорж гуай энэ шүлгээ надад зориулж зохиосон юм. Маш ухаантай, олон талын мэдлэгтэй хүн байсан даа. Би ачийг нь хариулах хүний нэг байгаа юм” хэмээн дурсаж суусан гэдэг. Дуу бүхний цаана түүх байдгийн нэг жишээ энэ л дээ.
Д.Баттөмөр дууны шүлгийг сонгохдоо утга уянгын зангилаа тайлал, сэтгэл хөдлөл илэрхийлсэн онцгой давталт, бүтцийн шинэлэг талыг илүүтэй шинждэг нь мэдрэгдээд байдаг. Тухайлахад нэг удаа Д.Баттөмөр “Миний алаг нүдэн сайн сууж байв уу” дууны шүлэг бадаг бүрийн сүүлчийн хоёр мөрөөрөө утга нь баяжигдаад бусад дууны үгнээс өвөмөц санагдаад байсан.
...Тормос тормос мишээн угтах чинь
Тольтод зүрхийг нээх шидтэй гээд цаанаа уянгалаг шүү” хэмээн ярьж суусныг санаж байна. Энэ бол Д.Баттөмөрийн туурвил зүйгээрээ улам төгөлдөржиж ирсэн сэрэл мэдрэмж юм. Нэрт яруу найрагч Д.Пүрэвдорж агсны “Алтан шар зам” дуу гарчихсан, ид дуулагдаж байх үед Д.Баттөмөр нэгэнтээ уулзахдаа “Таны “Алтан шар зам” сайхан дуу юм. Яваад л байх юм, яваад байх юм. Тэгж явсаар байгаад нэг уулзах дуу хоёулаа хийе” гэжээ. Цаадах нь тас тас инээж, “яваад л байна гэнэ ээ” хэмээн өнгөрчээ. Гэсэн ч удалгүй “Сайн нөхрийн ерөөл” дууны шүлгийг бичиж өгсөн аж.
“Заяаны сайн нөхрөө гэж чамайгаа
Замын уртад ханилан байж танилаа
Аяны дөрөөнд үй зайгүй үерхэж
Ахан дүү шиг үнэхээр сайхан даслаа” хэмээн эхэлдэг энэ дуу, аялгууны тэгш сайхан, үгийн эгэл өгүүлэмжээрээ олны байнга дуулдаг дуу болон үлджээ.
Д.Баттөмөртэй хамгийн ойр дотно, араншин нийлдэг яруу найрагч нь Т.Очирхүү агсан байсан юм. Энэ хоёр дарвихдаа хамт дарвиж, даруулгатай суухдаа ухаалаг зөөлхнөөр бие биедээ уусан шингэж, бүтээж туурвиж явсан нөхөд. Тэдний бүтээсэн “Нэг ангийнхан”, “Сансрын нисэгчийн ээжийн дуу”, “Манай үеийнхэн”, “Ленинградын цагаан шөнө” зэрэг дурсамж хөглөсөн уянгалаг дуунууд бий.
...”А” үсэг хамт заалгаж
Арвын тоо зэрэг сурсан
Зүггүйхэн багын хэдэн нөхөд минь
Зүрх сэтгэлд үргэлж хүүхэд хэвээр явдаг”
гээд хэн нэг нь дуулахад яруу найрагч, хөгжмийн зохиолч хоёр нөхрийн минь сэтгэлийн өнгө аяс, намдуу зөөлөн ухаалаг чанар нь нэгээр гэрэлтдэгийг нуух юун. Төрийн шагналт, зохиолч Д.Норов аяны замаас “Дорнын цагаан саран”, Шийдвэр гүйцэтгэлийн албанаасаа Д.Амгалан “Бодлын цагаан хун”, амралтын газрын хөгжөөнт ахуйгаас яруу найрагч Ш.Жамлийхаа “Нутгийн хөөрхөн бүсгүй” зэрэг дууны шүлэгтэй ирцгээж, Д.Баттөмөрөөс аялгууны авшиг хүртэн дууны “морьтой” болсон түүх бий. Энэ бүх түүх нь хөгжмийн зохиолч Д.Баттөмөрийн бурхны өгөгдлөөр аав ээжээсээ авч төрөөд сайн багш нарын эрдмээр баяжигдсан дуу бүтээх ухааны гайхамшгийг илэрхийлж байгаа юм.
Хөгжмийн зохиолч олон ч дуу бүтээх энэ билиг чанарыг Д.Баттөмөр шиг эзэгнэн төрсөн нь өдрийн од шиг. Нэгэнтээ Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Д.Баттөмөрийн дууны аялгууг ганцхан үгээр тодорхойлъё гэвэл “”Тансаг” гэхээс өөр үг бараг таарахгүй. Хоёр үгээр бол “Яруу тансаг”, гурван үгээр бол “Уянга яруу тансаг”, дөрвөн үгээр хэл гэвэл “Сэрэхүйн уянга яруу тансаг” гээд цааш хэдэн ч үг “тансаг”-ийн өмнө нэмээд тодорхойлж болох даацтай дуунууд. Сүүлийн хагас зуун жилийн Монгол дууны тухай хэн нэгэн ярьж бичих болбол Д.Баттөмөрийн нэр ороогүй бол дутуу болжээ гэж дүгнэхээс өөр аргагүй. Түүний дуунууд ...сүүлийн хагас зууны дууны урлагийн өнгийг тодорхойлох бүтээлүүдийн эгнээнд баттай орж чадсан юм” хэмээн үнэлсэн билээ. Энэ үнэлгээ нь Д.Баттөмөрийн дууны уран бүтээлд өгсөн хөгжмийн өндөр түвшингийн судлаачийн давс хужиргүй, үнэн зөв дүгнэлт болж, олон түмэнд хүрсэн юм.
Н.Даваадаш /Соёлын гавьяат зүтгэлтэн/
Сэтгэгдэл ( 2 )
Хөгжмийн зохиолчдод бурхан арай л өөр хишиг хүртээсэн юм шиг ээ.Агуу Гончигсумлаа,Дамдинсүрэн,Мөрдөж,тБирвваа,үүний дараагийнх Лувсаншарав,Чимиддорж, Дарамзагд,түүний дараагийн үe Хангал,Шарав,Чинзориг Жанцанноров,Билигжаргал ,Хаянхярваа,Баттөмөр,Батсүх,Алтанхуяг, Сэргэлэн.,Сангидрж...бүгд хязгааргүй авьяастнууд
Ая дууны ертөнцөд жигүүрээ дэлгэсэн гайхалтай уран бүтээлч таны олон сайхан аялгууг сонсож сэтгэлийн таашаал эдлэж байдаг шүү. Ёстой л ”тансаг” аялгуу гэдэгтэй санал нэг бна.