Улсдаа тэргүүлэгч томоохон эмнэлгүүд хагас бие даасан байдал руу шилжиж эхэллээ. Энэхүү хагас бие даасан байдал нь эмнэлэг өөрөө хөгжих эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа аж.
Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг нь хагас бие даасан байдал руу шилжсэнтэй холбогдуулан анхны томоохон ажлын нээлтээ хийлээ.
Тус ажлын эхлэл нь “Хоёр талт буюу амбулаторийн эмийн сан”-г Монголд анх удаа ашиглалтад оруулсан явдал юм.
Нээлтийн үеэр УНТЭ-ийн Ерөнхий захирал Т.Мөнхсайхан “Эрүүл мэндийн салбарт маш их өөрчлөлт гарч байгаа. Энэ нь улсын лавлагаа шатлалын төв эмнэлгүүдийн хувьд “хагас бие даасан байдал” руу шилжиж байгаа анхны тохиолдол. Манай эмнэлгийн хувьд энэ тогтолцоо руу шилжсэнээр томоохон хэд хэдэн ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Энэхүү ажлын эхлэл нь хоёр талт эмийн сан буюу амбулаторийн эмийн сан юм” гэв.
УНТЭ нь амбулаториор өдөрт дунджаар 2500 гаруй хүн үйлчлүүлдэг аж. Дээрх үйлчлүүлж буй хүмүүсийн 80-90 хувь нь эмийн жор бичүүлж авдаг. Энэхүү жор бичүүлж авсан иргэд эм болон эмийн санг хайж цаг алддаг. Харин одоо бол амбулаторийн эмийн сангаас цаг алдалгүй, хурдан шуурхай, хөнгөлөлттэй үнээр өөрт хэрэгтэй эмийг авах боломжтой болсон байна.
Нөгөөтэйгөөр хувийн эмийн санг зах зээлээс түлхэж гаргах бус улсын болон хувийн хэвшлийн эмийн сангууд иргэдэд илүү их сонголт, хямд үнэ болон ховор эмийн үнийн хөөргөдлийг арилгахад дөхөм болсон ажээ.
Сэтгэгдэл ( 0 )