Монгол Улсаас япон улсад суугаа Элчин сайд Д.Батжаргал Япон Улс дахь Монгол судлалын нийгэмлэгийн тэргүүнээр 2016 оноос өдийг хүртэл үр бүтээлтэй ажиллан удахгүй үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх гэж буй Токиогийн Гадаад хэл соёлын сургуулийн хүндэт профессор, монгол судлаач Хироши Фүтаки-г энэ сарын 12-ны өдөр ЭСЯ-нд хүлээн авч уулзаж, Элчин сайдын талархлын бичиг гардуулав.
Хироши Фүтаки нь Япон Улс дахь Монгол судлалын нийгэмлэгийг олон жилийн турш үр бүтээлтэй тэргүүлж, монгол үндэстний уламжлалт хэл, соёл, түүх, зан заншлыг Японы ард түмэнд таниулах, Японы дараа үеийн монгол судлаач нарыг бэлтгэх зэргээр хоёр улсын харилцан ойлголцол, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм гэдгийг Элчин сайд Д.Батжаргал онцолж, Япон Улс дахь монгол судлалын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн асуудлаар санал солилцов.
Хироши Фүтаки багш Монгол Улсын Засгийн газраас сүүлийн жилүүдэд гадаад улс орнууд дахь монгол судлалын үйл ажиллагааг бодлогоор дэмжиж буйд талархалтай байдгаа илэрхийлж, Япон Улс дахь Монгол судлалын нийгэмлэгийн тэргүүнээр ажилласан хугацаанд Монгол Улсын Засгийн газраас 3 удаа санхүүгийн дэмжлэг авч, Япон Улс дахь монгол судлаач эрдэмтэн судлаачдын бүтээлийг англи хэлэнд хөрвүүлэх, Токио хотноо Азийн бүсийн монгол судлаач нарын чуулга уулзалт хийх зэрэг үйл ажиллагаа зохион байгуулсан тухай тэмдэглэв.
Энэ дашрамд мэдээлэхэд, 2020 онд Япон Улс дахь Монгол судлалын нийгэмлэгийн 50 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд Япон Улс дахь Монгол судлалын нийгэмлэгээс энэ оны тавдугаар сард хаврын чуулган, 11 дүгээр сард намрын чуулган болон тус нийгэмлэг үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах төлөвлөөгөөтэй ажиллаж байсан боловч цар тахлын улмаас хаврын уулзалт цуцлагдаж, 50 жилийн ойн арга хэмжээ 2021 он хүртэл хойшлоод байна. Харин одоогийн байдлаар энэ оны намрын уулзалт хуваарийн дагуу 11 дүгээр сард зохион байгуулагдах товтой байна.
Сэтгэгдэл ( 0 )