
Алдарт жүжигчин Жонни Деппийн экс сүйт бүсгүй Вайнона Райдер, хуучин эхнэр Ванесса Паради нар Лондонгийн шүүхэд түүнийг өмөөрч, бичгээр мэдүүлэг өгчээ. Лондонгийн шүүх Жонни Деппийн “Sun” цахим хэвлэлийн эсрэг өгсөн нэхэмжлэлийг хоёр дахь долоо хоногоо хэлэлцэж байгаа юм. Тус хэвлэл 2018 онд Жонни Деппийг хуучин эхнэр жүжигчин Эмбер Хердийг зоддог байсан гэж бичиж байсан билээ. “Жоннитой дөрвөн жилийн хугацаанд хайр сэтгэлийн холбоотой байсан бөгөөд энэ хугацаанд тэр нэг удаа ч надад гар хүрч байгаагүй. Тэр хүн хайрлаж, халамжилж, хамгаалж чаддаг сайн хүн” гэж Жонни Депптэй 1990-1993 оны хооронд сүй тавьж байсан Райдер бичжээ.
Жонни Депптэй 14 жил хамт амьдарч, хоёр хүүхдийг нь төрүүлсэн Францын алдарт жүжигчин Ванесса Паради хуучин нөхрөө зөөлөн сэтгэлтэй, даруухан атлаа шилдэг жүжигчдийн нэг гэж мэдүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )