Залуус нэгдэж, “Реформ” клуб байгуулжээ

51 минутын өмнө

Монгол Улсад шинэчлэл шаардлагатай байгаа ч юуг, хэрхэн өөрчлөх талаар бодит санал, шийдэл дутмаг байна гэж үзсэн хэсэг залуус нэгдэн “Реформ” клуб байгуулж, өнгөрсөн бямба гарагт анхны уулзалтаа хийжээ.

Тус клубийнхэн өнөөгийн улс төр, нийгмийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийх, шинэчлэлийн гарц гаргалгааг хамтдаа эрэлхийлэх зорилгоор нэгдсэн байна. Тэдний үзэж буйгаар намуудын доторх явцуу ашиг сонирхлын бүлгүүд төрийн тогтолцооны үр нөлөөг сулруулж, нийгмийн туйлшрал, авлига, хүнд суртал, шударга бус байдал иргэдийн бухимдлыг улам нэмэгдүүлж буй аж.

Энэ бүхний үр дагаврыг иргэд, тэр дундаа ирээдүй хойч үе үүрэх ёсгүй хэмээн клубийг санаачлагчид үзэж байгаа бөгөөд асуудлыг зөвхөн шүүмжлэхээс илүү шийдэл боловсруулахад анхаарах цаг болсон гэж онцолсон байна. Анхны уулзалтаар нийгэм, улс төр, эдийн засаг, намын тогтолцооны шинэчлэлээс гадна боловсрол, эрүүл мэнд, технологийн салбарын асуудлыг хэлэлцэж, салбар бүрийн мэргэжилтнүүдийн оролцоотой бодлогын санал боловсруулах зорилтоо тодорхойлжээ. Клубийнхэн “Шинэчлэлийг бидний өмнөөс хэн ч хийхгүй. Иргэдийн оролцоо, санаачилга л өөрчлөлтийн эхлэл болно” хэмээн онцоллоо.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top