“Хатан мээж хайрхан” компани Хүнсний хувьсгалын дүнд хүчин чадлаа өргөтгөжээ

54 минутын өмнө

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Булган аймагт ажиллах үеэрээ “Хатан мээж хайрхан” компанийн хамт олонтой уулзав.

“Хүнсний хувьсгал”-д нэгдэж иргэдийг сүү, сүүн бүтээгдэхүүнээр ханган, ажлын байр бий болгож, татвараа төлж байгаа компанийн хамт олонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

“Хатан мээж хайрхан” компани 2020 онд байгуулагдсан. Сэлэнгэ, Хялганат, Хангал, Хутаг-Өндөр, Булган зэрэг сумын малчин өрхөөс сүү авч, өдөрт 8-10 тн сүү боловсруулахын зэрэгцээ 100 хувь байгалийн гаралтай бусад нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Өнгөрсөн онд 500 гаруй сая төгрөгийн борлуулалт хийж, 7 сая гаруй төгрөгийн татвар төлсөн. Цөцгийн болон шар тос, хорхой ааруул, тавгийн идээний багц зэрэг нь хэрэглэгчдийн хэзээний танил болсон тухай компанийн удирдлага танилцууллаа.

“Хүнсний хувьсгал”, “Атар-4 аян”-ы хүрээнд хөнгөлөлттэй зээл авч үйлдвэрээ өргөтгөн, сав, баглаа, боодлоо шинэчилсэн байна. Цаашид бүтээгдэхүүний нэр төрлөө нэмж, шинэ технологи нэвтрүүлэх, Булган аймгийн хөдөө аж ахуйн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах зорилт тавьжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top