Юуны учир дэлхийн брэндүүд Facebook-ийг бойкотлов

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 28

Өдөр бүр “Facebook”-ийн тэргүүн Марк Цукерберг мянга гаруй реклам олгогчдын зүгээс зарласан бойкотын улмаас орлогоо алдсаар. “Facebook”-ийн удирдлагууд арьс өнгөний үзэл, хуурамч мэдээлэлтэй тэмцэх тал дээр шийдвэртэй алхам хийхгүй байна гэж үзэж буй тэдний дунд алдартай олон брэндүүд бий. Эсэргүүцэлд нэгдэж буй компаниудын тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр.

“Adidas”, “Reebok”, “Puma”, “The North Face”, “REI”, “Patagonia”, “Verizon”, “Hershey”, “Honda America”, “Starbucks”, “Lego”, “Levi’s”, “Coca-Cola” зэрэг аваргууд тус олон нийтийн сүлжээнд сурталчилгаагаа байршуулахаас татгалзав. “Coca-Cola” компани зөвхөн “Facebook” болон “Instagram” төдийгүй бүр “Twitter”, “YouTube” дээр хүртэл сурталчилгааны орон зай худалдан авахгүй гэдгээ зарласан.

Олон нийтийн сүлжээн дэх үзэн ядалт, худал мэдээлэл анхаарлын гадна үлдэх учиргүй гэж “Volkswagen Group of America” компанийн мэдэгдэлд дурджээ. Өнгөрсөн сард Өнгөт арьстай хүн амын дэвшлийг дэмжих үндэсний холбоо, “Унтаж буй аваргууд”, “Өөрчлөлтийн өнгө”, “Чөлөөт хэвлэл ба саруул ухаан” зэрэг Америкийн хүний эрхийн төлөө тэмцэгч байгууллага хэд хэдэн бизнесийн хамтын нийгэмлэгт хандаж, тус олон нийтийн сүлжээг бойкотлох уриалга гаргасан билээ. Үүнтэй холбогдуулан Цукерберг эдгээр төрийн бус байгууллагын удирдлагуудтай саяхан уулзалт хийсэн ч үр дүнд хүрсэнгүй. Тэд шаардлагыг нь биелүүлээгүй гэж үзэн, эсэргүүцлийн аяныг үргэлжлүүлэхийг дахин уриалав. Блүмберг агентлагийн тооцоолсноор, Цукерберг долоодугаар сарын сүүлч гэхэд нийт 7.2 тэрбум орчим ам.доллар үүнээс болж алдаад байна.

АШГИЙН ТӨЛӨӨХ ҮЗЭН ЯДАЛТЫГ ЗОГСОО

Хүний эрхийг хамгаалагчид болон реклам олгогчид Цукербергээс олон нийтийн сүлжээнээс арьс өнгөний үзэлтэй пост, худал мэдээлэл, хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулах аюултай бусад контентийг устгах тал дээр шийдвэртэй алхам хийхийг шаардаж буй. Бойкотыг санаачлагчид ийм төрлийн материал зөвхөн гишүүддээ зориулж нийтэлдэг группүүдийн эсрэг арга хэмжээ авахыг мөн шаардаж буй. Энэ шаардлага улстөрчдөд ч мөн хамаатай.

АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Жо Байден тус компанийг Цагаан ордны тэргүүн Доналд Трампт худал мэдээлэл нийтлэх боломж олгодог хэмээн буруутгадаг. Трамп АНУ дахь эсэргүүцлийн жагсаалын талаар “Facebook” хуудсандаа “Дээрэм эхлэхэд, буудалцаан эхэлдэг” гэж бичиж шуугиан тарьж байв. Олон хүн үүнийг хүчирхийлэлд уриалсан гэж хүлээн авч, олон нийтийн сүлжээнээс устгахыг шаардсан. Цукерберг Трампын комментийг буруутгасан ч устгахаас татгалзсан. Үүнийгээ тэрбээр үг хэлэх эрх чөлөө гэж тайлбарлав. Тэрбээр ийм түвшний улстөрчдийн хэлсэн үг, хэллэгийг хадгалж, баримтжуулах шаардлагатай гэж мэдэгдсэн билээ. Үүний дараа Цукерберг сэтгүүлчид, олон нийт тэр бүү хэл ажилтнуудынхаа зүгээс хурц шүүмжлэлд булагдаж байв. Зарим ажилтнууд нь компанийг орхин гарсан. Тухайн үед “The Wall Street Journal” сонинд Цукерберг ажилтнуудтайгаа хийсэн уулзалт дээр хувийн байгууллага хянах үүрэг гүйцэтгэж, улстөрчдийн нийтлэл дэх алдааг заах ёсгүй гэж хэлж байсан тухай мэдээлж байсан билээ.

Гэхдээ “Facebook”-ийн бүх үйлчлүүлэгч бойкотлох аянд нэгдээгүй. CNN агентлагийн шинжээчдийн тогтоосноор, олон нийтийн сүлжээнд сурталчилгаагаа байршуулдаг 100 томоохон компанийн ихэнх нь гэрээгээ цуцлаагүй байна. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн долоо хоногт Walmart, McDonald's, Kellogg's, Allstate, Dell, Geico, Ikea, Kohl's болон “Peloton” чимээгүйхэн сурталчилгаагаа зогсоосон билээ. 2019 оны “Facebook”-ийн 25 топ реклам олгогчдоос “Microsoft”, “Starbucks” болон “Pfizer” сурталчилгааны орон зай худалдан авахаа зогсоож буйгаа олон нийтэд зарласан билээ.

Олон нийтийн сүлжээний санхүүгийн тайлангаас үзвэл, 2019 онд сурталчилгаанаас 70 тэрбум ам.долларын орлого олсон нь 2018 онтой харьцуулахад 27 хувиар нэмэгджээ. Ингэхдээ үйлчлүүлэгчдийнх нь ихэнх хувийг жижиг, дунд бизнес эзэлдэг байна.

АШГИЙН ТӨЛӨӨ БУС, ЗАРЧМЫН ҮҮДНЭЭС 

Тус компанийн албан ёсны төлөөлөгч Том Ченник эдгээр асуудалд нухацтай хандаж, түншүүдийнхээ үзэл бодлыг хүндэтгэдэг тухай мэдэгджээ. Тус компани ашгийн төлөө бус зарчмын үүднээс бодлогоо өөрчилж байна гэж тэрбээр мөн онцолсон. Үзэн ядалтаас ашиг олдоггүй талаар “Facebook” компанийн дэд ерөнхийлөгч Ник Клегг мөн захидалдаа онцолж байв. Бойкотлох аянд оролцогчдын тоо нэмэгдэхийн хэрээр Цукерберг улстөрчдийн олон нийтийн сүлжээний дүрмийг зөрчиж буй ч чухал ач холбогдолтой мэдээллийг тусгай тэмдэглэгээгээр ялгаж буй талаар мэдээлж, сонгуулийн талаарх бодит мэдээллийн хайлтыг хялбарчлах, хуурамч мэдээллийг устгах болно гэж амласан билээ. Үзэн ядалтыг дэвэргэх өнгө аястай сурталчилгааг хязгаарлахын тулд нэмэлт арга хэмжээ авах болсон тухай ч мэдэгдээд амжив.

“The Wall Street Journal” сонин эсэргүүцэл ирэх наймдугаар сард үргэлжилнэ гэж таамаглаж байна. Учир нь зохион байгуулагчид нь кампанит ажилд зөвхөн АНУ бус бусад улс орны компаниудыг татан оролцуулахаар идэвхтэй ажиллаж байгаа аж.

БОЙКОТЫН АШИГТАЙ ТАЛ

Эсэргүүцлийн аян өрнөснөөс хойш “Facebook”-ийн хувьцаа 0.04 хувиар унаж, 240.14 ам.доллар болжээ. Гэхдээ бойкот тус компанид ноцтой хохирол учруулахгүй гэж шинжээчид үзэж байна. Энэ арга хэмжээнд тус компанийн топ 100 реклам олгогч бүгд нэгдсэн ч рекламын нийт орлогын зургаан хувьд л нөлөөлнө. Олон нийтийн сүлжээний томоохон үйлчлүүлэгчид коронавирусний цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлээс болж сурталчилгааны зардлаа тэртээ тэргүй бууруулахаар зэхэж байсан гэж зарим мэргэжилтнүүд онцолсон байна.

“USA Today” сонинд бичсэнээр, тус олон нийтийн сүлжээг бойкотолж байгаа брэндүүд нийт орлогынх нь багахан хувийг эзэлдэг аж. Харин тус сүлжээнд рекламын орон зай худалдан авахаа зогсоох нь тэдний хувьд үүнээс ч илүү сурталчилгаа болно гэж тооцоолжээ. Түүнчлэн энэ ажиллагаа хөрөнгө оруулагчдад мөн ашигтай. Түр хугацаанд үнэ нь буурсан хувьцааг худалдан авах алтан боломж гараад байна. Учир нь нөхцөл байдал хэвэндээ орсны дараа тус компанийн хувьцааны үнэ ханш ч буцаад нэмэгдэх нь дамжиггүй. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, “Facebook” долоон сая гаруй идэвхтэй реклам олгогч, 90 сая гаруй бизнес хуудастай бөгөөд эдгээрийн ихэнх нь бойкотод оролцоогүй байгаа.

2020 оны эхний улиралд тус компанийн орлого 17.6 хувиар нэмэгдэж, 17.7 тэрбумд хүрсэн бол цэвэр ашиг нь хоёр дахин өсөж, 4.9 тэрбум ам.долларт хүрчээ. Цар тахлын улмаас сурталчилгааны борлуулалт удааширсан ч шинжээчид тус компанийн орлого энэ жил огцом биш ч өснө гэж тооцоолж байна.

“Facebook”-ийн хувьд ийм шуугиантай нүүр тулж байгаа анхны тохиолдол биш. Сүүлийн хэдэн жилийн турш ийм төрлийн шүүмжлэлийн бай болсоор байсан. Олон нийтийн сүлжээг АНУ-ын 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөхийг завдсан гэх гаднын троллуудын төлөө, рохинжа, бурхны шашинтнуудын хоорондын тэмцлийг дэвэргэсэн мэдээллийн төлөө, Шинэ Зеландын алан хядагчийн Крайстчерч сүмд сүсэгтэн олон руу гал нээж буй харуулсан дүрс бичлэгийг шууд гаргасны төлөө буруутгаж байв. Нийгмийн сүлжээнд худал мэдээлэл түгээх асуудал мөн ноцтой тавигддаг. Шинжээчид шинжлэх ухааны нийтлэлээс вакциныг эсэргүүцэгчид илүү алдартай болохыг саяхан тогтоосон байдаг.

Өдгөө нөхцөл байдал яаж эргэх нь Марк Цукербергийн гарт буй. Компанийн бүтэц нь түүнд хэмжээлшгүй эрх мэдлийг төвлөрүүлсэн бөгөөд энэ нь нөгөө талаар, тус компанийн дутагдал. Цукерберг эсэргүүцэгчдийн хавханд орвол хувьцаа эзэмшигч түүнд нөлөөлөх ямар ч боломжгүй. Бойкот эхэлснээс хойш түүний хийсэн цорын ганц алхам нь бодлогодоо өөрчлөлт оруулсан. Харин “Facebook” үзэн ядалтыг дэвэргэсэн аливаа постыг устгах бодлого эртнээс барьж буй. Тус компани хэрэглэгчид нь мэдээлэхээс ч өмнө ийм төрлийн мэдээллийн 89 хувийг устгадаг аж. Европын комиссын тайлангаас үзвэл, “Facebook” энэ тал дээр өрсөлдөгчдөөсөө илүү хурдтай хариу үйлдэл үзүүлдэг байна. Ямартаа ч тус компани нөхцөл байдал өөрөө намжих хүртэл эсэргүүцлийн ажиллагааг үл тоомсорлох хангалттай эх үүсвэртэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top