АНУ-ын “Facebook” компани “EssilorLuxottica” болон “Ray-Ban” компаниудтай хамтран гаргасан ухаалаг нүдний шилээ танилцуулжээ.
Гэрэл зураг авч, дүрс бичлэг хийх, сэтгэгдлээ хуваалцах, дуу сонсох, дуудлага хийх боломжтой “Ray-Ban Stories” ухаалаг нүдний шилийг танилцуулахад таатай байна гэж тус компаниас гаргасан мэдэгдэлд онцолжээ. Ухаалаг нүдний шилний анхны үнийг 299 ам.доллароор тогтоосон байна. Хорин төрлийн загвар бүхий нүдний шилийг цахимаар захиалах боломжтойгоос гадна АНУ, Австрали, Канад, Ирланд, Итали, Их Британийн дэлгүүрүүдээр борлуулах гэнэ.
Нүдний шилэнд 5 мегапиксел бүхий хоёр камер суурилуулсан бөгөөд товчлуур болон “Facebook Assistant” дуун туслахын тусламжтай гэрэл зураг авч, 30 секундийн дүрс бичлэг хийх боломжтой. Үүнээс гадна, нүдний шилэнд гурван микрофон суурилуулжээ.
“Facebook View app” аппликэйшнтэй холбож, авсан гэрэл зураг, дүрс бичлэгийг нийгмийн сүлжээнд шууд илгээж, утсандаа хадгалах боломжтой аж.
Сэтгэгдэл ( 0 )