Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ирэх сард сургууль, цэцэрлэг онцгой нөхцөлд хичээлийн шинэ жилээ эхлүүлэх гэж байна. Чингэлтэй дүүргийн тухайд бэлтгэл ажлаа хэр базаав?
-Дэлхий нийтэд дэлгэрсэн цар тахлын улмаас улс орон даяар сургууль, цэцэрлэгүүд онцгой нөхцөлд хичээллэхээр болж байна. Дүүргийн хэмжээний бүх сургууль цэцэрлэг Засгийн газраас тогтоосон хэм хэмжээний хүрээнд тохирсон байдлаар сургалтаа явуулахаар бэлтгэл ажил хангагдаад байна. Сургууль, цэцэрлэгийн цахим бүртгэл амжилттай явагдаж байгаагийн зэрэгцээ анги, танхимуудын болоод гадна орчины тохижилтын ажлууд дуусаад байна. Мөн шинээр баригдсан хэд хэдэн сургууль, цэцэрлэгийн барилгын ажил дуусч улсын комисс ажиллан хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн болоод байна.
-Энэ үед сургууль, цэцэрлэгийн хүртээмж, багтаамж, анги дүүргэлтийн асуудал олны анхаарлыг татаж байна. Чингэлтэй дүүрэгт энэ асуудал ямар байна вэ?
-Бид юун түрүүнд боловсролын салбараа анхаарч ажилладаг бөгөөд түүнд чиглэсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг сүүлийн жилүүдэд эрчимжүүлж ирсэн. Үүний үр дүнд манай дүүргийн хувьд түүхэнд анх удаагаа, цаашлаад нийслэлийн хэмжээнд ч гэж хэлж болох цэцэрлэгт хамрагдалт анх удаагаа 80 хувьд хүрэх боломжтой болж байна.
Дэлхий нийтийн хандлагыг харахад улсын цэцэрлэгт 80 хувь хамрагдахад цэцэрлэгийн хүрэлцээг шийдсэн гэж үздэг юм байна. Учир нь зарим хүүхэд хувийн цэцэрлэгт, зарим нь эцэг эхийн сонголт болон хувийн шалтгаанаас гэртээ хүмүүждэг. Тиймээс цэцэрлэгийн хүртээмжийг бүрэн шийдсэн гэж үзэж болохоор байна.
-Сургуулиуд хэдэн ээлжээр хичээллэх вэ?
-Сүүлийн дөрвөн жилд дүүргийн хэмжээнд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга-6, шинээр цэцэрлэг-17, хуучин газартаа зургаан өргөтгөл барьсан. Мөн хамгийн их ачаалал авдаг төвийн 5, 23, 24, 50 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгууд баригдаж түрүүч нь ашиглалтад ороод байна. Эдгээр сургууль сүүлийн 5-6 жил гурван ээлжээр хичээллэсэн. Өргөтгөлийн барилгууд нь ашиглалтад орсоноор дүүргийн хэмжээнд бүх сургууль хоёр ээлжээр хичээллэх бүрэн боломжтой болох юм. Бид боловсрол, эрүүл мэндийн салбарт төсвийн хөрөнгөөс гадна гадаад, дотоодын төсөл хөтөлбөр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татан ажиллаж байгаа.
-Ийм төрлийн хөрөнгө оруулалт хэчнээнийг босгож чадсан вэ. Юунд зарцуулав?
- 2019 оноос эхлээд "Таван толгой” ХК-тай хамтран боловсролын салбар руу хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. Өнгөрсөн жил дүүргийн төрийн өмчит 30 цэцэрлэг дээр 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, эмч нарын өрөөний тоног төхөөрөмжийг сайжруулсан. Үр дүнд нь эмч нар хүүхдийн эрүүл мэнд, чийрэгжүүлэлтийн асуудал дээр тулгамдсан асуудалгүй боллоо. 2020 онд дахин 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гэж төлөвлөсөн. Үүнийг бид ерөнхий боловсролын сургуулиудаа цахимжуулахад зарцуулна. Дүүргийн хэмжээнд төрийн өмчит 15 сургууль бий. Ингэснээр сурагчид гэрийн даалгавраа хийхэд эцэг эхчүүд үүнд нь чөлөөтэй хяналт тавьж, багш нартай шууд харилцах боломж бүрдэх юм. Мөн төвийн 5, 23 дугаар сургууль ямар хичээл үзэж байна, Чингэлтэй Хайлаастын 37, 49 дүгээр сургууль үүнтэй адилхан үзүүлэх программуудыг ашиглах, багш нар хоорондоо туршлага солилцох, суралцах гээд өргөн боломжийг нээсэн цахим программ байх юм. Үүнийг хэрэгжүүлбэл том үр дүн гарна. Мөн Япон улсын буцалтгүй тусламжаар Монголд анх удаа гэж хэлж болохоор гамшигийн аюулын эрсдэлийг аюулгүй даван туулах зориулалт бүхий сургууль баригдаж дуусан ашиглалтад орж байна.
-Хичээлийн шинэ жил эхлэхээр сургууль, цэцэрлэгийн байрнаас гадна зам харгуй, гэрэлтүүлэг, тохижилтын асуудал сөхөгдөх нь дамжиггүй. Энэ тал дээр Чингэлтэй дүүрэгт гарсан дэвшил байна уу?
-Сүүлийн 4,5 жилийн хугацаанд зөвхөн боловсрол, эрүүл мэндийн салбар руу анхаараад зогссонгүй. Дүүргийн гудамж зам талбай, тохижилт, гэрэлтүүлэг, камержуулалт, цэцэрлэгжүүлэлт зэргийг нэлээд анхаарч ажиллаа. Тухайлбал, Чингэлтэй дүүрэг бусад дүүрэгтэй харьцуулалтгүй гэр хорооллын авто зам, явган хүний зам, гэрэлтүүлгийг маш сайн шийдсэн. Би Чингэлтэй дүүрэг улсад нэг зүйлийг жишиг болгожээ гэдгийг ярих дуртай. Өмнө нь авто замыг бетон, асфальтан замаар төсөөлдөг байлаа. Харин одоо гэр хорооллын өндөржилт ихтэй ч юмуу байнга засварлах шаардлагатай болдог цэвдэг ихтэй газарт чулуун зам тавьдаг болсон. Энэ нь одоо улс нийслэлд жишиг болж байгаа бөгөөд хамгийн анхны зам нь хүмүүсийн сайн мэдэх Урт цагааны урдуур явсан чулуун зам юм. Энэ зам эвдрэл гэмтэл бага, эвдэрсэн ч тухайн хэсгийг нь аваад сольчихдог. Чулуун зам 100 жилийн настай гэдэг. Иймэрхүү чулуун замыг дүүргийн олон хороонд хийсэн.
-Гэрэлтүүлгийн хувьд?
-Дүүргийн нутаг дэвсгэрийн 98 хувь нь гэрэлтүүлэгтэй болсон. Хоёр хувь нь өндөрлөг ихтэй, зөвшөөрөлгүй газар буусан зэрэг асуудлаар гэрэлтүүлэггүй байна. Зам, гэрэлтүүлгийг дагаад камержуулалт чухал байдаг. Дүүргийн нутаг дэвсгэр дээр байнгын хяналт бүхий 373 камер ажиллаж байна. Үүнээс гадна хуучирч, муудсан шинэчлэх, засварлах шаардлагатай 100 гаруй камер бий. Үүнийг шинэчлэх ажлыг хийж байгаа. Эдгээрийг Цагдаагийн I, II хэлтэс дээрээ хяналтыг хийж ашигладаг.
-Ярианы сэдвээ бага зэрэг өөрчилье. Чингэлтэй дүүрэгт газар шорооны ажил нэлээд хийгдэж байна. Дахин төлөвлөлт танай дүүрэгт хэрхэн хийгдэж байна вэ?
-2014 онд Чингэлтэй дүүрэгт 12 байршил дээр гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан. Өнгөрсөн хугацаанд үүнийг хийхээр нэлээд хөөцөлдсөн. Гэвч үүнд төрийн дэмжлэг нэлээд шаардлагатай юм билээ. Мөн үндэсний компаниуд нь өөрийн гэсэн эргэлтийн хөрөнгө багатай учраас иргэдийн хашаа газрыг чөлөөлөх, түр байранд оруулах боломжуудыг нь хангах зэрэгт санхүүгийн асуудал гардаг. Энэ шалтгаанаар 12 байршлын 11 нь үйл ажиллагаа явуулахгүй зогссон. Одоо ганцхан компани буюу Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр “Бармон” ХХК 234 айлын хоёр есөн давхар барилга барьж айлуудаа оруулсан. Одоо хоёр дахь ээлжийн байраа ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
-Дахин төлөвлөлт яагаад гацаад байна, цаашид юуг анхаарвал зүгээр вэ?
Дахин төлөвлөлтөд шалгарсан компаниудын дийлэнх нь гэрээгээ цуцалсан, цөөн явж байгаа хэд нь хэт удаан явагдаж байна гэдэгт иргэд бухимдалтай байдаг. Барилгын ажил нь гайгүй явагдаж байгаа дахин төлөвлөлт гэхэд л ажил нь эхлээд багадаа таван жилийн хугацаа өнгөрсний дараа эхний айлуудаа оруулж байна. Энэ нь иргэдийн итгэлийг алдагдуулах, бухимдуулах гол шалтгаан болж байна. Нөгөөтэйгүүр, компаниуд газрыг хэт томоор буюу хорооны нутаг дэвсгэрийг бүхэлд нь дахин төлөвлөлт хэрэгжүүлнэ гээд авдаг нь ажил удаашрах гол шалтгаан болж байна. Мөн дахин төлөвлөлтөд сонгогдчихсон иргэдийн хашаа байшингаа худалдах эрхийг нь хязгаарладаг, гайгүй байшин бариад сууя гэхэд дахин төлөвлөлтөд орсон учраас нөгөө байшин нь буцаад буулгах ашиггүй хөрөнгө болно гэх мэтчилэн иргэдийн амьдралд саад болохуйц асуудал их байна. Дахин төлөвлөлтийг нэлээд сайн бодож боловсруулж хийх ёстой гэдгийг энэ мэт байдлаар амьдрал харуулчихлаа. Мөн энэ ажлыг дан ганц сонгогдсон компанид найдаад орхих биш төрийн оролцоог бодитойгоор нэмэгдүүлж байж илүү хурдацтай явах ёстой гэж бодож байна. Цаашид төрийн ажлын бүх төлөвлөлт иргэдэд хүндрэлгүй, тодорхой, бодитой байхад анхаарах шаардлагатай байна.
Т.Дархан
Сэтгэгдэл ( 0 )