Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнгөрөгч амралтын өдрөөр 10 мянга гаруй эхэд "Алдарт эхийн одон" гардууллаа.
“Эхийн алдар" нэгдүгээр зэргийн одонг 720 ээжид, "Эхийн алдар" хоёрдугаар зэргийн одонг 9957 ээжид олгосон юм. Тэдгээрийн дотор дөнгөж 30 хүрч яваа эмэгтэй "Эхийн алдар" одон хүртсэнд ард иргэд олн нийтийн сүлжээгээр янз бүрийн таамаг, мэтгэлцээн дэвшүүлээд амжив. Зарим нь “Олон хүүхэд төрүүлэхийг эсэргүүцсэн өнгө аястай, тэжээж чадахгүй байж хүүхэд зовоолоо” гэж байхад зарим нь “Бэлгийн боловсролгүйдээ л олон хүүхэд цувуулж байгаа юм” гэж мэдэмхийрч, зарим нь бүр хоёрдугаар суваг руу хальтирсан байх жишээтэй.
Хамгийн шударга, “ариун цагаан хөдөлмөр”-өөрөө авсан одон бол “Эхийн алдар” одон хэмээн хошигнох нь ч энүүхэнд. Энэ бүхнээс хүмүүс ямар их бусдын амьдралыг шүүдэг болоо вэ гэсэн эмзэглэл, айсдыг төрүүлэв. Тэгвэл аминаасаа амь тасалж, ариун цагаан сүүгээрээ ундаалж, амин үргэлжлэлээ гагнаж, ам бүлээ тэлж байгаа энэ үйл тийм бусармаг гэж үү. Тэр гэр бүл хоолтой ч, хоолгүй ч лаг үрсийнхээ шулганаанд хэчнээн аз жаргалаар умбан байдгийг бид мэдэхгүй. Бялхаж сагасан эд хөрөнгөгүй ч хоёр идэхгүй, хоосон хонохгүй энхрий үрсээ тойруулан элэг бүтэн амьдарч байгаа тэдний амьдралд бүү атаарх.
Эр өсөж эсгий сунадгийн үлгэрээр эрхийн чинээхэн үр нь ирээдүйд Монгол Улсынхаа Ерөнхийлөгч нь болохыг хэн байг гэх вэ. Тиймээс бусдын амьдралыг шүүхээсээ өмнө өөрийн хүүхдээ боловсролтой, сайн, зөв хүн болгож өсгөхийн төлөө хичээ. Бидний үеийнхэн хөгшин мод шиг өнхрөөд унахын цагт энэ эх орныг хөгжүүлэх иргэд бол өнөөдрийн бяцхан үрс учраас Их зохиолч Д.Нацагдоржийн хэлсэнчлэн “Монголын үрс маш олон болтугай” хэлье дээ.
Сэтгэгдэл ( 0 )