Генийн өөрчлөлттэй 750 сая шумуулыг байгальд тавина

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 24

АНУ-ын Флорида мужийн эрх баригчид генийн өөрчлөлттэй 750 сая шумуулыг байгальд тавих зөвшөөрөл олгожээ. Энэхүү туршилт денге чичрэг өвчин, Зика вирус, хумхаа, чикунгуня вирус зэргийг тараагч хортой шавжны тоо толгойг буруулах зорилготой аж. Зарим экологичид уг туршилт экосистемд хөнөөлтэй бөгөөд тааварлашгүй үр дагавар авчирна гэж үзэж байгаа бол төслийг хэрэгжүүлж буй “Oxitec” компани төрөөс санхүүжүүлсэн судалгаа хүн болон байгаль орчинд хор нөлөөгүй болох нь батлагдсан гэж мэдэгдэж байгаа юм. Төсөл 2021 онд Флорида Киз бүлэг аралд эхэлж, хоёр жил үргэлжлэх гэнэ.

Өнгөрсөн тавдугаар сард АНУ-ын Байгаль орчныг хамгаалах холбооны агентлаг Их Британийн “Oxitec” компанид генийн өөрчлөлттэй Aedes aegypti эрэгчин шумуул гаргаж авах зөвшөөрөл олгожээ. Генийн өөрчлөлттэй шумуулын эмэгчин үр төл нас биед хүрэлгүй үхэх бол эрэгчин нь амьд үлдэж үхлийн аюулт генийг дараа дараагийн үедээ дамжуулах аж. Ингэснээр Aedes aegypti төрлийн шумуулын тоо толгой буурснаар тэдний тараадаг халдварт өвчнийг бууруулах боломжтой болно гэж үзэж байна.

Үүнээс өмнө “Oxitec” компани ижил төрлийн төслийг Бразилд амжилттай хэрэгжүүлж байсан бол 2021 онд Техас мужид мөн хэрэгжүүлэхээр зэхэж байна. Холбооны түвшинд зөвшөөрөл авсан хэдий ч мужийн эрх баригчид одоогоор зөвшөөрөл олгоогүй байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top