Харвардын эрдэмтэд генийн өөрчлөлтийн тусламжтай хулганыг залуужуулжээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 20

Харвардын их сургуулийн Анагаах ухааны сургуулийн эрдэмтэд анх удаа хуулганы хөгшрөх явцыг эргүүлж чаджээ. Тэд генийн өөрчлөлтийн тусламжтай бүх бие организмын түвшинд хулганыг залуужуулж, насыг нь уртасгасан байна.

Судалгааны дүнг “bioRxiv” цахим номын санд нийтэлсэн ба хараат бус шинжээчдийн дүгнэлт гаргахаас нааш урьдчилсан дүнд тооцогдоно.

Эрдэмтэд 124 долоо хоногтой хулгануудыг туршилтад хамруулсан байна. Энэ нь хүнийхээр 77 нас гэсэн үг юм. Хоёр долоо хоног тутам хулгануудад ДНХ-г нь өөрчилдөг вирус суулгаж байжээ. Улмаар хулганууд Яманаки хүчин зүйл буюу зарим генийг идэвхжүүлж, заримыг нь “унтуулдаг” уураг ялгаруулах чадвартай болсон байна. Үүнээс өмнөх судалгаануудаар Яманаки хүчин зүйлс нь эсийг залуужуулж, тэр бүх хэл үүдэл эсийн байдалд эргүүлэн оруулдаг болохыг тогтоож байв. Хулгануудад мөн Яманаки хүчин зүйлсийг идэвхжүүлэхийг тулд доксициклин антибиотик өгдөг байжээ.

Туршилтад орсон хулганууд бусад хулганыг бодвол арван долоон хоногоор урт насалжээ. Генийн өөрчлөлтөд орсон хулганууд урт наслаад зогсохгүй зүрх, элэгний үйл ажиллагаа нь сайжирсан байна. Дараагийн шатанд энэхүү аргын аюулгүй байдал болон үр дүнг бататгахын тулд илүү том амьтан дээр туршихаар төлөвлөж байна. Үүнээс өмнө генийн өөрчлөлтийн тусламжтай амьтдын хөгшрөх явцыг эргүүлэх туршилтууд амжилтгүй болж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top