ТЭМДЭГЛЭЛ: Уул байвал залбирч, ус байвал сөгдөж тууллаа

Админ | Zindaa.mn
2020 оны 09 сарын 12

Мэргэдийн нутгийг дамжиж аяны зам хөвөрнө. Энэ удаагийн бидний аялал наймдугаар сарын 8-ны өглөөний ургахын улаан нартай уралданхан эхэлсэн юм. Наро Банчэн гэгээний хийдээс баруун зүг рүү хөдөлж, салхи татуулан давхисаар их үдэд Өвөрхангай аймгийн төвд хүрлээ. Өндөр гэгээний нутаг руу ороход зүсэрч орсон бороо мөндөр болж, дуниартсан ногоон хангайг цавцайлгаж, аян замыг минь угааж өгсөн нь хутагт хувилгаадаа өлмийдөж угтсан тэнгэр хангайн араншин биз хэмээн сүсэглэнэ.

Дээдийн номын мэргэд хийгээд зам, заяа нь нийлсэн буян номын харгуй ийм байх нь өчнөөн тохиож, алмайн гайширч явсан нь цөөнгүй ч одоо нэгэнт дасжээ. Зун оройн наран халуу төөнөх цагаар номхон барын дүртэй Номгон уулыг даван, Түйн голыг өгсөж, Баянхонгор аймагт түр саатах зуураа хэн нэгэнтэй Ламын гэгээний элдэв хууч домгоос хүүрнэж, цаашлан гүүн зэл сунайн цайрсан тув тунгалагхан шөнийн оддыг гялтагнуулсаар Говь-Алтайд хүрлээ. Наро Банчэн гэгээний хүрээ нутгийн захад хүрч байгаа нь энэ. Наро Банчэн гэгээний хүрээ хийдийн туурь өдгөөгийн Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт байдгийг манайхан надаар хэлүүлэлтгүй мэдэх. Ингэж л нэг өдрийн дотор 1000 гаруй километр хурдлахдаа олон олон дээдэс мэргэдийн дэлгэр сайхан нутгаар дамнан өртөөчилж, бум бумаар тарнидсан бурхдын авшиг шүншигт уусах минь ном даган бадарчилсан бүсгүй бичээчийн энэ насны үйл заяаны өлзий дэмбэрэл биз ээ хэмээн бяцхан омойтно. Эх орон минь энхжингийн өлгий юм. Эх орон минь мэргэд мэндэлдэг диваажин юм гэж бодох минь миний дотоод дахь хамгийн нандин эгээрэхүй билээ.

 

ХАР УС НУУРЫН ШАГШУУРГА

 

Нар гэж шижир, зам гэж тос хэмээн дуун алдсаар хоёр дахь өдрөө  Хасагт, Жаргалант уулыг хараачлан Шаргын говийг туулж явахад тэртээ баруун талд Хар азаргын нуруу цэнхэртэнэ. Энэ л ариун дагшин газрыг бодлоороо эвхэж явахад Д.Нацагдоржийн шагналт зохиолч Мавганы Эрдэнэбат, яруу найрагч Мөнхөөгийн Билэгсайхан, адарсан салхи шиг задгай араншинт Р.Эмүжин нарыгаа уяран санаж, сонгодог зохиолч Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир” тэргүүтэн олон суут зохиол энэ л нутагт хөл тэнцсэндээ хэмээн бодохын сацуу түүний төрсөн нутаг Тайширын зүг ширтэж, энэ л нутагт хүргэн орж, суугуул болсон “Муу” С.Очиртөмөрийгөө хараачилна. Утга зохиолын буян их юм аа хэмээн дотогшоо бас урсаж явлаа.

Дарвийн нурууг түшин, Хонин усны говийг туулан  Сутай хайрханд алсаас залбиран, сүү өргөж, сүлд хийморио тэгшилнэ. Ийн давхисаар алдарт Хар ус нуурын эрэг дээр ирж түр тухлав. Хар ус нуурын ус цэлэлзэж, хотон шувууд нь цэнгэж, шагшуурга юу нь найгана. Ёстой л харахад баясгалантай, санахад уйтай, хайрламаар, халгимаар цаг хугацааны торгон давхцал сэтгэл зүрхийг минь тонгочуулна. Дорнын их найрагч Бэгзийн Явуухулангийн бичсэн олон ястны өлгий, нутаг зоны бахархал  болсон алдарт “Хар ус нуурын шагшуурга” хэмээх дууг

“Хар ус нуурын шагшуурга

Намрын салхинд исгэрнэ

Харахад нэг л уйтгартай

Намс намс бөхөлзөнө” аялан гэгэлзэх хоёр бүсгүй өөрийн эрхгүй сонор булаана. Дорнын их найрагчийн эл шүлэгт нэрт хөгжмийн зохиолч Жамбалын Шараа ая дан зохируулсан. Өдгөө ардын дуу шиг түгсэн энэ дуу Хар ус нуурыг цаг мөнхөд Монгол түмний цээжинд цалгиаж чадсанд уран бүтээлийн аугаа чанар оршдог байх. Хар ус нуурын торгон халгиа, тэр л уур манантай үүлс хөлөглөн уулзах Хөх Сэрхийн нуруу даван, цаст Цамбагарав хайрхан дүнхийнэ. Сүрлэг сайхан, сүрдэм тансаг аян замын уртыг улам л урин дуудах мэт жавхлантай. Ингэж Цаст уулсыг зорьсон бурхны олон шавь, буяны түмэн эзэдтэй зам нийлсэн аялал маань цаст уулсынхаа зах руу орсон юм. Наро Банчэн Данзанлхүндүв гэгээнтний тэргүүлсэн Алтай Таван Богд, Монгол түмний их шүтээн Отгонтэнгэр хайрхан болоод өөр бусад уулс усыг тахих, хангай дэлхийг баясгах, буддын гүн ухааны сургаал номлолыг нийтэд тайлбарлаж таниулах их үйлийг бүтээгчидтэй манай “Монголын Хутагт Хувилгаад” баримтат кино төслийнхэн ганзага нийлсэн минь энэ.

 

АЛТАЙ ТАВАН БОГДЫН ТАХИЛГА 

 

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум, тэр л ай савнаа орших Хурган, Хотон гэх хоёр сайхан нуур бий. Хоёр нуур хоорондоо хоёр километр орчим зайтай. Тув тунгалаг хоёр нуур Срыгал голоор уулзалдана. Урд талынх нь Хотон, хойд талынх нь Хурган нуур аж. 1940-өөд оноос хойш энд Казак үндэстэн суурьшсан гэж бодохоор тэр цагаас ийн нэршсэн болов уу гэж таана. Уг нь энэ хоёр нуур, түүнийг холбосон гол болоод тэр их усан хөндийг Эх дангина гэж нэлэнхүйд нь нэрлэдэг байжээ. Нутгийнхны нэрлэсэн Срыгал гэдэг үг нь Ээмэгт буюу эх, эмэгтэй гэсэн утгатай үг юм байна. Ер нь нутаг усны түүх домог битгий хэл нэр усыг нь асуухад ч хариулах хүн ховор байгаа нь сэтгэл эмзэглүүлж явсныг нуумааргүй байна. Бага түргэний хүрхрээ хүрч, тэндээсээ Алтай Таван Богдын цаст оргилыг зорин ирэхэд аль хэдийнэ шөнө дунд болж, тэнгэрийн одод бариад авмаар ойрхон ирж болдгийг харах сонин гоёхон мэдрэмж байв.

Өглөөний нар манан будан дундаас бүүдийж, нарийн зүс бороо зүсэрч, тэгэсгээд тэнгэр цэлмэв. Уулын манан сарниж, бага багаар хуудсаар л байлаа. Гэвч өнөөх үзэсгэлэнт оргилууд гарч ирдэггүй. “Зарим үед харагддагүй юм гэнэ билээ” гэж Баян-Өлгий аймгаас зам нийлсэн Ноён хутагт Данзанлувсантүдэв хэлэв. Үнэхээр гарахгүй бол яана гэж бодохоор жаахан тиймхэн санагдаад, гараасай л гэж битүүхэндээ хүснэ. Уул нурууг давж, ус голыг гаталж, шавар намгийг нэгжиж байж ирсэн болохоор харахгүй явна гэдэг бол над шиг говийн хүнд хайран санагдаад л. Гэвч бас Халхын хутагтууд морилсон байхад ... гэж найдлага тавина. Тахилга боллоо. Хоёр гэгээнтэн зэрэгцэн заларч, лам хуваргууд байраа эзлэн ёс дэгийн дагуу хурал эхэллээ. Цан бишгүүр хангинаж, хонх дамар дуугарч, хурал ном үргэлжилнэ. Гучаад минут болсны дараа уул уулын манан уруугаа бууж мөсөн голтой нэгдэн Цасан цагаан оргилууд тэнгэр багандаад л гараад ирэв. Үлгэр ч юм шиг санагдаж биширэл төрнө. Эх нутаг, эзэн хангай, ихэс дээдсээ танин гийгүүлсэн илбийн мэт агшин хором бүрийг хурсан бүхэн мэднэ дээ. Төрийн тахилгат 10 уулын хамгийн өндөр Алтай Таван Богд хайрхны тахилгыг наймдугаар сарын 12-ны өдөр Наро Банчэн Данзанлхндүв гэгээнтэн, Ноён хутагт Данзанлувсантүдэв нар тэргүүлэн нутгийн зон олон хийгээд зам заяа нийлсэн шавь нарын хамт болгоосон нь энэ.

 

ОЛОН БОЛООРОЙ

 

Манай багийнхан Баян-Өлгий аймгийн Рашгэмпэллин хийдтэй танилцав. Тэртээ 1778 онд Саруул гүнгийн хошуунд Алтайн Урианхай Саруул гүн Гомбожавын Дашгэмпэллин хүрээ байгуулагдаж, 1921 онд Оросын улаан, цагаан цэргийн тулаан тус хүрээний орчимд болж, сүм дуган эвдэрснээр түүх болон үлджээ. Тус хийдийг дахин сэргээхээр 2010 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн хэмээх Рашгэмпэллин хийдийн хашаан дотор гэр хэлбэрийн жижиг байшин, монгол гэрийн хамт байв. “Нутгийн сүсэгтэн Д.Төрмөнх 2017 онд байр барьж өгсөн боловч тухтай ашиглаж чадахгүй болохоор улсаас олгосон жижиг таван ханатдаа бурхан номын үйл ажиллагааг хир чадлаараа болгоож, зовсон зүдэрсэн бүхэндээ номын дуу таслахгүй л байна. Би явчихбал бурхан болоочийнхоо толгой дээр хонх дамар дуугарах хүн нэг хэсэгтээ үгүй болно” хэмээн ярих лам өөрийгөө Хар соён ястан Г.Батхүү хэмээн танилцуулсан юм.

Мөн “Буянт суманд Б.Мөнгөнхуяг гэж нэг лам бий” гээд инээмсэглэнэ. Тэрээр цааш нь “Баян-Өлгий аймаг 100 мянга орчим хүн амтай. Түүний таван хувь буюу 5000 нь л монгол үндэстэн байгаа. Бас хажуугаар нь христийн урсгал орж ирээд байх юм” хэмээн гуниглангуй ярьж байлаа. Өмнөд Энэтхэгийн Гоманд шавилж байгаа таван ламдаа ихээхэн найдлага тавьж байгаагаа илтгээд мөнхүү амралтаараа хөдөө явсан гурван шавьтай гэдгээ ч дуулгав. Наро Банчэн гэгээнтэн лам хуваргуудын хамт ерөөл айлдаж, ном хурахад асгартал мэгшиж, бүгдийг дагаж уйлуулсан энэ залуухан ламд  буян номын төлөөх их хүсэл нь арвидан дэлгэрч, “Олон болоорой” хэмээн хүсэх минь чин сэтгэлийн угаас байсан юм. Өөрийнхөө нутагт хүнийх мэт амьдарч яваа хөндүүр тавилан элэг зүрхнээс нухлаад ай гунигтай яа... 

 

ГЭГЭЭНТЭН БА ХОВД

 

1760-аад оны үед Манжийн эзэн хаанаас санаачлан Түгээмэл Амаржуулагч хэмээх сүмийг барьж эхэлсэн нь Ховдын шар сүмийн эхлэл байсан гэж үздэг. Өөлд, Мянгад хоёр хошууны дунд харьяалалтай “Ховдын шар сүм” 200 шахам жилийн түүхтэй бөгөөд 1760-аад оны сүүлээр Халхын Засагт хан аймгийн Жалханз хутагт, Сайн ноён хан аймгийн Наро Банчэн хутагтыг ээлжлэн суулгаж, хурал номын дэгийг бариулж байсан байдаг. Хожмоо Богд хаант Монгол улсын үед Богдын засгийн газрын шийдвэрээр Жалханз хутагт Б.Дамдинбазар, Наро Ванчэн гэгээн С.Пүрэвжав нар томилогдож,  шашин ном төдийгүй баруун Монголын хязгаар нутгийн тусгаар тогтнолыг хамгаалах улс төрийн зорилготой байсан гэж үздэг.  Ийнхүү Наро Банчэн гэгээний өмнөх дүрүүд Ховд аймагтай холбогддог билээ. Өдгөө ч Гэгээнтэн Ховд нутгийнхантай номын барилдлага зохиодог билээ. Ховд аймгийн Ганданпунцагчойлин хийдийн 10 жилийн ойг тохиолдуулан “Ховд аймгийн хөгжлийн төлөө сан”-гаас боржин чулуугаар сийлэн бүтээсэн 18 метр өндөр “Майдар” бурхан залж байсан юм. Энэхүү Майдар бурхны өмнө Гэгээнтэн Ховд нутгийн ард түмэнд бурхан шашны аврал хийгээд хүмүүн өөрийнхөө сэтгэлийн хэрхэн танин барих тухай айлдсан юм.

 

ОНЦГОЙ БҮХЭН ОТГОНТЭНГЭРИЙН АХУЙД БАЙВ 

 

Гэгээнтэн шавь нарын хамт Говь-Алтай аймгийн Бигэр сумын Бурхан буудай хайрхны тахилгыг ёсыг гүйцээгээд өөрийн төрсөн нутаг Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр хайрхандаа хүрсэн билээ. Газрын хол, замын бартаа, цагийн давчуу гурвыг үл харгалзан өдөр шөнийг үл ялган довтолгосон бидний аялал зургаа дахь өдөртөө 3800  орчим километр зам туулан, Отгонтэнгэр хайрхныхаа өвөр бэлд ирсэн юм. Төрсөн нутгийнх нь зон олон Гэгээнтнээ угтан авч, хүндэтгэхдээ гойд улс. Бас жаахан дэгсдүүлвэл жаахан эрх талдаа. Манайхаар орно шүү гэх хүн олон. Бүгдийг нь алагчлахгүй гэсэн гэгээнтний хүсэл өндөр. Долоо дахь өдрийн нар битүү байхад бүгд уул өөд өгсөж, төрийн тахилгат их хайрхнаа нутгийн ард түмэн болоод лам хуварга, шавь нарынхаа хамт тахилгын зан үйлийг үйлдэв. Тахилга эхлэхэд нар шарж байсан бол гэнэт л нар хүрээлээд л эхлэв. Тэгснээ бороо шивэрч, тахилга өндөрлөнгүүт цас болон шуурав. Их хайрхан бидэнд ингэж өөрийнхөө элдэв шидийг харуулж, өвөрт нь мэндэлж, өргөн түмний тусын тулд яваа Гэгээнтнээ хайрлан тэтгэж байгаа мэт санагдана. Үдшийн бүрийгээр Долоон бурхан одны тахилгыг Богдын голын эрэг дээр хийснээр бидний аяны жолоо маргаашийн мандах нарнаар Завхан аймгийг зорьсон билээ. Энэ удаагийн аян замд олон олон хүмүүс золгон учирч, буяны садан болон ханилан хатирч, ерөөл тавин зам салаалсаар хичнээн ч удаа зам нийлснээ тоолох аргагүй. Төр нийгмийн зүтгэлтнүүд, урлаг соёл, спортынхон, бизнесийн манлайлагчид, шавь сүсэгтнүүд гээд та бүгдийгээ нэр бүрчлэн дурьдах аргагүй билээ. Онцгойлон дурьдаагүйн учир бүгд онц сайн байсан болохоор дараагийн ном дагасан аялалдаа дахин зам нийлж, буяны садан болцгоох гэгээн ерөөл эрхэм та бүгдийнхээ өлмийд зулах минь энэхэн насны зол юм аа. Уул байвал залбирч, ус байвал сөгдөж туулсан талын бүсгүйн тэмдэглэл энд хүрээд жаргав аа...  

 

Б.Чулуунцэцэг

(МЗЭ-ийн шагналт яруу найрагч, сэтгүүлч)

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(66.181.160.26) 2020 оны 09 сарын 12

Сайхан нийтлэл, замын тэмдэглэл байна даа. Найрагч сэтгүүлч бүсгүйд онгод, бүтээлийн дээдийг хүсье.\n

1  |  0
Top