Их Богд хайрхан, Орог нуурыг нар зөв тойрсон тэмдэглэл-II

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 20

Баянхонгор аймгийн говийн сумдыг зорин сурвалжилсан "Их Богд хайрхан, Орог нуурыг нар зөв тойрсон тэмдэглэл-1" уншигч танд өмнө нь хүргэсэн билээ. Энэ удаа "Их Богд хайрхан, Орог нуурыг нар зөв тойрсон тэмдэглэл-II"-ийг хүргэж байна.


 

НҮЦГЭН ТАЛД СУУДАЛ ЗАССАН ЖИНСТ СУМААР

Монголын яруу найргийн нэгэн суу билгийг мөнхөлсөн Шинэ Жинст сумаас гараад давхихад хонин сүрэг цайран бэлчиж харагдах ч дөхөөд очихоор хонь биш дан цагаан ямаа тааралдах нь аргагүй нутгийн бренд сүрэг аж. Эндээс Хуучин Жинст рүү зам шуудрахад Их богд хайрханы яг ар бэлээр нэгэн өртөө шахам газрыг туулна. Он цагийн салхийг үл ажран суудал завилсан их хайрхан бараа сүрээ будан, мананд нуух цагаар сумын бараа харлаа. Намар оройн наран аль эрт хүрээгээ хумиж ахуй цагт нөмөрлөх өчүүхэн зүйл үл харагдах нүцгэн талын Жинстэд ирэв. Жавар хоргоох уул толгодгүй учраас цаснаас хамгаалсан хаалтыг салхин дээд талдаа барьсан харагдах нь “хатуу хаврын цагт л хэцүү дээ” гэсэн бодол өөрийн эрхгүй сэтгэл жиндүүлнэ. Олны нэрлэж заншиснаар Хуучин Жинст суманд аанай л бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Юуны өмнө бидний анх зочилсон Богд суманд баригдсан Соёлын ордны адил зургаар Соёлын ордон баригдаад дуусах шатандаа байгаа нь танил дотнохон харагдана. Би энд хөл тавиад л “Чухам яагаад Хуучин,  Шинэ гэж нэрлэсэн юм бэ” гэхэд хариулах хүн байгаагүй учраас Жинст сум 1924 онд байгуулагдаж Шинэ Жинст сумыг 1956 онд байгуулсан учраас ийнхүү “Хуучин, Шинэ”  хэмээн ялгах болжээ гэж бодохоос өөрцгүй. Гэхдээ нутгийнхны шүтээн болсон Жинст хайрханы ай сав нутагт хоёр Жинст сум багтдаг болохоор хайрханаараа овоглохыг чухалчилсан байхыг үгүйсгэхгүй.

Жинст сумын хувьд 2016 оноос хойш бүтээн байгуулалтын дуу таслаагүй цөөн сумдын нэг. Өнөөх л танил Соёлын төвөөс эхлээд 240 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн дотуур байрыг юу юугүй ашиглалтад өгөхөд бэлэн болжээ. Энэ үеэр сумын сургуулийн захирал Б.Бибиш  “Өнгөрөгч 2016 оноос өнөөдрийг харьцуулаад харахад манай сургуульд суралцах хүүхдийн тоо 25 хувиар нэмэгдсэн байгаа. Хүүхдийн суралцах орчинг сайжруулснаар зөвхөн сум орон нутагтаа ч бус Монгол Улсын боловсролд оруулж буй томоохон хувь нэмэр юм. Ийм таатай нөхцлийг бүрдүүлж өгсөн УИХ-ын дарга Г.Занданшатарт сумынхаа нийт иргэд, хүүхэд багачуудынхаа өмнөөс танай сониноор дамжуулан халуун талархал илэрхийлье” хэмээж байв. Эндээс баримт дэлгэн харвал Жинст суманд 2016-2019 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийтдээ 6.5 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт босгожээ. Говь талын нэг сууринд гэхэд чамгүй том хөрөнгө оруулалт мөн билээ.

Зөвхөн бүтээн байгуулалт босоод байгаагүй хөдөөгийн малчид иргэдэд эдийн засгийн үр өгөөжтэй төсөл хэрэгжүүлж байгааг дурдаж байсан. Тухайлбал, УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар хэрэгжиж буй арьс нэхийний үйлдвэрийн цехийг юуны өмнө дурдаж болно. Энэ бол том хөрөнгө оруулалт. Тиймээс тойргоос сонгогдсон гишүүний санал санаачилгад нэмэрлэж  “Сум хөгжүүлэх сан”-гаас 10 сая төгрөг гарган цехээ байр савтай болгосон нь Төрийнхөө түшээтэй сумын удирдлагууд гар нийлэн ажиллаж байгааг илтгэнэ. Өдгөө энэ цехэд гурван хүн ажиллаж байгаа гэхээр бага ч атугай ажлын байр нэмэгдүүлчихэж. Нүцгэн талын энэ сум 2198 хүн амтай ч сүүлийн үед хүн амын тоо өсөх хандлагатай гэдгийг Засаг даргын орлогч Б.Эрдэнэтогтох дуулгаж байсан. Хөдөө аж ахуйн нэгэн гол цөм болсон мал сүргийн хувьд 250 мянгын босго давж, мал сүргийн ихэнх нь нутагтаа өвөлжих бол 20 орчим мянга нь отрын бүсэд өвөлжинө гэж байв. Бидний дараагийн очих суурин бол Өлийт сум. 

 

УИХ-ЫН ДАРГЫН САНААЧИЛГА, ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ХӨГЖИЖ БУЙ ӨЛЗИЙТ СУМ

Олон сумын нутагт хоног төөрүүлсэн бидний нөхөд Баянхонгор аймгийн төвд “Морины амьсгаа даран” амасхийгээд  Түйн гол гатлан 20 орчим километр давхиад л Өлзийт сум орлоо. Аймгийн төвд ойрхон сумын хөгжил гэж юу байхав, хүн ам ч цөөн биз хэмээн тухлан бодохын завгүй Өлзийт суманд ирсэн нь энэ. Гэтэл УИХ-ын дарга Г.Занданшатарын дэмжлэгтэйгээр 100 хүүхдийн цэцэрлэг, 240 хүүхдийн сургууль, шинэ эмнэлэг ашиглалтад оруулахаар зэхжээ. Орчин үеийн тохилог барилга бариад Тамгын газраа оруулж, Баянхонгор, Арвайхээр чиглэлийн замын огцом эргэлтийг засах 4.4 километр замыг засварлан шинэчлэх ажлыг ч дуусчихаж. Ийнхүү биднийг угтан авсан Засаг дарга Д.Цэрэнсодномтой ярилцаж байх зуурт Өлзийт сум 4000 орчим хүнтэй, 1100 өрхтэй, сургуульдаа 570 хүүхэд суралцдаг хэмээв.

Энэ зуурт би “Танай сумыг аймагтаа ойрхон болохоор хүн ам цөөтэй, хөгжлөөр сайнгүй байх гэж бодлоо” хэмээвэл Засаг дарга “Манай сум хүн ам, мал сүргийнхээ тоогоор аймагтаа эхний гуравт ордог томоохон сумын нэг шүү. Бүр ч илүү хөгжих ажил эхлүүлж байна. УИХ-ын даргын дэмжлэг санаачилгаар “Иргэдийн оролцоотой сумаа шинэчлэе” төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Үүнд айл өрх бүрийг цэвэр бохир усны шугамд холбох, айлуудын хашаа гудамжийг нэгэн загварт оруулах, бохирын байгууламж барих томоохон төсөл хэрэгжих юм” хэмээн миний амыг таглав.

Үүнээс гадна УИХ-ын даргын дэмжлэгээр хонь хяргах машин, цахилгаан саалтуур зэргийг бий болгожээ. Арга ч үгүй тус сумын 1100 гаруй өрхийн 850 өрх нь малчид байдаг төдийгүй Монголын 13 дахь “Улсын аварга малчин” эмэгтэй энэ сумынх юм байна. Энэ суманд бусдаас ялгарах давуу тал гэвэл өрхийн аж ахуй, жижиг дунд бизнес ихэд хөгжсөн нь анзаарагдана. Хуучин Тамгын газрын байраа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн байр болгож, энэ сангаар дамжуулан 100 гаруй хүн зээл олгосон нь ихээхэн үр дүнтэй байгааг Засаг дарга дурдаж байлаа. Хамгийн наад зах нь өөрсдөд нь түүхий эд нь бэлэн байдаг ноосоор жилдээ 300 орчим эсгий хийдэг, тэр Эсгийний үйлдвэрт гурван өрхийн таван хүн ажилладаг бол Арьс нэхийний үйлдвэрт мөн өдий тооны хүн ажилладаг байна. Арьс нэхийний үйлдвэртээ хонины нэхий, ямааны арьс элдээд эцсийн бүтээгдэхүүн гаргадаг төдийгүй ирэх жилээс үхрийн шир элдэхээр бэлдэж байгаа аж. Өнөөдөр зах зээл дээр үнэ цэнээ алдсан хонины нэхийг элдээд 25-30 мянгаар борлуулдаг нь хамгийн эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүн болжээ. Үүнээс гадна аймгийн хүнсний ногооны чамгүй хувийг дангаараа хангадаг гэнэ. Тэр ч бүү хэл Японы цагаан сармис авчирч тарьсан нь маш сайн ургаж, өдгөө дээжийг нь шинжлүүлэхээр Япон руу явуулжээ. Ерөнхийдөө газар тариалангийн чиглэлд хүнсний ногоогоо тариад сурчихсан сум юм. Энэ нутгаас идэр багадаа гарч Сэлэнгэ аймагт ногооны аж ахуй эрхэлж байсан нөхөр сумандаа эргэн ирж хүлэмжийн аж ахуй эрхэлж байгаа нь хамгийн эрэлттэй зүйл аж.

Байгаль цаг уурын хувьд ч өөрийн гэсэн онцлогтой. Өлзийт сум хойд талаар уул ус, мод ургамалтай, буга, аргаль янгираас эхлээд ан амьтад элбэг байдаг бол урьд талдаа говь тал хосолсон үзэсгэлэнт нутагтай өвөрмөц сум юм. 

Энэ л байгаль цаг уурын онцлог, уул усны авшиг, энергиэ дагдагсан уу, алдар суугаа мандуулсан хүмүүс цөөнгүй төржээ. Бидний сайн мэдэх суут хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа, нэрт хэл шинжээч Ш.Лувсанвандан хоёр Өлзийтийн хөрс шороонд төрж өссөн хоёр. Үүгээр ч зогсохгүй энэ хоёр эрхэм Бага, Дунд Хашаатад төрсөн юм билээ. Нутгийн иргэд “Бага, Дунд Хашаатад эрдэмтэн мэргэдээс эхлээд Улсын аварга малчин олон төрсөн, өөрийн гэсэн авшигтай газар” хэмээн ярьж байсан. Өлзийт сумаас төрсөн алдартнуудын нэрийг жагсаана гэвэл дуусахгүй. Хөдөлмөрийн баатар Ц.Чимэд, спортоос Гавьяат тамирчин Н.Энхбат, Э.Цогтжаргал, урлагаас “Хурд” хамтлагийн гавьяатууд гээд олон байгаагаас харахад яах аргагүй уул усны авшиг, энэ нутгийн энерги гэж  байгааг харуулна. Ийнхүү намар өвлийн алтан зааг дундуур говь талын сумдын бүтээн байгуулалт, иргэдийн аж амьдралтай танилцаж явахад ажил үйлс нь өөдөө ард түмэн юм даа гэсэн бодол төрж байсныг нуух юун.

 

БАГИЙН СТАТУСТАЙ Ч СУМЫН ЭНТЭЙ ШАРГАЛЖУУТ

Магадгүй Баянхонгор аймгийг Шаргалжуутын рашаан сувиллаар төсөөлдөг хүн олон байхыг үгүйсгэхгүй. Олны хөлд дарагдсан Шаргалжуутын рашаан сувилал аймгийн төвөөс 45 километрт далайн түвшнээс дээш 2190 метр өндөрлөгт оршдог бол их Шаргалжуут 1945 метрийн өндөрт байдаг гэхээр аргагүй газрын өндөр, тэргүүнд байрлалтай, рашаан ус байж болох газар. Шаргалжуут нь хүн амаас эхлээд олон зүйлээр дундаж сумын төвөөс жин дарах ч аймгийн наймдугаар баг гэсэн статустай байдаг. Захын жишээ дурдахад, 240 хүүхдийн Бага сургуулийн барилга барьж байна. Энэ бол нэгэн бүтээн байгуулалт бөгөөд 2016 оноос Шаргалжуутад бүтээн байгуулалтын олон ажил хийгджээ. Баянхонгор аймгийн нэгэн нэрийн хуудас болсон энэ рашаан сувилал түшиглэсэн сууринг өнгөтэй өөдтэй болгох нь тус тойргоос сонгогдсон гишүүдийн нэгэн томоохон ажил, зорилго нь бололтой. Дашрамд дурдахад зөвхөн бидний бууж мордсон хэдэн сумд ч биш, Баянхонгор аймгийн хэмжээнд 2016-2019 он хүртэл олон бүтээн байгуулалтын ажил хийгдсэн. Сумдын барилга байгууламж 1970-1980 онд баригдсан учраас дусаал гоожихоос эхлээд нурах аюулд хүртэл орсон байгууламж олон болоод байжээ. Тиймээс сумдын амин сүнс болсон эмнэлэг, сургууль цэцэрлэг, Соёлын төвийн барилгуудыг бүгдийг нь шинээр барьсан нь яах аргагүй том хөрөнгө оруулалт юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Dhhugvb(202.55.188.46) 2019 оны 11 сарын 21

Хөгжиж дэвжээд сайхан сайхан

1  |  0
Top