ТЭМДЭГЛЭЛ: Урлагаа "ургуулсан" Хөх хот (II хэсэг)

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 02

БНХАУ болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Утга, урлагийнхны холбоо, Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, дууны яруу найраг зохиогчдын төлөөллүүд оролцсон хэлэлцүүлэг, чуулга уулзалтад оролцлоо. Уулзалт 2019 оны дөрөвдүгээр сарын 16-21-ны хооронд үргэлжлэв. 

Аян замын тэмдэглэлийн эхний хэсгийг ЭНД дарж уншина уу!


ШИНЭ САНАА БА ХЭРЭГЖҮҮЛЭХ ОЛОН АЖЛУУД

Хөтөлбөрийн дагуу хэлэлцүүлэг, уулзалтууд хөвөрсөөр. Нэг мэдэхэд өглөө, нэг мэдэхэд орой болчихсон байх нь ажлын нэг өдрөөс ялгаагүй. Энэ л өдрүүд бидний багт олон санаа, сэдвийг өгсөн гэж найдна. Дөрөвдүгээр сарын 17-ны өдөр бид Өвөр Өвөрмонголын утга, урлагийнхны холбооны төлөөлөгч нартай уулзалт хийсэн. Харин дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Хөх хотын үндэсний урлагийн дээд сургуульд зочлон, ширээний уулзалт дахин хийсэн юм. Хоёр орны урлагийн холбоо эртнээс эхэлснийг бид мэднэ. Хэлэлцүүлгээр хөндөгдсөн гол асуудлуудын нэг нь хувь уран бүтээлчдийн хамтрал энэ холбооны ихэнх хэсгийг эзэлж байсныг дурдсан юм. Хоёр орны соёл урлагийн газрууд хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар уран бүтээлч, уран бүтээлийн солилцоо явуулахад төрөөс бодитой дэмжлэг үзүүлэх, Засгийн газрын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд анхаарч ажиллахыг тогтсон нь үр дүнд хүрсэн шийдэл байсныг хоёр талын удирдлагууд онцолж байв.

-Монгол, Хятадын харилцааны соёлын дэд зөвлөл байгуулагдана-

 “2017 онд Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод болж байсан. Тус үйл ажиллагааны хүрээнд хоёр орны урлагийн хамтын ажиллагаа улам бэхжсэн. Энэ жил болох ээлжит экспод хамтран хэрэгжүүлэх томоохон төслүүдээс гадна урлагийн хөтөлбөрүүдийг хэлэлцэж Монгол Улсын Засгийн газар болон Соёл, урлагийн газар үйл ажиллагаандаа тусгах болно. Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын эрхлэх асуудлын хүрээнд театрын урлаг, хөгжмийн урлаг, кино урлаг, дүрслэх, дизайны урлагийн төрлүүд хамаардаг. Хоёр орны урлагийн холбоод олон жилийн хамтын ажиллагаатай. Энэ удаад ч мөн утга урлагийнхны холбоотой хэлэлцэж буй олон санал, хөтөлбөрийг ажил хэрэг болгох талаас нь ажиллах болно. Мөн дашрамд мэдэгдэхэд Монгол, Хятадын харилцааны соёлын дэд зөвлөл байгуулагдахаар яригдаж байна” хэмээн Соёл, урлагийн газрын дарга Г.Батхуяг ярьлаа.

 

-Хоёр орны уран бүтээлчид хамтарч дуурь тавина-

“Хоёр орны уран бүтээлчдийн туурвисан дуурийн цомнол, жүжгийн зохиол, хөгжмийн бүтээлүүдийг хамтарч тайзан дээр тавих нь туршлага солилцооны хамгийн үр дүнтэй арга юм. Мөн БНХАУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд жүжигчид болон симфони, найрал хөгжмийн хамтарсан багаар бүрэн хэмжээний дуурь тоглох асуудал дэмжигдсэн. Одоо цаг хугацааны хувьд тохиромжтой үеийг тодорхойлох зэрэг ажил дутуу байна. Хамтарч тавих уран бүтээлээр дамжуулан хоёрын орны уран бүтээлчид хамтарч ардын урлаг, тэр дундаа харилцаа дуулалт жүжгийг тогтмол тоглох хүсэлтэй байна” гэж Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын дарга Ц.Түвшинтөгс хэллээ.

 

-Өвөрмонголд драмын, дуулалт, хүүхдийн, хүүхэлдэйн жүжгийн бүтээлүүд хоцрогдоод байна-

“21-р зуун бол нүүдэлчдийн зуун гэж өдгөө дэлхийн улс орнууд тодорхойлоод буй. Тэр л нүүдэлчдийн өв соёл нь монголчуудад бий учир бид үндэсний урлагаараа дэлхий нийтийг татах цаг ойрхон ирчихээд байна. Хоёр орны хөгжим, жүжиг, дуу, дууны яруу найргийн урлаг ямар түвшинд байгааг бид бүгд мэднэ. Харин одоо Өвөрмонголын утга, урлагийнхны холбоо, Соёл, урлагийн газар, Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, Монголын зохиолчдын холбоо, Театр чуулгуудтай хамтарсан гэрээ байгуулж, үйл ажиллагаагаа илүү өргөжүүлж ажиллах нь зүйтэй болов уу. Өвөрмонголд хөгжим, дууны урлаг илүү хурдацтай хөгжиж байна. Харин драмын, дуулалт, хүүхдийн, хүүхэлдэйн жүжгийн бүтээлүүд орхигдоод байна хэмээн ажигласан. Монгол Улсад драмын урлаг өндөр түвшинд хөгжсөн учир хоёр улсын Засгийн газар хоорондын хамтарсан төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж ажиллавал уран бүтээлчид бид хүчээ нэгтгэхэд бэлэн байна” хэмээн хэл шинжлэлийн доктор, яруу найрагч Г.Нямлхагва ярилаа.

Монголын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын хэлтсийн дарга Г.Батхуяг болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Боловсролын хүрээлэнгийн захирал П.Лхагвасүрэн, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч Б.Бямбабаяр нар уулзалтаар хөндсөн сэдэв бүрийг онцолж тэмдэглэн, үр өгөөжтэй шинэлэг санаанууд олон гарсанд талархлалаа илэрхийлсэн юм.

Сонирхолтой баримт 3: Хөх хотын метроны буудал 2020 онд ашиглалтад орох ба мөн ирэх он гэхэд хурдны галт тэргээр Бээжин хот руу хоёрхон цагийн дотор зорчих боломж бүрдэж байгаа ажээ.

БОРООТОЙ ОРДОС

Төлөвлөгөөний дагуу манай багийнхан ӨМӨЗО-ны Ордос хотод очиж, хоёр хоногийг өнгөрөөх ёстой байлаа. Ордос хотод очсон эхний шөнө тасралтгүй бороо орж өнжив. Өглөө борооны дусал цонх нүдэн сэрээлээ. Ордос хот том, түүнийгээ дагаад амар тайван хот ажээ. Орчин үед Ордос хотыг хоёр хуваасан ба шинэ Ордос, хуучин Ордос гэнэ. Шинэ Ордосыг “сүнстэй хот” гэх нэршлээр нь ихэнх хүмүүс мэдэх байх. Шинэ Ордос бол бүтээн байгуулалтын хот. Тийм ч учраас цөөхөн оршин суугчидтай. Ихэнх иргэд нь хуучин ордост аж төрнө. Хуучин Ордост “хуучин” зүйлс зөндөө бол шинэ Ордост сүндэрлээд удаагүй барилга байгууламж, орон сууц ихтэй. 

Ордос хотын урлагийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцахаас гадна бидний хамгийн ихээр сэтгэл татан, хүлээж байсан зүйл бол “Чингис хааны онгон” музейд очиж үзэх явдал байв. Ордосоос 65 км зайд байрлах, 1956 оноос олон нийтэд чөлөөтэй үзүүлэх болсон “Чингис хааны онгон” музей нь 792 жилийн түүхтэй. Эзэн Чингис хааныг насан эцэслэснээс хойш түүний хамгийн сүүлд амьдарч, эдэлж хэрэглэж асан найман цагаан “цомцог ордон” буюу цагаан гэр, эмээл, нум сум, илд сэлэм зэргийг дархад хүмүүс хадгалан хамгаалж иржээ. Тийм ч учраас Чингис хааны ордны хамгаалагчид дархад хүмүүс байдаг. Ордонг хамгаалагч дархадууд өдгөө 40 дүгээр үетэйгээ золгож байгаа аж. Чингис хааны онгоныг тахин, хамгаалж байдаг хамгийн залуу дархад 40 настай. Найман цагаан цомцог ордонд нэг ирсэн л бол 3 жил дараалан заавал ирж мөргөх ёстой байдаг аж. Мөн Чингис хааны онгоны тахилга жил бүр болдог ба 2018 онд уг тахилгад оролцохоор 160 мянган хүн цугларсан бол энэ жил 200 мянган хүн оролцох төлөвлөгөөтэйгөөр бэлтгэлээ хангаж байгаа гэнэ.

Чингис хааны онгоныг тахихдаа бөө буулгадаг бөгөөд найман цагаан цомцог өргөөний хамгийн гол ордон буюу их эзний амьсгал хураасан дунд ордонд жилд нэг удаа дархад хүмүүс ордог байна. 792 жилийн турш Манж, Хятад, Япон зэрэг олон үндэстний дайралтыг эсэргүүцэж, Чингисийн онгоныг хамгаалсаар ирсэн дархад хүмүүс мөнхийн зулыг нэг ч удаа тасалдуулалгүй мандуулж ирснийг сонсоод гайхах, бахдах, баярлах сэтгэл зэрэг төрсөн юм. Гол үүрэг нь Чингисийн онгоныг тахин шүтэж, сэргээн хамгаалахыг гол үүргээ гэж итгэн үнэмшиж амьдарч ирсэн эдгээр дархад хүмүүс 1985 оныг хүртэл зөвхөн бадар хийж явахдаа олсон мөнгөөрөө амьдарч ирсэн байна. Харин 1985 оноос ӨМӨЗО-ы албан ёсны улсын албантан болжээ. “Чингис хааны онгон” музейг үзэн, эзэн хааныхаа сүүлд заларч асан цомцог ордонд сүсэглэн мөргөж, хүсэл зорилгоо даатган гарч ирсэн багийхан маань хэмжээлшгүй их сэтгэлийн амар амгаланг олсон шиг харагдана. Гадаа нартай, салхитай, бид бүгд хөнгөн баяртай байлаа. 

Ордосын эхний өдөр ингэж дууссан бол маргааш өглөө нь бас л бороотой угтав. Хувьтай хүн хур борооноор гэдэг дээ. Энэ удаа бид Ордосын театрт зочиллоо. Ордосын театр 48888 кв, метр талбайтай. Тус театр хоёр том тайзтай бөгөөд жүжиг, кино, концерт, хөгжмийн тоглолт зэргийг тавьж болно. Эхний танхим нь 1100-аад хүний суудалтай. Маш нүсэр, орчин үеийн загвар шийдэл бүхий сонгодог урлаг, драмын жүжиг тавих зориулалтын тайзтай тус танхимд орсон бид эрхгүй уулга алдав. Хамгийн сонирхолтой нь тус танхим морины туурайн хэлбэртэй. Энэ хэлбэр хөгжмийн дуугаралтыг илүү өндөр түвшинд сонсогдуулдаг гэнэ. Дараагийн танхим 700-гаад хүний суудалтай бүхий л төрлийн симфони найрал хөгжим болон хөгжмийн концертууд тоглогдох боломжтой. Дэлхийн стандартад нийцсэн хөгжмийн зэмсэг, тоноглол бүхий тус танхимыг хараад өөрийн эрхгүй атаархах сэтгэл төрснийг нуух юун.

Сонирхолтой баримт 4: Монгол төрийн бэлгэдэлд “Хараа ихт хар туг, Хашгираа ихт улаан бүрээ, Хүчин ихт хар хор, Төрийн их хэнгэрэг, Зангараг ихт алмаас илд, Чийрэг сайн алтан эмээл, Ээл ихт хүнд бүс, Өндөр талбарт сэнтий, Түшиг сайн өрлөгүүд” багтдаг.

ЦАГ ХУГАЦААНЫ УТСААР ДУРСАМЖ ХЭЛХСЭН ӨДРҮҮД

Урлаг хэзээд сайхан хүмүүсийг төрөн гаргадаг нь хаана ч ялгаагүй ижил. Энэ л урлагийн жинхэнэ мөн чанар мэт. Эдгээр өдрүүдэд Монголоос ирсэн бидний хөл гар болж, хамгийн чухал ажлыг хийж байсан хүн бол Насан гэх хүн. Насан гуай Өвөрмонголын “Одон” телевизэд насаараа ажиллажээ. Тэрбээр мөн яруу найрагч. Монгол хэлэндээ тун сайн, мэдлэг гүн гүнзгийн дээр орчуулга хийхдээ гарамгай. Уулзалт бүрт Насан ах л хамгийн зөв, оновчтой орчуулгыг хийж бидэнд хамгийн том тусыг хүргэж байсан юм. Насан ахын Д.Нацагдорж, Б.Явуухулан, Б.Лхагвасүрэн зэрэг найрагчдыг Монголын яруу найргийн үе, үеийн төлөөлөл гэдгийг Өвөрмонголын утга, урлагийнхны холбооны төлөөлөгчдөд тайлбарлаж байсан тэр мөч хамгийн тод дурсамж болон үлджээ. Тиймээс ч Насан гуайд талархаад баршгүй. Сайн сайхан хүмүүсийн гэрэл гэгээн дор амьдарнам.

БНХАУ-ын Хөх хотоор зочилсон долоон хоног амьдралд үл мартагдах хүмүүс, агшин хормуудыг харамгүй өгчээ. Хил, хэл хамаарахгүй хоорондоо ойлголцож, халуун дулааныг бий болгож, урлагийнхаа төлөө, улс орны хөгжлийн төлөө санал бодлоо солилцож байгаа үйл ажиллагаанууд болж байгаа нь талархууштай, сайхан хэрэг. ӨМӨЗО-ы утга, урлагийнхны холбооны зохион байгуулсан эл уулзалт хоёр орны урлагийн салбарт удахгүй үр өгөөжөө өгч эхлэх биз ээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top