Их Богд хайрхан, Орог нуурыг нар зөв тойрсон тэмдэглэл-1

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 19

Аливаа зах хязгаарын сум гэж мартагдсан суурин байдгийг гадарлах учраас хэдэн жилийн өмнөх энэ л төсөөлөлтэйгөөр Баянхонгор аймгийн говийн сумдыг зорилоо. Тус аймгаас өмнө зүгт, Өмнөговь аймагтай хиллэн орших хамгийн захын сум бол Шинэ Жинст.  Өдгөөгөөс 60 гаруй жилийн өмнө говь талын жижигхэн суурин  байгуулагдаад удаагүй байхад Хөдөлмөрийн баатар, нэрт яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж “Сэгс цагаан богд” найраглалаараа  монголчуудын танил болгосон гэдэг. Гэхдээ бидний зорин очих эхний суурин Богд сум учраас Шинэ Жинстийг түр хойш тавьж, хөглөгөр Алтайн ноён оргил Их Богд хайрханыг нар зөв тойрсон тэмдэглэлээс хүргэе.

ТҮЙН ГОЛЫН ЭРЭГ ДЭЭРХ БОГД СУМАНД НЭГ Ч ЛИЦЕНЗ БАЙХГҮЙ

Бидний хэдэн нөхөд Улаанбаатараас шөнө хугаслан аяны дөрөө авч, намрын сүүл сар, гүн шөнийн харанхуйг гэрлээр сүвлэн давхисаар Өвөрхангай аймгийн төв өнгөрөхөд намраараа дуг хийж байсан шөнө аашаа хувирган, цасан шуурга харц ороолгон угтлаа. Зам харагдахгүй шуурч байгаа учраас гэгээ үзэхээр амсхийж, үүрийн цагаан туяанаас шаргал гэгээнд шилжих мөчид цасан шуурга ч ор мөргүй болсноор цааш аяны жолоо сунгав. Тэнгэрийн араншинд сөгдөж амьдардаг нь хүний орчлонгийн хууль хойно доо.

Ингээд Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумын нутгаас баруун өмнө зүгт говь талын цагаан замаар тоос татуулсаар Богд сумын төвд хүчит техникийн дуу амасхийлгэв. Богд сум нь Улаанбаатараас 700 гаруй километр, аймгийн төвөөсөө 130 километрт оршдог байгаль цаг уурын өөрийн өвөрмөц онцлогтой нутаг. Богд суманд Монгол Улсад анх удаа аймгийн хэмжээний стандарт бүхий хоёр давхар Соёлын ордны  нээлт болно. Үүнд тойргоос сонгогдсон гишүүн, УИХ-ын дарга Г.Занданшатар, аймгийн Засаг дарга  Г.Батжаргал болон холбогдох албаны хүмүүс ирэх учиртай. Ийнхүү бид шөнө хугаслан шуурга сөрсөн  шалтгаан гэвэл ганцхан Богд бус говь талын сумдын бүтээн байгуулалт, иргэдийн аж байдалтай танилцах байлаа. Бид гэдэг нь “Өглөөний сонин”, “ТҮ 8”, телевиз, “Зиндаа” сэтгүүл, “Зиндаа.мн” сайтын төлөөллүүд зах хязгаарын сумдын үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн олон суваг сүлжээгээр түмэнд түгээхээр зорьсон гэдгийг дуулгах нь зүйн хэрэг байх.  

Хөглөгөр их Алтайн уулсын салбар Их Богд хайрхнаа бараачлан оршиж, ар хормойгоор нь Түйн гол урссан Богд сум бол товхийсэн сум гэдэг нь юу юунаас харагдана. “Өөдлөх айлын өнгө үүднээсээ” ч гэдэг. Энэ сумын бүтээн байгуулалт, хүн зоны аж амьдрал нь “мартагдсан суурин” гэх төсөөллийг сэтгэлээс нэг мөр авч хаялаа. Түйн голын эрэг хөвөөнөө хөл тавиад анх хөөрөг зөрүүлсэн хүн бол тус сумын иргэн Ц.Энхбат гэх ахимаг насны эр. Түүний аав н.Цэвээнжанцан нь өдгөө шинээр үүдээ нээгээд буй Соёлын ордныг Улаан булан байхаас нь морин хуур тоглохоос эхлээд урлаг соёлын бүхий л ажлыг амжуулдаг “Ард түмний гавьяат” нэгэн байжээ. Харин Ц.Энхбат өөрөө Соёлын төвд арваад жил кино механикчаар ажилласан гэнэ. Тэрбээр “Манай сумын араар урсаж байгаа Түйн гол бол угтаа Хүйн гол юм. Энэ гол цутгаж байгаа Орог нуурыг бол Ураг нуур гэдэг юм. Бид буруу хэлээд сурчихсан” хэмээн хуучлав. Бид олон зүйлийг эх сурвалжаас нь ташаа авч хэрэглээд дадчихсан тал байдгийг ч санаж суулаа. Хангай нуруунаас эх аван урсах Түйн гол нь Хүйн гол байгаад Орог бус Ураг нуурт 243 километр хатираад цутгадаг гэвэл илүү утгатай ч сонсогдож магад. Энэ үеэр тус сумын Засаг дарга Н.Эрдэнэболдтой нутаг орны сонин хачин дэлгэлээ. Сумдын хүн ам өдрөөс өдөрт цөөрч байгаа энэ үед тус сумын хүн амын суурьшил тогтвортой байдаг гэж байгаагаас үзвэл сумандаа ая тухтай амьдралыг бүрдүүлэн ажилладаг бололтой. Богдынхон төвлөрсөн дулааны шугам сүлжээтэйгээс гадна нийт айл өрхийн 40 орчим хувь нь төвлөрсөн дулаанд холбогдсон, одоо бохирын шугам холбох ажлыг хийхээр судалж байгаа гэнэ. Үүнээс гадна талх нарийн боовоор сум орон нутаг өөрийгөө хангадаг гээд юу эсийг сонирхох билээ.

Сүүлээ мушгин буй 2019 онд богдчууд шинэ цэцэрлэг ашиглалтад оруулж, сургуулийнхаа дээврийг засаад, Түйн голынхоо дээгүүр гүүр барихаар он дамжсан төсөвтэй ажиллаж байгааг ч олж мэдэв. Угтан буй 2020 онд ч чамгүй бүтээн байгуулалт өрнөхөөс 160 хүүхдийн Дотуур байр, япончуудын хөрөнгө оруулалтаар шинэ сургууль барих шийдвэр гарчээ. Ингэхдээ тойргоосоо сонгогдсон гишүүн, УИХ-ын дарга Г.Занданшатартай зөвшилцөж, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд нэмэлтээр хэлэлцэж, гурван тэрбум 300 орчим сая төгрөгөөр гурван давхар сургууль барихаар төлөвлөж байгаагаа Засаг дарга дуулгана лээ. Ийм нөхцөлд ажиллаж амьдарч байгаа хүмүүс хот суурин руу нүүнэ гэж байхгүй юм байна гэсэн бардамхан бодол төрж суулаа. Нээлтийн үеэр ч УИХ-ын дарга Г.Занданшатар  “Улс орны эдийн засаг сайн байгаагүй ч аль болох эдийн засгаа өөд нь татах, суманд бүтээн байгуулалт босгох тал дээр анхаарч ажилласан. Өнгөрөгч 2019 оны төсвийн алдагдал багасч, бүтээн байгуулалт дүүрэн өрнөсөн жил байлаа. Өнгөрөгч 2018, 2019 онд бүх л суманд ажлын зэвсэг хангинаж, хүчит техникийн дуу нүргэлж бүтээн байгуулалт өрнөсөн” хэмээн онцоллоо.

Говь талын сум гэхэд Алтай уулсын салбар, ай саваа дагаад хангай нутгийг ч санагдуулах байгалийн өвөрмөц тогтоцоос гадна Жаранбогд уулын оройд орших зөрсөн хос загасны дүрс бүхий хөшөөтэй хиргисүүр, Пунцагийн овооны бунхан, Дуут, Ханх, Хангинахын хадны бичиг, сүг зураг, Битүүтийн гэр хадны агуй зэрэг өвөрмөц сонин түүх соёлын дурсгалт газрууд нь судлаачид, жуулчдын сонирхлыг татсаар байна. Сум орон нутгийн хүн ам жилээс жилд цөөрсөн гэх мэдээлэл сонсож байснаас хүн ам өссөн тухай дуулж явсангүй. Харин Богдоос гадна Баянговь, Шинэ Жинст, Хуучин Жинст гээд суманд хүн амын тоо өсч сургуульд суралцах хүүхдийн тоо нэмэгдсэн гэх мэдээллийг сонсоод олзуурхаж, бас эхний бодол төсөөллөөсөө баахан төвөгшөөж явснаа нуух юун. Тус сум нь 3200 хүн амтай, уул уурхайн чиглэлд нэг ч лиценз оруулаагүй нь бас нэг бусдаас ялгарах онцлог байв.

 

МОНГОЛ УЛСЫН ЖИШИГ СУМ БАЯНЛИГ “ШИНЭ СУМ” ХЭВЭЭРЭЭ БАЙНА

Бид намар оройн туниа муутай нарыг бараачлан Баянлиг сумын зүг аяны дөрөө авлаа. Баянлиг сум бол Их Богд, тэр тусмаа Зүүн Богд хайрханы өвөр бэлд орших говь талын сум бөгөөд Улаанбаатараас 870, аймгийн төвөөс 240 километр зайд оршдог гэхээр аргагүй алслагдмал сум. Энэ сум бол Монгол Улсын хамгийн олон тэмээтэй, гавьяат малчин Ц.Шинэнгийн нутаг гэхээр илүү ойр ч санагдаж магад. Заг, бударгана зээглэн орших говьд юу элбэг харагдана, тэмээ. Намрын өнгөө хараахан гүйцэд солиогүй говьд ноос үс нь гүйцсэн хүрэн хонгор тэмээдийг харахаар нэрт зохиолч П.Пүрэвсүрэнгийн шүлгэнд хөгжмийн зохиолч Ч.Сангидорж аялгууг нь тааруулж, дуучин Д.Отгонжаргалын дуулсан “Миний ээж тэмээчин” дууны хөг дан цээжний алсад гунганана. “Дуу гурван жигүүртэй” гэдэг, энэ гурван уран бүтээлч гурвуулаа Хонгор нутгийнх гэхээр яавч эгэл бус уран бүтээл, уран бүтээлчид аж. Ийм нутагт төрсөн уран бүтээлчдээс л энэ зэргийн шаанстай бүтээл төрөх биз ээ хэмээн цээжин чанад гунганах ая эгшигт нурж явлаа.

Ерөөсөө нэгэн дууны тухай бодож дуусаагүй шахам сумын хилийн зааг дээр ирээд зүүн тийш хараалахад Хатан суудал уул талд онцгойрон тэмүүлж тогтсон нь өвөрмөц харагдана. Баруун тийш бол Их, Бага, Баруун, Зүүн Богдын ай сав, түүний салбар уулсын хөглөрсөн төрхийг харж болно. Ийнхүү цас борооноос эхлээд саад багатай цагаан замаар давхиад Баянлиг сумын төвд аяны дөрөө амасхийлгэлээ. Өдгөөгөөс таван жилийн өмнө “Шинэ сум” төслийн хүрээнд иж бүрэн цогцолбор сум хүлээлгэн өгч байв. Сумын дарга нар Баянхонгор аймгийн төвд болж байгаа “Сайн малчдын зөвлөгөөн”-д оролцохоор явсан тул байхгүйгээс гадна амралтын өдөр учраас сумын төв эл хульхан. Харин эмнэлгийн үүд орчим эрх биш энэ суманд хүн амьдарч байгаа шүү гэх мэт хөл хөдөлгөөнтэй. Бид энэ суманд удах, саатах шалтгаан тийм ч их биш.

Учир нь “Шинэ сум” төсөл хэрэгжээд удаагүй учраас энэ суманд улсын болон Орон нутгийн хөгжлийн сангаар олон бүтээн байгуулалт хийгдээгүй аж. Одоогоор хийх шаардлага ч алга. Харин биднийг үүдээ дэлгэн угтсан айл бол Баянлиг сумын ахмадууд. Тэд шинэхэн барьсан Ахмадынхаа өргөөний үүдийг дэлгэн угтаж, ажил байдлаа танилцууллаа. “Шинэ сум” цогцолбортойгоо айлссан Ахмадын өргөөг энэ онд барьж, ахмадууд өөрийн гэсэн орох оронтой болсондоо баярлаж байгааг үг үйлдэл бүрээс нь харж болно.

Биднийг ахмадын өргөөнд угтан авсан Н.Бодьгэрэл гуай идэр залуудаа багшаар ажиллаж, өдгөө ч ахмадуудаа төдийгүй залуучуудаа хошуулчлан ажилладаг нэгэн аж. Тэд Ахмадынхаа өргөөг босгох гэж чамгүй ажил өрнүүлж, хандиваар 15 сая төгрөг босгож, Сум хөгжүүлэх сангаас 25 сая төгрөг гаргуулснаар өргөөгөө босгожээ. Ахмадын өргөөний самбар дээр хандив өргөсөн иргэдийн нэрсийг жагсаажээ. Хамгийн эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар нэг сая төгрөг хэмээн дурайлгасан нь харагдаж байгаа бол олон тэмээтэй Ц.Шинэнгийн нэр хүртэл дурайна. Хэд хэдэн хуудас нэр шивэж зоосноос харвал энэ өргөөг босгоход Төрийн эрх барих хамгийн дээд байгууллагын даргаасаа эхлээд олон хүний сэтгэл өглөг шингэжээ гэж харж болохоор. Энд саатах шалтгаан бага учраас үд дундын наран тойрог дундуур говийн дов сондуул сүлжин Баянговь сумыг зорилоо.

 

БОГД ХАЙРХАНД ОЙРТУУЛСАН БАЯНГОВЬД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЧИМЭЭ НАМДААГҮЙ

Богд сум орохоос өмнө манан дунд дүрээ бүрэн харуулахгүй байсан Их Богд хайрхан Баянговь сумаас тодорхой харагдана. Ууланд ассан янгир ч атугай харж болохоор тийм ойр оршдог сум бол Баянговь аж. Сумдын дарга нар бүгд л аймгийнхаа төвийг зорьсон ахуй цагт сумаа сахиж үлдсэн ганц Засаг дарга нь Баянговь сумын “эзэн” Б.Эрдэнэбилэг байв. Тэрбээр “Суманд ажил их байгаад аймаг руу орлогчоо явуулсан” хэмээн биднийг угтсан. Дөчөөдхөн километр давхиад сумын төвийн зүүн талаас орж ирж ирэхэд цоо шинэ цэцэрлэгийн барилга шингэх наран доогуур нүд гялбуулж, үүний зэргэлдээ баригдаж буй хоёр давхар барилга гээд бүтээн байгуулалт өрнөж байгаа нь илт. Тус сум нь яг Их Богд уулынхаа өвөр нөмөрт оршдогоороо онцлогтой. Монгол Улсад болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт энэ ай сав нутагт болсон гэдэг.

Богдын нурууд ба Бахар уулын ар, өвөр бэл, ёроолыг дагаж зүүн өмнөөс баруун хойш үргэлжилсэн ан цавууд үүсч тогтсон байдгийг нутгийнхан ч ярьдаг, эрдэмтэн мэргэд ч ярьдаг. Эдгээр ан цав нь уртаараа 130 километр орчим газрыг хамарсан бөгөөд уулын оргил хоёр хуваагдаж, 400 метр орчим өндөр орой тасран ганга руу унасан гэдэг билээ. Үүний ул мөрийг ч Баянговь сумаас харж болно. Б.Эрдэнэбилэг дарга 2004 онд тус сумын Засаг даргаар ажиллаж байгаад дахин 2016 онд Засаг даргаар сонгогдон ажиллаж байгаа нутгийн унаган хүүхэд аж. Тиймээс 2016 оноос тойргоос сонгогдсон гишүүн, УИХ-ын дарга Г.Занданшатар, мөн тойргоос нь сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн Засаг дарга Г.Батжаргал нартай нэг баг болон ажиллаж орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг шийдэж байгаагаа дуулгаж байв. 2016 оноос Улсын төсөв, Орон нутгийн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийн хүрээнд гээд олон ажлыг амжуулснаа ам дүүрэн ярьж байв. Тухайлбал, Цаг уурын шинэ барилга, Цэргийн ангийн Халуун усыг сэргээх, Улсын төсвийн хөрөнгөөр 75 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад өгч Засаг даргын тамгын газрын барилга ашиглалтад өгөх гэж байгаагаа дуулгасан. Сумын иргэдийн эдийн засгийн ганц түшиг тулгуур мал аж ахуйн салбартаа анхаарал хандуулж байгааг мөн дуулгаж байсан. Энэ сумын нэг онцлог гэвэл Холбооны цэргийн ангитай. Уг Цэргийн анги нь хугацаат цэргийн албан хаагчтай байсан бол өдгөө зөвхөн мэргэжлийн офицеруудаас бүрдсэн анги болжээ. Барилга байгууламж нь хуучирч муудсан учраас УИХ-ын дарга өнгөрөгч хавар ирэхдээ зарим нэг асуудлыг шийдвэрлэж өгөөд зогсохгүй есөн айлын орон сууц барьж өгөхөөр болсон гэдгийг дуулгаж байв.

 

“СЭГС ЦАГААН БОГД” НАЙРАГЛАЛ ТӨРСӨН ШИНЭ ЖИНСТЭД СЭРҮҮ УНАЖЭЭ

Өдгөөгөөс 50 жилийн өмнө нэрт яруу найрагч, Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдорж, Төрийн шагналт яруу найрагч Долгорын Нямаа нар Сэгс цагаан богд хайрханы ай сав газарт аяны дөрөө чилээхдээ алдарт “Сэгс цагаан богд” найраглалаа төрүүлсэн. Алдарт найраглалын гол баатар бол тэмээчин бүсгүй Н.Сүхбат, Төрийн шагналт найрагч Д.Нямаа юм. “Сэгс цагаан богд” найраглал төрж байхад Шинэ Жинст сум байгуулагдаад гуравхан жил болж байв. Тэгэхээр нэрт найрагчийн энэ бүтээл тус сумыг монголчуудад таниулахад чамгүй үүрэг гүйцэтгэжээ. Тэр тусмаа “Н.Сүхбат нь сум орон нутгаа таниулан сурталчилахад онцгой үүрэг гүйцэтгэсэн тул Алтангадас одонгоор шагнав” гэсэн гарын үсэг бүхий шагналын үнэмлэх байдгийг нутгийнхан ярьсан. Сэгс цагаан богд бүү хэл энүүхэн жижигхэн Сөгнөгөрийн гол нь дуунд мөнхөрснөөр монголчуудын танил болж байсан гэхээр яруу найраг, урлаг өөрөө аугаа зүйл. “Сөгнөгөрийн гол” дуу төрөөгүй бол монголчууд даяараа мэдэхгүй биз ээ.

Тэгвэл намрын дунд сард алдарт найраглалд зориулсан хөшөөг УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилга дэмжлэгээр босгож, яруу найргийн үдэшлэг, “Сэгс цагаан богд найраглалыг хэн сайн унших вэ” уралдаан, тэмээчин Н.Сүхбатын ивээл дор тэмээний уралдаан болж гээд хөлтэйхөн өдрүүдийн цуурай биднийг очиход ч намдаагүй байлаа. Уг арга хэмжээг “Д.Пүрэвдорж” сангаас зохион байгуулж, нэрт найрагчийн шавь Төрийн шагналт зохиолч Дамбын Төрбат, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Норовын Гантулга нар болон найрагчийн төрөл төрөгсөд түүчээлэн зохион байгуулжээ. “Сэгс цагаан богд” найраглал бол Шинэ Жинст сумын нэгэн бахархал, нэрийн хуудас учраас УИХ-ын дарга дэмжиж энэ ажлыг зохион байгуулсан хэмээн нутгийн иргэд бахархан ярьж байлаа.

Залаа Жинст хайрхнынхаа ар бэлд алаглах тус сумын нэгэн бренд, нэрийн хуудас бол “Залаа жинст” хэмээх цагаан ямаа, түүний нарийн ширхэгтэй ноолуур. Монгол Улсад төдийгүй дэлхийд нэрд гарч буй тус сумын бренд бүтээгдэхүүн. Өдгөө тус сум нь нийт 203 мянган толгой малтайгаас 155 мянга нь цагаан ямаа юм билээ. Хавар ноолуурын цагаар “Говь” компаниас тусгай баг гарч ирдэг төдийгүй Франц, Италиас ихээхэн сонирхож байгааг сумын Засаг даргын орлогч дурдаж байсан. Шинэ Жинст сумыг байгуулагдахаас өмнө, бүр нэгдэлжихээс өмнө 1000 цагаан ямаатай айл байсан гэдгийг нутгийн ахмадууд хуучилсан гэхээр энэ үүлдэр нь эртнээсээ байсан бололтой. 

Шинэ Жинстэд Цагаан хаалганы рашаан, долоон өнгөөр солонгорох Ногоон цавын хоолой, Эхийн гол гээд Цагаан богд хайрхныг тойр­сон байгалийн үзэсгэлэнг дурдаад барахгүй. Говийн тоорой гэдэг зүйл энэ нутагт л жинхэнэ утгаараа байдаг бөгөөд хамгийн том тооройг таван эрэгтэй хүн гараа алдлан бүслүүрдээд хүрдэггүй аж. Үүнээс гадна дэлхийд ховордсон ан амьтан, мод ургамал бий. Тухайлбал, мазаалай хэмээх ховор амьтан энэ нутагт байдгаас 2017 онд тоолоход 32 толгой байсан нь өдгөө өссөн байж таарна. Өнөөх л хавтгай, аргаль янгир гээд бүгд л энэ нутагт бий.

Энэ суманд ч бусдын адил бүтээн байгуулалтын дуу таслаагүй. Үүнээс гадна бичил бизнес хөгжиж байгаа нутаг учраас талх нарийн боовоо өөрсдөө хангадаг, гаднаас авдаггүй аж. Урагшаа Шивээ хүрэнгийн боомтоор наймаа арилжаа хийж, БНХАУ-д намартаа болдог “Тооройн баяр” үзэсгэлэнд цагаан идээгээ их хэмжээгээр борлуулдаг нь малчдын хэтэвчийг зузаалах нэгэн том том арга хэмжээ гэнэ. Иргэдтэй уулзаж байхад “Манай тойргоос сонгогдсон УИХ-ын дарга Г.Занданшатар” хэмээн байн байн дурдаж байгаа нь төрд байгаа төлөөлөлдөө чамгүй хүндэтгэлтэй ханддаг бололтой. Их найрагч маань

“Сэгс цагаан богд ууланд

Сэрүү унах болоогүй юм уу

Цэлгэр говь минь нараа дэлгээд

Цэнхэр хадаг шиг намиатан байна” хэмээн өдгөөгөөс нэгэн жарны өмнө дуун алдаж байсан бол биднийг зорчих үед Шинэ Жинст сум, Сэгс цагаан богдод хэдийнээ сэрүүн унасан байв.

Үргэлжлэл бий...

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сарнайгэрэл(202.55.188.41) 2019 оны 11 сарын 19

Уншууртай сайхан бичсэн байна нутаг минь

0  |  0
Top