Төрийн шагналт “Баян Монгол” чуулга Улсын филармонийн 49 дэх нээлтийн үзвэрээ “Ганган дагшаа” концертоор эхлүүлэх гэж байна.
Шинэ уран бүтээлийн концерт 2020 оны есдүгээр сарын 26-нд 18:00 цагаас улсын филармонд нээлтээ хийнэ.
Нээлтэд “Баян Монгол” чуулга 50 жилийн ойн хүрээнд гаргасан монгол уран бүтээлийн цомгоосоо шилмэл бүтээлүүдийг түүвэрлэн тоглох юм байна.
“Баянмонгол чуулгын сонгодог гэж хэлж болохоор дуунууд, монгол ардын дуу,60-70-аад оны нийтийн дуунуудыг жазз хэлбэрт оруулж жазз хөгжмийн дуугаралт, техникээр та бүхэндээ хүргэх болно. Энэ нь жазз хөгжмийг нийгэмд таниулж, шинэ мэдрэмжийг өгнө гэж бодож байна” гэж Монгол Улсын филармонийн “Баян Монгол” чуулгын удирдаач С.Саруулт-Од хэлсэн юм.
Үзвэрийн жилийн нээлт гэдэг тухайн жилийнхээ нүүр царай болсон тоглолт болдог. Өмнө нь нээлтийг гурван оркестр хамтарч хийдэг байсан бол сүүлийн жилүүдэд өөр өөр өнгө аясаар тоглолтоо хүргэдэг болсон.
Энэ жилийн нээлтийн тоглолтын онцлогийн талаар тодруулахад “Баянмонгол чуулга орчин үеийн хөгжмийн зэмсгээр монгол хөгжимчдийн чадварын энэ түүхэн хугацаанд харуулж чадсан. Энэ жилийн филармонийн нээлт баянмонгол чуулгаар эхэлж байна. Нээлтийн онцлог нь монгол ардын уртын дууны дуучид, зохиолын дуучид, сонгодог дууны дуучид маань өөр өөрсдийн дуугаа баянмонгол чуулгын хөгжимчидтэй хамтран ардын үзвэрээ толилуулна. Дуулахдаа уртын дууны дуучин орчин үеийн хөгжмийн зэмсэг дээр дуулагдахаараа онцлогтой” гэж Монгол Улсын филармонийн ерөнхий найруулагч С.Сүхбаатар хэллээ.
Тоглолтод улсын филармонийн гоцлол дуучин Б.Мөнхбаатар, Б.Дэлгэрбаяр, Н.Наагий, Ц.Хулан, Л.Насанбуян нар болон дуучин С.Сэрчмаа, Б.Солонго, Бүжин нар оролцох юм байна.
Э.Нандинцэцэг
Сэтгэгдэл ( 0 )