Зохиолч Н.Эрдэнэбаяр: Хүүхдэдээ аливаа зүйлийн үнэ цэнийг мэдрүүлэх нь санхүүгийн суурь мэдлэг болдог

Админ | Zindaa.mn
2020 оны 09 сарын 30

“Нүүдлийн зурган өгүүлэмж” сангийн тэргүүн, хүүхдийн номын зураач, зохиолч Н.Эрдэнэбаяртай ярилцлаа.


-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Бумбардай” номын зохиолч гэдгээрээ та олонд илүү танигдсан. Тэгэхээр хүүхдэд зориулсан контентийн агуулгын тухай яриагаа эхлүүлье.

-Монголчууд эцэг өвгөдөөс уламжилж ирсэн өвөрмөц өв соёл, зан заншил, өөрсдийн гэсэн онцлог түүхтэй ард түмэн. Тиймдээ ч хүүхдэд зориулсан контент бүтээлийн агуулгад монгол ахуй, уламжлалт өв соёлынхоо тухай түлхүү шингээхийг хүсдэг. Ингэснээр бидний ирээдүй монгол хүн хэмээх үнэ цэнээрээ бахархаж, ондоошил гэдэг зүйлийг ойлгох юм. Хамгийн түрүүнд өөрсдийн өв соёлыг таньж мэдэх нь чухал шүү дээ. Тэгээд мэдээж хүүхдэд ямар өнцгөөс нь хүргэх вэ, яавал тэдэнд сонирхолтой байх вэ, хүүхдийн нүдийг хэрхэн ядраахгүй байх вэ зэрэг маш олон зүйлийг тооцоолдог.

Үүний тулд магадгүй нэгдсэн бодлогын хүрээнд ажиллах нь чухал байх.

-Ер нь чанартай контентоор дамжуулж, хүүхдэд хэрхэн боловсрол олгох вэ?

-Хүүхдэд ямар нэг зүйлийг ойлгуулахдаа хүчээр хандаж болохгүй. Тэдэнд хүрэх “хэл” нь хүүхдэд зориулсан контент юм л даа. Тэд аливаа зугаатай зүйлсийг сонирхож, өөрөө түүндээ дурлаж байж ойлгодог. Тэгэхээр яг л тийм замаар дамжуулж тэднийг зөв хүн болгон төлөвшүүлж болох юм.

-Тэгвэл таны бодлоор хүүхдэд санхүүгийн боловсрол олгохдоо эцэг эхчүүд юун дээр анхаарах хэрэгтэй вэ?

-Манай эцэг эхчүүд хүүхдийнхээ боловсролд их анхаардаг. Гэтэл сургуулийн орчинд хүүхдэд санхүүгийн суурь мэдлэг олгох, санхүүгийн боловсрол олгох тал дээр бага зэрэг дутагдалтай санагддаг. Эцэг, эхчүүдийн зүгээс зөвхөн сургуулийн орчинд сурч боловсорно гэж хүлээлгүй, өөрсдөө алхам тутамдаа хүүхдээ санхүүгийн мэдлэгт сургах боломжтой. Үүнтэй холбоотой зарим байгууллага ч энэ чиглэлд ажиллаад эхэлж. Саяхан л гэхэд ХААН Банкнаас хүүхдэд зориулсан TEEN карт гаргасан байсан. Ер нь төрөл бүрийн арга хэрэгсэл ашиглаад эцэг эхчүүд хүүхдийнхээ санхүүгийн мэдлэгт өөрсдөө анхаарах хэрэгтэй. Энэ нь зөвхөн санхүүгийн боловсрол гэлтгүй хүүхдийн хүмүүжилд чухал ач холбогдолтой.

-Таны хувьд хүүхдийнхээ санхүүгийн боловсролд хэрхэн анхаардаг вэ?

-Хамгийн түрүүнд, хүүхдийнхээ тоо бодох дадалд их анхаардаг. Дэлгүүрээс юм худалдаж авахдаа үнийн дүнг нь тооцуулах зэргээр алхам тутамд нь л тоо бодуулдаг. Хүүтэйгээ хамт, гэртээ тоглоом тоглохдоо ч тоо бодохыг хичээдэг.

Хоёрдугаарт, хамтдаа мөнгөний гахайнд мөнгөө хадгалдаг. Цуглуулж, хуримтлуулж байгаад банкны хадгаламжийн дансандаа хийх, эсвэл дуртай зүйлийг нь худалдаж авах зэргээр хамтдаа ярилцаж байгаад шийддэг. Ингэхдээ бас л тоогоо бодно шүү дээ. /Инээв./

Бас нэг чухал зүйл бол хүүхдэд аливаа зүйлийн үнэ цэнийг нь ойлгуулж, мэдрүүлэх юм. Хүүхэд өөрийнхөө хэрэглэж байгаа зүйлсийг ямар үнэ цэнэтэй болохыг ойлгосноор санхүүгийн суурь мэдлэгтэй болдог. Жишээ нь, миний хүүгийн энэ тоглож байгаа тоглоомыг аав, ээж хоёр нь ажиллаж олсон мөнгөөрөө авч өгсөн юм гэдэг ч юм уу. Энгийн мэт боловч хүүхдэд өөрийн эд зүйлсдээ ариг гамтай хандах зэргээр санхүүгийн мэдлэгт бага багаар суралцаж байдаг юм.

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.

 

Top