Нийслэлийн алслагдсан хороодын нэг болох Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Засаг дарга Д.Энхтүвшинтэй тус хорооны иргэдийн амьдрал, тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа.
-Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Засаг даргаар та хэдий хугацаанд ажиллаж байна? Ямар чиглэлд илүү анхаарч ажилласан бэ?
-Би 2013 оноос хойш энэ хорооны Засаг даргаар ажиллаж байна. Хорооны Засаг даргаар ажиллахдаа энэ хүн ийм асуудал шийдээд өгсөн гэсэн мөртэй байхыг хүсэж сургууль завсардалтгүй хороо болгохыг зорьсон. Одоо манай хороонд сургууль завсардсан хүүхэд байхгүй. Гэр бүлийн санхүүгийн асуудлаас болоод хичээлдээ явах эрмэлзэл дүүрэн байдаг ч, аргагүйн эрхэнд сургуулиасаа гарсан хүүхдүүдээ сайхан сэтгэлт хувь хүн, тусламжийн байгууллагуудтай холбож, хичээлийн хэрэглэл, цүнх, номтой болгоод өгөхөд хүүхэд улам хичээж сурдаг. Мөн янз бүрийн шалтгаанаар дунд ангиасаа сургуулиа хаясан хүүхдүүдийг цаашид ажилгүй нэгэн болгочихгүйг хичээж, Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд элсүүлж, мэргэжилтэй болох боломжийг олгож ажилладаг.
-Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо бол дан гэр хороолол. Ер нь танай хорооны онцлог?
-Манай хороо 100 хувь гэр хорооолол. Иргэдийн 25 орчим хувийг амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэд эзэлдэг учраас иргэдэд тулгарах нийгмийн асуудал ч дагаад их байдаг. Хороонд маань олон асуудал тулгамдаж байдгаас хамгийн хүнд нь хороонд байрлах баамын 10 байр, 3 саарал байрны асуудал юм. Учир нь энэ байр цэвэр, бохирын шугамд холбогдоогүй учраас иргэд ил задгай бие засах, хог шороогоо асгаснаар зундаа үнэр, танар ихтэй, өвөлдөө хөлдүүс үүсгэдэг. 10 байрны иргэдтэй хамтран 2014 онд хөөцөлдөж байж, Нийслэлийн дахин төлөвлөлтөд оруулахаар болсон. Дэд бүтэц хөгжөөгүйн улмаас тендер зарлагдсан боловч одоо болтол компани сонгогдоогүй байна. Дүүргийн хөрөнгө оруулалтаар 4 айлын дунд нэг жорлон, бохирын цооног, хогийн савтай барьж өгсөн ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байна. Энд нийт 164 өрхийн 600 гаруй иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийн асуудал яригдаж байгаа юм. Мөн манай хороонд 2008 оноос эхлэн манай хорооны 2 дугаар хэсэгт айлууд бууж суурьшлын бүс үүсгэсэн байдаг. Гэтэл эдгээр 300 гаруй өрхийн газрыг Түрээсийн орон сууцны корпорациас орон сууц барина гээд хууль бусаар авахаар оролдож байна. Дүүргийн газрын албанд хандаж, эдгээр өрхийн газрыг хууль ёсны болгож, гэрчилгээг нь олгуулахаар удаа дараа газрын төлөвлөгөөнд суулгаж өгч байсан боловч өдий болтол шийдэгдэхгүй байна.
-Аль ч дүүргийн хороодод нэг том бэрхшээл байдаг нь хороонд аль нэг асуудлаа тэрүүхэндээ шийдчих эрх, төсөв хөрөнгө байдаггүй. Гэтэл иргэд энэ асуудлыг тэр бүр ойлгодоггүй юм шиг санагдсан?
-Тийм шүү. Иргэд хороог төсөв, мөнгөтэй байгууллага гэж хардаг. Тэгээд ч тэр үү, хороонд ирж уулзахаараа “амьдрал хэцүү байна гэр олго, хог ачдаг машинаа нэмж ав, зам талбайгаа тэгшил, гэрэлтүүлэг хий, хүнсний талон өг” гэж орж ирдэг. Гэтэл хороонд ямар ч төсөв байхгүй учраас холбогдох байгууллагад нь уламжилсаар хугацаа маш их алддаг. Зуны бороонд усанд автаж, идэгдсэн замаа тэгшилж, хусах гэсээр байтал намартай золгож байх жишээтэй. Харин манай “Баянзүрх дүүрэг хөгжлийн төв” гэдэг байгууллага байгуулагдсанаараа дээд газраас төсөв хөрөнгө, шийдвэр хүлээж суулгүй, иргэд өөрсдөө бүлэг болж нэгдэн, багахан хэмжээний хуримтлал үүсгэн, мөн дүүрэг хөгжлийн төвөөс санхүүжүүлэлт гарган амьдарч буй орчноо өөрсдийн хүчээр тохижуулдаг болсон. Иргэд өөрсдийн санаачилсан, бага ч гэсэн мөнгө гаргаж оролцсон ажилдаа илүү гамтай хандаж, дараа дараагийн засвар, арчлалтаа ч сайн хийдэг. Ер нь хороонд бага боловч төсөв өгвөл хугацаа алдалгүй тулгамдаж буй асуудлуудаа шийддэг байх боломж бүрдэнэ.
-Баянзүрх дүүрэг “Иргэдийн бүлэг” гэж байгуулдаг болсноороо их ялгарч байх шиг санагдлаа. Танай хороонд хичнээн иргэдийн бүлэг байна?
-Манай хороо 11 иргэдийн бүлэгтэй. Иргэд өөрсдийнх нь амьдрал хүнд, хэцүү байсан ч, нийлж нэгдэж хамтран ажиллахдаа дуртай байдаг. Манай хорооны улиастай шинэ эцсийн буудлаас 87 дугаар сургууль хүртэл 210 метр замыг “Улиастайн залуучууд” иргэдийн бүлэг 15 сая төгрөгний хөрөнгөөр авто болон явган зам, тэмдэг тэмдэглэгээтэй нь хийсэн. Гэтэл нийслэлийн авто замын хөгжлийн газраас 750 сая төгрөгөөр хийнэ гээд ирсэн. Нэгэнт иргэдийн бүлэг янзалчихсан учраас хорооны нутаг дэвсгэрийн бусад хэсгийн замыг засуулах гэсэн боловч, батлагдсан төсвийг өөрөөр ашиглах боломжгүй гээд зөвшөөрөөгүй. Энэ мэтчилэн иргэдийн бүлгүүд хэд хэдэн ажлыг бага зардлаар хийж болдгийг харуулж байгаа юм.
-Хорооноос гадна, дотны байгууллагатай хэрхэн хамтарч ажилладаг вэ. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө өгөөжтэй байж чаддаг болов уу?
-Манай хороо нь олон улсын, төрийн болон төрийн бус байгууллагуудтай тогтмол хамтран ажиллаж ирсэн. Үүнээс дурьдах юм бол “Дэлхийн зөн” олон улсын байгууллагаас иргэдийн дунд амьдрах ухааны чиглэлээр олон төрлийн сургалтуудыг явуулж ирсэн. Ингэснээр иргэд аль нэг газар ажилд ороход нь нэмэр болох мэдлэг, хандлагыг олж авдаг бол зарим нь хувийн жижиг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хэмжээний мэдлэгтэй болдог. Түүнчлэн амьдралын боломж тааруу өрхүүдэд гэр олгуулах ажлыг зохион байгуулж, өнгөрсөн 8 жилийн хугацаанд 110 гаруй өрхөд гэр олгуулан, хамтран ажилласан. Жил бүр “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн төсвөөр хийгдэх ажлын саналыг иргэдээс авч Хорооны иргэдийн хурлаар хэлэлцүүлэн эрэмбэлэн Дүүрэгт уламжилж ирсэн. Хамгийн олон санал авсан ажлыг хорооны нутаг дэвсгэрт хийгддэг. Манай хорооны хувьд гэрэлтүүлэг, сагсны талбай, хүүхдийн тоглоомын талбай, иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх талбай, 87 дугаар сургуулийн заалыг Урлаг болон спорт заалаар ашиглах боломжтойгоор тохижуулсан зэрэг ажлууд хийгдсэн.
-Алслагдсан гэр хороололд гэмт хэргийн гаралт өндөр байх магадлал байдаг. Энэ тал дээр та бүхэн ямар ажил хийсэн бэ?
-Гэр хороололд гэмт хэрэг гарах эрсдэл өндөр байдгийн шалтгаан нь камержуулалт, гэрэлтүүлэг муу байдгаас болдог. Харин Цагдаагийн 3 дугаар хэлтэс манай хороонд байгуулагдсанаас хойш Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор тус хэлтсийн харьяа хороодын 40 цэгт хяналтын камер байршуулснаас манай хорооны гэмт хэрэг үйлдэгдэх эрсдэл бүхий 7 цэгт хяналтын камер суурилуулсан. Энэ ажлын үр дүнд хороонд үйлдэгдсэн гэмт хэргийн илрүүлэлт 15 хувиар нэмэгдсэн. Гэрэлтүүлгийн тухайд Австрал улсын хөрөнгө оруулалтар 528 ширхэг гэрэлтүүлэг шинээр тавигдах ажил эхлээд ажлын явц нь 20 хувьтай байна. Тэгэхээр удахгүй иргэд маань харанхуй гудамжаар явахаас айж, эмээх зүйлгүйгээр тайван амьдрах боломж бүрдсэн, гудамж бүртээ гэрэлтүүлэгтэй хороо болно.
Сэтгэгдэл ( 1 )
хамгийн заваан хороо