Нэгэн цагт их бүтээн байгуулалтын дуун хадааж байсан Дархан-Уул аймагт Арьс шир боловсруулах үйлдвэр баригдаж эхэлсэн гэх гэгээн сайхан мэдээтэй золгоод чамгүй хугацааг үдлээ. Ингэхдээ үйлдвэрийг 2020 оны долоодугаар сард ашиглалтад өгнө хэмээж байсан ч олон шалтгааны улмаас өнөөдөр болтол ашиглалтад ороогүй байна. Харин өнгөрөгч сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус үйлдвэрийн ажил байдалтай танилцаж, “Ташуур” өгсөн нь бас л нэгэн гэгээ татуулсан мэдээ байлаа. Гэхдээ энэ ажил олон талын зүйлийг орхигдуулсан, бодож төлөвлөхдөө дутуудсан гэдгийг шүүмжилж л байдаг. Ажил явж байгаа газар шүүмжлэл өрнөж л байдаг. Тэгэхээр юуг ч эс тоон, энэ ажил урагшаа явдгаараа явна. Гагцхүү олон ажлын байр бий болгох энэ үйлдвэрт ажиллах боловсон хүчин дутагдаж таарна. Үйлдвэр цогцолбор ажиллаад эхэллээ гэхэд тэнд ажиллах боловсон хүчин огт байхгүй гэдгийг салбарынхан ч хэлдэг. Уг нь Хөдөө аж ахуйн их сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдээр дамжуулан, үйлдвэрийн төсөлтэй хамт сургаад эхэлсэн бол өдийд чамгүй олон мэргэжилтэн бэлтгэчих байсан ч энэ тал дээр бодлогын алдаа гарсан гэдэгтэй маргах аргагүй.
Монгол Улсад жилд дунджаар 18-20 сая ширхэг арьс, шир зах зээлд нийлүүлэх нөөцтэй гэж үздэг. Гэтэл өнөөдөр хонины нэхийнээс эхлээд үнэгүйдэж, хог хаягдал болсон. Үүнийг л эргэлтэд оруулж, үнэ цэнтэй болгохоор “Дархан” арьс ширний компани нь 2015 оноос туршилтын, 2018 оноос судалгааны ажлыг эхлүүлэн, ХХААХҮЯ-тай хамтран ажиллаж байсан юм. Төсөлд өгүүлснээс харвал жилд 10 сая ширхэг арьс шир боловсруулж, Европын зах зээлд гаргах 15 үйлдвэр баригдаж эхлээд байгаа. Үүнээс бог малын арьс боловсруулах ес, бод малын арьс боловсруулах дөрөв, ноос ноолуур угаах, самнах хоёр цогцолбор зургийн дагуу баригдаж эхэлжээ. Үүнээс гадна үйлдвэр дагасан дэд бүтэц гэж нэг том зүйл бий. Тэгвэл үйлдвэрийн цэвэрлэх байгууламжаас эхлээд бусад барилга байгууламжууд, Судалгаа хөгжил, инновацийн төв, Үйлдвэрийн зориулалттай цэвэрлэх байгууламж, Цахилгаан дамжуулах дэд станц зэргийг бариад эхэлжээ. Тооцооллоор бол тус цогцолбор баригдсанаар жилд нэг тэрбум 200 орчим сая ам.долларыг улсын төсөвт төвлөрүүлэх аж. Чамгүй их мөнгө. Үүгээр ч зогсохгүй үйлдвэрийн бүтээгдэхүүний хамгийн анхны худалдан авагч нь Испани улс бөгөөд гэрээ хэлцэл хийгдсэн гэдэг. Испани улс руу нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гарч байна гэдэг европын зах зээлд хөл тавьж байна гэсэн үг. Үүнээс харахад энэ үйлдвэрт асар том ирээдүй бий. Монгол Улсын эдийн засагт нэгэн том эргэлт гарч, нийгэмд нэгэн салаа мөчир цэцэглэнэ. Одоо бид нэгэнт оройтож, шүүмжлүүлсэн ч боловсон хүчнээ цаг алдалгүй сургаад эхлэх хэрэгтэй.
Энэ их айлд нийлүүлэх түүхий эд хангалттай байгаа ч хэрхэн яаж гэдгээ тооцоолох, бас төлөвлөх ёстой. Өнөөдрийн байдлаас харахад энэ айлын түүхий эдийн гол цөмийг “Эмээлт”-д үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд нийлүүлж таарна. Бусад аймгууд ч нэгдсэн сүлжээнд шилжиснээр үйлдвэрийн түүхий эдийг хангахад болохгүй зүйл байхгүй. Тэр тусмаа Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Төв аймгуудад давуу тал байна. Энэ бол Монгол Улс сүүлийн 30 жилд босгож байгаа хамгийн том гэж болох бүтээн байгуулалт юм. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх арьс ширний цогцолбор байгуулснаар 2300 шууд ажлын байртай болж, шууд бусаар 7500 орчим иргэд байнгын ажлын байртай болох боломжтойг төсөл хэрэгжүүлэгчид дуулгасан. Үүнийг дагасан олон хүний аж амьдралд нэмэр болохуйц зүйл гэдгийг надаар хэлүүлэх юун.
Шинэ тутам үйлдвэр ашиглалтад орж, үйл ажиллагаа нь жигдрэхээр малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлж, хангамж үйлдвэрлэлийг тогтвортой байдлыг хангах бөгөөд малчин өрхийн орлого нэмэгдэнэ гээд давуу талыг дурдаад барахгүй.
Үүнтэй дөрөө харшуулан “Эмээлт” төсөл хэрэгжээд явж байгаа нь яах аргагүй амин холбоотой зүйл. Энэхүү том ажлыг гэнэт өчигдөр шийдээд өнөөдөр хийж байгаа зүйл огт биш. Тухайлбал, 2012 оны УИХ-ын 74 дүгээр тогтоолоор Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа Арьс, ширний үйлдвэрүүдийг 2017 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл үе шаттайгаар нүүлгэх тогтоол гарч байсан. Үүний дагуу 2015 онд Засгийн газрын 356 дугаар тогтоол гарч Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа Арьс, ширний үйлдвэрүүдийг “Эмээлт”-ийн Шар хөвийн хоолой гэх газар руу нүүлгэ гэсэн тогтоолын дагуу нүүлгэн шилжилт хийсэн байдаг. Энэ дагуу “Эмээлт”-ийн Хөнгөн үйлдвэрлэлийн үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулах төсөл хэрэгжүүлэн өдгөө амжилттай ажиллаж байна.
“Эмээлт” парк бүрэн утгаараа ажиллаж, “Дархан” цогцолбор ажиллаад ирэхээр малчдын хариуцлага ч өндөр болох учиртай. Юуны өмнө малчид стандартын дагуу, цаг хугацаандаа малдаа ариутгал, халдваргүйжүүлэлт хийх ёстой болно. Өөрөөр хэлбэл, социализмын үед толгой даран угаалгыг хийх ёстой гэсэн үг. Энэ ажил үе шаттай сайжрах юм бол хонь, ямааны арьсны үнэ өснө. Малчдын арьс, ширээ үнэгүйдүүлж байгаа нэг хүчин зүйл бол стандартын дагуу мал нядалдаггүй, эмчилгээ, угаалга хийдэггүйтэй шууд холбоотой. Угаалга, эмчилгээ хийгээд эхлэхээр хачиг, хувалзны асуудалгүй болно. Гэтэл яг энэ стандартаар явахад 3-5 жилийн хугацаа шаардлагатайг ч мэргэжилтнүүд өгүүлжээ. Өнөөдөр угаагаад маргааш арьс, шир нь гоё болчихно гэж байхгүй. Тэгэхээр уламжлалт мал нядлах аргыг буцаагаад өөрчлөх хэрэг гарч байна.
Хамгийн наад зах нь стандартын шаардлага хангасан мал нядалгааны цех буюу махны үйлдвэрт малаа нядлах шаардлага гарахаар малчид хамтран нядалгааны цех байгуулах нь зөв зам гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Өөрөөр хэлбэл, бид хаана ч хамаагүй мал нядлаад, хаана ч хамаагүй зарж болж байгаа нөхцөлд нядалгааны үеийн гэмтэл арилдаггүй аж. Тэгэхээр энэ нядалгааны үеийн гэмтлийг арилгахын тулд бид махны үйлдвэртээ стандартын шаардлагатай болох ёстой. Нэг ёсондоо хээрийн бойгоор мал нядалдаггүй болно гэсэн үг. Энэ нь өөрөө олон талын ашигтай. Бас нэг зүйл гэвэл малчид болон түүхий эд үйлдвэрлэгчид түүхий эд хадгалах тээвэрлэх стандартыг мөрдөх хэрэгтэй болно. Үүнээс харахад малчид хариуцлагатай байх тусам түүхий эдийн үнэ өндөр байх учраас тэд түүхий эдээ өндөр үнэтэй зарахыг бодно, үүнийг дагаад хариуцлага ч өндөр болно. Харин “Эмээлт” паркаас үзэхдээ Монголын малаас гарч байгаа бүтээгдэхүүн арьс шир, ноос, ноолуурыг бүгдийг нь “Эмээлт”-д боловсруулна гэдэг худлаа тооцоо гэжээ. Үүнээс харвал бусад аймгуудад ч боловсруулах үйлдвэр хэрэгтэй болж таарна. Хэтдээ аймаг тус бүртээ түүхий эдээ боловсруулаад ирэхээр ажил ч хөнгөрнө, ашиг орлого ч нэмэгдэнэ. Энэ нь мэдээж хэтийн төлөвлөгөөнд байгаа гэж найдая.
Энд нэгэн зүйл дурдахад, “Эмээлт”-ийн Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад орсноор 8000 гаруй ажлын байр шинээр бий болох аж. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд арьс ширний салбарт 4000 гаруй хүн ажиллаж байгаагаас 1000 орчим нь арьс ширний ченж. 1800 орчим хүн нь үйлдвэр дээр ажилладаг байна. Гэхдээ арьс ширний үйлдвэрүүд маань тогтмол ажилладаггүй, түүхий эдийн нөөц, улирлын нөхцөл байдлаас хамааран ажилладаг. Өнөөдөр “Эмээлт” төслийн хүрээнд 30 гаруй үйлдвэр барьж, 8000 хүний ажлын байрыг бий болгоно, “Дархан” арьс ширний үйлдвэр барьж, шууд 2300, шууд бус 7500 ажлын байр бий болгоно гэж байгаа ч энэ чиглэлийн боловсон хүчин бэлтгээгүй байгаагаа юу юунаас илүү анхаарах цаг нь нэгэнт болжээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
Зүгээр л мөнгө идэх нэг арга. Манайд боловсруулсан арьс ширийг тэгээд хаанахын ямар улс худалдаж авах вэ? Энэ барилгын суурийг энэ хэртэй болгосон компани авилгачдад хэдийг төлж өөрсдөө хэдийг зарцуулсан гэж бодож байна? Одоо тэгээд ажил явуулах мөнгө байгаа эсэхийг нь яаж мэдэх үү? 7 сард ашиглалтанд өгөх байсан гэнэ. Монгол хүн ичихгүй нь сайхан даа. Өмнөд хөршид гэхэд өдий хугацаанд иймэрхүү барилгыг хэд бариад хэд буулгах болсон. Энэ үйлдвэрийн барилга дархны зам гэдэг онигооныхоо араас орох вий.