Арьс ширний үйлдвэрүүдийн төгсгөл ирэх үү?

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 24

Дэлхий дахинд загварын ордон болон хэрэглэгчид хиймэл арьсаар хийсэн бүтээгдэхүүн рүү улам бүр шуурч, эрдэмтэд лабораторид ургуулсан арьсаар цүнх, гутал бүтээхэд улам ойртсоор байгаа энэ үед арьс ширний үйлдвэрүүдийн төгсгөл ирсэн үү гэсэн асуулт тавигдах болжээ. Үнэхээр амьтны арьсыг боловсруулах практик үгүй болох уу? Их Британийн эрдэмтэд ийм магадлал өндөр гэж үзэж байна.

Тус улсын “3D Bio-Tissues” компанийн мэргэжилтнүүд 10х10 см хэмжээний хиймэл арьс амжилттай ургуулжээ. Хэдийгээр бид үхрийн ширээр хийсэн хүрмээс бүрэн татгалзахад бэлэн бус байгаа ч арьс боловсруулах үйлдвэрийг бүхэлд нь хаахыг олон жил уриалж буй хүмүүсийн хувьд энэ бол туйлын талархууштай алхам.

Амьтанд аюулгүй сонголт

“Амьтанд ёс зүйтэй хандахын төлөө” (PETA) байгууллагын дэд ерөнхийлөгч Ивонн Тейлор лабораторийн нөхцөлд арьс ургуулах туршилт хийж буй “3D Bio-Tissues” зэрэг инновацын компаниудын санаачилгыг сайшааж байна. Тэрбээр лабораторид ургуулсан арьс нь яг жинхэнэ юм шиг харагдаж мөн мэдрэгддэг хэмээн ярьжээ. Өнөөдөр загварын ертөнц жинхэнэ арьсны хэрэглээнээс татгалзаж эхэлж байна. Арьс, шир боловсруулах үйлдвэрлэл нь байгаль орчинд хөнөөлтэй. Амьтны бус гаралтай бүтээгдэхүүнүүдийн эрэлт улам бүр нэмэгдэхийн хэрээр бид амьтнаас ангид загварын ертөнцөд хөл тавихаар ойртож байна гэж Тейлор онцолжээ.

“VIVA” буяны байгууллагын үнэлгээгээр, арьс, ширний үйлдвэрүүдийн хэрэгцээнд жилд тэрбум амьтныг үржүүлэн, нядалж байна. Хэдийгээр энэ статистикт орсон амьтдын ихэнхийг мөн махны үйлдвэрлэлд ашиглаж байгаа ч хэрэглэгчид болон загварын ертөнц амьтны гаралтай бүтээгдэхүүнээс татгалзаж эхэлснээр жинхэнэ арьсаар хийсэн хувцасны хэрэглээ буурах хандах ажиглагдаж байна.

Өнөөдөр жинхэнэ арьсан бүтээгдэхүүнийг хямд харагддаг, тухгүй хэмээн үзэх болжээ. Үүний оронд H&M, Hugo Boss, Chanel зэрэг брэндүүд ханборгоцойноос гаргаж авсан материалыг ашиглах болсон бол хэзээ ч амьтны гаралтай түүхий эд ашиглаж байгаагүйгээрээ алдартай Стелла Маккартни болон Hermès мөөгнөөс гаргаж авсан арьсаар бүтээгдэхүүн гаргаж эхэлжээ.

Гэсэн хэдий ч ихэнх хэрэглэгчид амьтны арьсыг чанартай, удаан эдэлгээтэй материал хэмээн үзсээр байгаа тул Ивонн Тейлор тэдний эл бодлыг өөрчлөхийг зорьж байна. “Бид арьс, ширэн бүтээгдэхүүнд хандах хандлагаа өөрчлөх ёстой. Ингэж байж загварын ертөнцөд илүү чамин, удаан эдэлгээтэй амьтны бус гаралтай сонголтууд дэлгэрнэ. Энэ тренд хэдийн гарч ирсэн. Үүнийг дэлгэрүүлэхэд лабораторид ургуулсан арьс тусална” хэмээн тэрбээр үзэж байна.

Олон компани болон хэрэглэгч амьтны арьснаас татгалзаж, алим, үйс, кактус, ханборгоцой, усан үзмээс гаргаж авсан байгальд ээлтэй материалаар хийсэн бүтээгдэхүүнийг сонгох болсон ч “3D Bio-Tissues” компанийн шийдэл загварын ертөнцөд жинхэнэ хувьсгал хийнэ гэдэгт Ивонн итгэлтэй байна.

Мэргэжилтнүүдийн тооцоолсноор, лабораторийн аргаар гаргаж авсан арьс, шир ойрын хэдэн жилийн дотор дэлхийн зах зээлд гарч ирнэ. Үүний тулд олон компани шаргуу ажиллаж, амжилтад хүрч эхэлжээ. Тухайлбал, Калифорнийн био технологийн “VitroLabs” компани лабораторийн нөхцөлд гаргаж авсан хиймэл арьс үйлдвэрлэх туршилтуудыг амжилттай хийж байгаа бөгөөд ийм төрлийн материалыг жинхэнэ арьсны адил чанартай, эдэлгээ сайтай болгох тал дээр ажиллаж байна.

Хиймэл арьсны байгаль орчин үзүүлэх нөлөө

Лабораторийн нөхцөлд арьс, шир ургуулах нь байгаль орчинд ямар нөлөөтэй болох асуулт тавигдаж байна. Зарим нэг нь эл үйл явц уур амьсгалын өөрчлөлтийг улам даамжруулж, амьтны арьс, шир ашиглахаас ч хөнөөлтэй гэж үздэг.

Харин эрдэмтдийн үнэлгээгээр, арьс, ширний үйлдвэрлэлийн үндэс болсон мал аж ахуйн нь хүлэмжийн хийн ялгарлын 18 хувийг бүрдүүлдэг байна. Лабораторийн нөхцөлд хиймэл арьс гаргаж авах нь энэ асуудлыг бүрэн шийдвэрлэнэ гэж үзэж байна. Гэхдээ уламжлалт үйлдвэрлэл бүрэн зогссон тохиолдолд. Харин энэ нь ойрын болон дунд хугацаанд магадлал багатай.

Арьс, шир боловсруулах явц экологичдын зүгээс ихээхэн шүүмжлэлд өртдөг. Тэд үйлдвэрлэлд ашигладаг хром, хөнгөн цаг болон чулуун нүүрсний давирхай зэрэг хорт бодис агаарт цацагдаж, хүний эрүүл мэндэд аюул учруулж байна гэж үздэг.

2011 онд Энэтхэгийн Ваниямбади хотын арьс, ширний үйлдвэрийн хаягдал усны агуулахыг цэвэрлэж байсан таван хүн химийн хорт хийгээр угаартаж, амиа алдаж байсан. Энэ бол цорын ганц тохиолдол биш. Мөн ижил төстэй нөхцөлд амиа алдах тохиолдол хэд хэд бүртгэгдсэнээс гадна арьс, ширний үйлдвэрлэлийн сөрөг нөлөөний улмаас олон хүн эрүүл мэндээрээ хохирдог байна.

Жинхэнэ арьснаас бүрэн татгалзах уу?

Амьтны гаралтай арьс, ширний эрэлт их байсаар байна. Тансаг зэрэглэлийн “Hermès” брэндийн ямаа, үхрийн арьсаар хийсэн Birkin, Kelly загварын цүнх олон мянган ам.долларын үнэтэй ч борлуулалт сайтай. Матар, тэмээн хяруул, гүрвэл зэрэг халуун орны амьтны гаралтай арьсаар хийсэн загварууд цөөн тоогоор гардаг тул тэргүүн баячуудын дунд асар их эрэлттэй байдаг.

Цүнх нь л гэхэд есөн мянган еврогоос доош үнээр олдохгүй Chanel брэндийн хонь, могойн арьсан загварууд эрэлт ихтэй хэвээр. Тус брэнд бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн ч чинээлэг хэрэглэгчид нь одоогоор жинхэнэ арьснаас татгалзах бодолгүй л байна.

Амьтны гаралтай арьс, ширэн бүтээгдэхүүн зах зээлийг эзэгнэсэн хэвээр байгаа энэ үед лабораторийн нөхцөлд ургуулсан арьс, ширэн материал эрин үеэ эхлүүлэхээр дуншиж байна. Үүнийг өргөн хэрэглээний брэндүүдийн чиг хандлага илтгэнэ. Чанараараа жинхэнэ арьстай эгнэх бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг эрмэлзэж буй эдгээр брэндүүд, хиймэл арьсыг метр метрээр нь үйлдвэрлэх сонирхолтой “3D Bio-Tissues3” компанитай хамтран ажиллах эхлэлээ тавьжээ.

Ивонн Тейлорын хэлсэнчлэн өнөөдөр загварын ертөнц жинхэнэ арьсны хэрэглээнээс татгалзаж эхэлж байна. Арьс, шир боловсруулах үйлдвэрлэл нь байгаль орчинд хөнөөлтэй. Амьтны бус гаралтай бүтээгдэхүүнүүдийн эрэлт улам бүр нэмэгдэхийн хэрээр бид амьтнаас ангид загварын ертөнцөд хөл тавихаар яарч байна.

 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өвөө(59.153.115.185) 2024 оны 01 сарын 24

Бид малынхаа амьсгалаас бусдыг хаягдалгүй ашиглалаг үр шимийг нь хүртдэг байлаа

0  |  0
S(59.153.115.120) 2024 оны 01 сарын 24

SEXSDN80955877

0  |  0
Нүдээ нээ(202.9.40.6) 2024 оны 01 сарын 24

Хиймэл арьс гэж нэрлэх нь угаас утгагүй. Ургамлаар байгалийн ориг хувцас, цүнх хийнэ л гэсэн үг шүү дээ. Амьтдыг хөнөөж идэж, хувцаслах хилэнцэт үйлээ зогсоох, түүний үйлийн үрийг эдлэж зовохоо болих цаг ирсээн.

1  |  0
Zocnin(209.89.240.99) 2024 оны 01 сарын 24

Yum bolgon hiimel niileg cnanartai bgaliin dulaan edlel hereglel ulam l humigdaj bna,Saihan haragdah ch neg l huiten sewsger biyend naaldamjgui.Mongol gun orig maxaa idej orig huwtsasaa omsonoo

0  |  1
Бид (202.126.88.72) 2024 оны 01 сарын 24

1 хонины арьс 2-6 кг татна гэж үзвэл тэр хэмжээгээр хүнс л нэмэгдэнэ

0  |  1
Bid(202.126.88.72) 2024 оны 01 сарын 24

Ямар ч асуудал байхгүй бид арьсаа болгоод идэх технологи гаргах хэрэгтэй!

0  |  1
Top