Цасан шуурганы улмаас Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас Булган аймгийн Рашаант сумдын хооронд замын нөхцөл байдал хүндэрсэн тул зарим чиглэлд зорчигч тээвэрлэлтийг түр зогсоож байгаа талаар Автотээврийн Үндэсний төвөөс мэдээллээ.
Тодруулбал, иргэдийн амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдрийн /2020.10.20/ өдрийн Улаанбаатар хотоос Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, мөн Говь-Алтай-Улаанбаатар, Баянхонгор-Улаанбаатар, Өвөрхангай-Улаанбаатар чиглэлийн хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийн хөдөлгөөнийг эхлүүлэхгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авч байна.
Одоогоор Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг Шартын Даваа, Бумтбатын даваа, Элсэнтасархай, Булган аймгийн Рашаант сум, Архангай аймгийн Солонготын даваа цас орсон салхи шуургатай байна. Мөн Өвөрхангай аймгийн Арвайхээрээс Төв аймгийн Лүн сум хүртэлх замын зорчих хэсэг халтиргаа гулгаа үүсч, замын нөхцөл байдал хүнд байна.
2020 оны 10 дугаар сарын 21-нээс 10 дугаар сарын 25-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
21-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21-нд говь, талын нутгаар, 24-нд Алтайн салбар уулсаар зарим үед секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурна. 22-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.
Сэтгэгдэл ( 0 )