ОЛОН ӨНГӨ: Морьтойгоо байхад

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 21

Монголчуудын морины соёлыг одоогоос 3,000 гаруй жилийн өмнө үүссэн гэх дүгнэлтийг судлаачид хийжээ. Монголын тал нутагт түгээмэл тааралддаг Буган хөшөөний дороос олдсон адууны ясны насаар энэ хугацааг тодорхойлсон байдаг. Сүүлийн үед уяачид хурдан морины уралдаанд түрүү магнайг жиип машинаар байлж бэл бэлчингээ гайхуулсан баярхал, хий хоосон аархал төдий морийг адгуулдаг болж. Гэтэл өвөрмонголчууд хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь  мориор хүргэж, авч байгаа, бичлэг цахим орчинд давлагаалж байна.

Тэд машингүйдээ биш үр хүүхдэдээ монгол уламжлалаа өвлүүлэх, нүүдэлчин ёс заншлыг нь мартуулахгүй байх, монголоороо байхын ухааныг үлгэрлэж байгаа юм. Техник технологи, машин тэргээр хахсан энэ эрин үед замын түгжрэл, суудлын өвчин, таргалалт замаа алдсан. Хөдөө орон нутагт малчид  малаа машин мотоциклоор хариулдаг болсон. Энэ нь малын тарга хүчийг хайлуулах, үргэмтгий, тайван бус болгох зэрэг олон сөрөг талтай. Морин дээрээсээ дэлхийн талыг эзэлсэн монголчууд мориноосоо мотоцикл, машин руу л буув.

Морь унахын ач тусыг цухасхан дурдахад  хүүхэд бага балчраасаа морь унаснаар байгаль орчинтойгоо танилцан аялж, эрүүл өсөн торнино. Морь унахад хүний бүхий л үе мөч, булчин ажиллаж нуруу бөөр, үе мөчний өвчнөөс хамгаалдаг.Мөн эрчүүдийн түрүү булчирхайн өвчлөлөөс сэргийлдэг гэдгийг эрдэмтэд баталсан. Хүүхдүүд хат сууж, бие даах чадвартай болохын сацуу морины уналга, эдэлгээ, эдлэл хэрэглэлийг нэг бүрчлэн таньж, адгуус амьтантай хэрхэн харьцах ухаан суудаг. Хамгийн гол нь хэдэн мянган жилийн тэртээгээс үнэнч хүлэг анд болсон мориороо Монгол орныхоо уудам тэнүүн талаар салхи хөлөглөн давхихын сайхныг мэдэрнэ гэдэг юутай сайхан билээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top