Вьетнамд үерийн улмаас амиа алдсан хүний тоо 105-д хүрлээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 21

Вьетнамын төвийн мужуудад болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 105-д хүрч, 27 хүн сураггүй алга болоод байна гэж тус улсын Байгалийн гамшигтай тэмцэх Үндэсний зохицуулалтын хороо мэдээлжээ.

Сүүлийн хоёр долоо хоног тус улсын төвийн бүсэд хүчтэй аадар бороо орсны улмаас хөрсний гулгалт, шар усны үеэр нүүрлээд байна. Зургаан муж усанд автаж, усны түвшин 2-3 метрт хүрчээ.

Үерийн улмаас 260 мянган тариачдын аж ахуй, 52.9 мянга гаруй орон сууц усанд автжээ. Шар усны үерт 107.5 мянган га газар тариалангийн талбай өртөөд байна. Ихэнх хот, суурин газрын цахилгаан дамжуулах, харилцаа холбооны шугам сүлжээ тасарснаас гадна орон нутгийн зам эвдэрсний улмаас хэд хэдэн суурин, бүс нутаг гадаад ертөнцөөс тасраад байна.

Вьетнамын Ерөнхий сайд Нгуен Суан Фук байгалийн гамшгийн үр дагаврыг арилгах, үерт автсан муж, хотуудад санхүүгийн туслалцаа үзүүлэх, хохирсон ард иргэдэд нийт таван мянган будаа хүргэх арга хэмжээ авахыг холбогдох газруудад үүрэг болгожээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top