Хангарьд ордныг "БЭСГЭ" гэх компани 43.4 тэрбумаар үнэлжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 22

Нийт 9774.7 ам.метр талбайтай 15 давхар бүхий “Хангарьд” ордны барилгад нийслэлийн 14 газар, агентлаг үйл ажиллагаа явуулдаг. Тус барилгыг хувьчлах шийдвэрийг аль хоёр жилийн өмнө гаргасан хэдий ч ирэх сарын 20-нд 11:00 цагт нээлттэй дуудлага худалдаанд оруулах шийдвэрийг гаргаж, өчигдөр зарыг байршуусан. Дуудлага худалдааны анхны үнийг 43 тэрбум 423 сая 400 мянган төгрөг хэмээн мэргэжлийн байгууллага нь тогтоогоод байгаа билээ. Энэ үнэ хэр зөв зохистой болоод дуудлага худалдаа хэрхэн явагдах талаар нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын Өмчийн бүртгэл хувьчлалын хэлтсийн дарга Д.Итгэлээс тодрууллаа.


-“Хангарьд” ордны барилгыг ирэх сарын 20-нд дуудлага худалдаанд оруулж хувьчлахаар боллоо. Хотын захиргааг Яармаг руу нүүлгэх болсонтой холбоотойгоор дуудлага худалдаа төлөвлөгдсөн үү?

-Нийслэлийн Засаг захиргааны шинэ байр ашиглалтад орж байгаатай холбоотойгоор “Хангарьд” ордны барилгыг хувьчлах шийдвэрийг НИТХ-аас гаргасан. Шийдвэрийн дагуу нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилна гэсэн зарыг явуулсан.

-НИТХ-аас “Хангарьд” ордныг хувьчлах шийдвэрийг 2018 онд гаргасан гэсэн. Үүнээс хойш хоёр жил гаруйн хугацаанд хувьчлах эсэх тухай хүлээлт нийгэмд үүслээ. Ийм хүлээлтийн үндсэн дээр дуудлага худалдаа болох гэж байна шүү дээ. Дуудлага худалдааг ямар зарчмаар явуулахаар болов?

-Дэлгэрэнгүй тайлбарлая. Хуулиараа нийслэлийн өмчийн өмчлөх эрхийг тухайн шатны хурлын байгууллага, өөрөөр хэлбэл НИТХ эрхийг нь хэрэгжүүлдэг. Нийслэлийн өмчөөс хувьчлах бүх барилга байгууламж, объектыг ямар хэлбэрээр, яаж хувьчлах вэ гэдгийг жил болгон НИТХ-аас тогтоол гарган баталж өгдөг гэсэн үг. Үүнийхээ дагуу л “Хангарьд” ордныг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилна гэсэн шийдвэрийг гаргасан. Улмаар нийслэлийн Өмч хувьчлах комисс үнийг нь хянаад дуудлага худалдааг зохион байгуул гэдэг чиг үүргийг Өмчийн ашиглалт, удирдлагын газарт даалгаж эрхийг нь нээж өгдөг. Жишээлбэл, энэ жил гэхэд Багахангайн мах боловсруулах үйлдвэрийг менежментийн үр дүнг харгалзан хувьчлах сонгон шалгаруулалтыг хоёр удаа явуулсан. Одоо бас гурав дахиа сонгон шалгаруулалт зарлах гээд байж байна. Тэгэхээр ямар хэлбэрээр энэ барилга байгууламж, объектыг яаж хувьчлах вэ гэдгийг тухайн хурлын байгууллагаас л тогтоодог. НИТХ болон Өмч хувьчлах комиссоос гарсан шийдвэрийн дагуу л манай байгууллага дуудлага худалдаа зарлаад явдаг.

 -Дуудлага худалдааны үнэ 43.4 тэрбум төгрөгөөс эхлэх юм байна. Энэ үнэлгээг яаж хийсэн бэ?

-Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн дагуу мэргэжлийн эрх бүхий үнэлгээний компаниар үнэлүүлдэг. Үнэлгээний компаниудын дунд урилга явуулдаг. Зөвхөн “Хангарьд” ордон ч биш нийслэлийн өмчөөс хувьчлах гэж байгаа бүхий л барилга, байгууламжийг адилхан зарчмаар үнэлүүлдэг. Мэргэжлийн компаниудад урилга явуулдаг, зар тавьдаг. Компаниудаас энэ жил хувьчлах аж ахуйн нэгж, барилгуудын чинь үнэлгээг хийе гэсэн саналаа ирүүлдэг. Тэдгээрээс сонгож, үнэлгээг хийлгүүлдэг. Үүний дагуу мэргэжлийн эрхтэй үнэлгээний компаниар “Хангарьд” ордны үнэлгээг хийлгүүлсэн.

-Үнэлгээг ямар компаниар хийлгүүлсэн бэ?

-“БЭСГЭ” ХХК хийсэн.

-“БЭСГЭ” компани тухайн барилгыг дуудлага худалдаанд оруулж болох анхны үнэ 43.4 тэрбум төгрөг гэж тооцжээ. Хотын төвд хувьчлагдсан зарим барилгатай харьцуулахад энэ үнэ хямд биш үү?

-Зах зээл дээрх энэ хөрөнгийн бодит үнэ цэн нь 43 тэрбум 423 сая 400 мянган төгрөг байна гэж үнэлсэн. Анхны үнээсээ хэд болтлоо үнэлэгдэхийг мэдэхгүй шүү дээ. Дуудлага худалдаагаар илүү үнэд хүрч болно. Жишээлбэл, Одоогийн “Галлериа Улаанбаатар”-ын барилга буюу хуучнаар хэвлэх үйлдвэрийн барилга гэхэд 24-өөд тэрбум төгрөгийн үнэд хүрч байсан.

-Хэвлэх үйлдвэрийн барилгын анхны дуудагдсан үнэ хэд байсан бэ?

-Анхны үнийг сайн санахгүй байна. Долоон тэрбум гаруй төгрөг байсан санагдаж байна.

-“Улаанбаатар хотын банк”-ны шилэн барилга ч гэсэн хотын төвд байршилтай. Хэд хэдэн удаа дуудлага худалдаа явагдсан. Гэсэн хэдий ч зарагдсангүй. Яагаад зарагдахгүй байна вэ?

-Тухайн барилгыг авъя гэж хүн сонирхохгүй л байна шүү дээ. Үүнээс биш дуудлага худалдаанд оруулах бүх барилгад адилхан үнэлгээ хийлгүүлж, адилхан хэвлэлээр зар байршуулж байгаа.

-Дуудлага худалдаанд сонирхсон хүмүүс нээлттэй оролцож болно биз дээ?

-Хуулиараа дуудлага худалдаа болохоос 30-аас доошгүй хоногийн өмнө нийтэд зарлах ёстой гэсэн байдаг. Үүний дагуу энэ сарын 20-нд дуудлага худалдааны зарыг явуулсан. Оролцох чадавхтай хэнд ч боломж нээлттэй. Ялагч болвол хуулиараа 14 хоногийн дотор мөнгөө төлдөг. 14 хоногийн дотор тухайн мөнгөө төлж авч чадах компани байвал хэнд ч нээлттэй дуудлага худалдаа гэсэн үг. Хэрвээ 14 хоногийн дотор мөнгөө төлж чадахгүй бол дэнчинд тавьж байгаа дөрвөн тэрбум 342 сая 340 мянган төгрөг нь улсын орлого болно.

-Ирэх сарын 20-ныг хүртэл сонирхож байгаа хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгжүүд дуудлага худалдаанд бүртгүүлж, хүсэлтээ өгч болох уу?

-Сонирхож байгаа хувь хүн, байгууллагууд дуудлага худалдаа болох өдрийг хүртэл барилга, байгууламжтайгаа газар дээр нь танилцах, биднээс асуух зүйл байвал тодруулах эрхтэй. Дуудлага худалдааг зарлангуут дуудлага худалдаанд оролцох санал хүсэлт хүлээж авах лацтай хайрцаг манай дээр нээгддэг. Дуудлага худалдаа 11:00 цагт эхлэхээс нэг цагийн өмнө тус саналын хайрцаг хаагддаг. Тэгэхээр дуудлага худалдаа болох өдрийн 10:00 цаг хүртэл саналын хайрцаг нээлттэй байх юм. Саналын хайрцагт оролцох хүсэлт, дэнчин төлсөн бичиг баримт, ямар хүн оролцох гэж байгаа иргэний үнэмлэхний хуулбар, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлөөлөн оролцох этгээдийн итгэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар зэргээ бүрдүүлж, бичиг баримтаа дугтуйнд хийгээд битүүмжлэн тухайн дуудлага худалдаанд оролцох барилга байгууламж, объектын нэрийг дээр нь бичээд лацтай хайрцаг руу хийх юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.55.188.93) 2020 оны 10 сарын 22

24-өөд тэрбум. Ха хаха. Ховдынхны найруулга уу? Халх хүн ингэж ярьдаггүй. Яах аргагүй харь найруулга байна.

0  |  0
Top