ОЛОН ӨНГӨ: Хэдий хүртэл төр нь яндан хөөлөх юм бэ?

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 22

Улаанбаатар хотын иргэд өвөлдөө бэлдээд тун чиг завгүй байна. Өвөлдөө яг бэлдээд байна уу гэхээр бас эргэлзээтэй. Хэн нэгнээс тусламжийн гар сунгахыг хүлээж байгаа иргэд олонтаа. Иргэдийн өвөлжилтийн бэлтгэлийг базаах хүрээнд "Таван толгой түлш" компанийн алба хаагчид айл өрхүүдийн янданг хөөлж байх юм. Нийтдээ 6000 орчим яндан хөөлсөн гэв үү дээ. Нэг талаасаа буянтай ажил мэт боловч нөгөө талаасаа хэзээний бэлэнчлэх сэтгэхүйтэй болсон монголчуудыг улам залхуу болгож байна. Ядаж л яндангаа хөөлж чадахаа байсны тод илрэл энэ болов.

Хавтгайрсан халамжинд хүзүүдүүлсэн монголчууд үнэндээ амьдрах чадваргүй болсон байна. Төр нь яндан хөөлж өгөхгүй бол угаартаж үхээд байгаа юм байх. Утсын чинээ улаан амийг нь төр хамгаалсаар байх уу, иргэд өөрсдийнхөө аюулгүй орчинд амьдрах нөхцөлөө хангах уу. Төр оролцсон болгон иргэдийг амьдрах чадваргүй болгож байна гэдэгтэй төр нь ч тэр, иргэд нь ч тэр ойлгох цаг болсон.

Миний амийг төр биш би хариуцах ёстой гэдэг хандлагатай болохгүй бол бааж, шээхээ хүртэл төрийн ажил гэж боддог болох нь. Тухайн иргэн төрийн хашаа байшин, гэрт амьдраагүй. Өөрийн өмчдөө тааваараа тарвалзаж байгаа. Энэ байдлаараа цаашид хэдэн жил нийслэлчүүд ингэж амьдрах гээд байгаа юм бэ. Төр нь хэдий хүртэл яндаг нь хөөлж эрхлүүлэх юм бол.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top