Эзнийхээ зан чанарыг гутал нь хэлээд өгдөг

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 23

Эгэл амьдралын эргүүлэгт хүн бүхэн өөрийнхөө тавилангаар амьдардаг. Энэ л тавиланг эзэмшсэн мэргэжил, хүссэн зүйлээрээ өнгөлж, хүсэл тэмүүллээрээ эрчилж байдаг. Зарим нь эрдэм номд шамдаж докторын зэрэг горилж байхад зарим нь энгийн нэгэн амьдралаар докторын зэрэгтэн шиг туршлага хуримтлуулж явна. Хэний ч нүдэнд анзаарагдамгүй төлөв даруухан зантай, эгэл боргил төрхтэй, энгийн борог хувцасласан нэгэн эрийн тухай энд өгүүлсү.

Дөлгөөн нуурын гэрлэн дохионы зүүн урд талд жижигхэн хүрэн мухлаг бий. Тэрхүү мухлаг 2000 оноос эхэлж 20 жил энэ л газартаа оршин тогтож, өндөр өсгийттэй бүсгүйчүүд, намхан гуталтай хүүхнүүд, гялалзсан хромтой ах нар, шинэхэн ботинктэй залуусыг соронзон мэт далласан. Нэг очсон хүнийг дахин дахин очмоор болтол нь сэтгэл татах эелдэг зантай, хөгжүүн яриатай эрийг Хосбаярын Мөнхбаатар гэдэг. Үйлчлүүлэгчийнхээ хүссэн хэмжээнд ажлаа чамбай гүйцэтгэж, урагдсан зулга, халцарсан хоншоор, ангайсан улыг нь жимбийтэл оёж, жавхайтал нааж, толийтол үрж, тосолсон юм шиг өнгөлөөд, нүүр дүүрэн инээмсэглээд, нүнжигтэй сайхан үддэг. Х.Мөнхбаатараар үйлчүүлсэн хүмүүс шинэхэн мэт гялалзсан гутлаа өмсөөд ажил төрөлдөө урам зоригтой алхана даа. Сэлэнгэ аймгийн харьяат сэргэлэн тэр эр нийслэл хотод суурьшаад багагүй хугацааг үдэж байна. 30 нас хүртлээ барилгын ажил хийж амьдралаа эхлүүлж, гурван сайхан үрийн аав болов. Хүний аав болно гэдэг асар том хариуцлага гэдгийг тэр сайн мэднэ. Аливаа зүйлийг засаж сэлбэх, зүйж наах, зүлгэж өнгөлөхдөө гарын ур дүй сайтай тэрбээр нэг л өдөр өөрийнхөө дуртай ажлыг олжээ. "Сайн гутал сайхан газар хүргэдэг" гэдэг дээ. Басхүү "Гутал муут гурван хүний ард" гэдэг. Өөрөө хаа ч явсан цэвэр цэмцгэр хувцаслаж, өмссөн гутлаа тоос тортоггүй арчиж явдаг зуршилтай болохоор хүмүүсийг сайхан гуталтай яваасай гэсэндээ гутал засвар ажиллуулж эхлэв. Сүржин хаяг хадаж, сүртэй реклам цацаж, сүйхээтэй зан ч гаргасангүй. Зөнгөөрөө л үйлчлүүлэгчээ өөртөө татсан. Эхэндээ эргэн тойрны оршин суугчид үйлчлүүлдэг байсан бол ам дамжин түгсэн түүний ажилч хичээнгүй зан хөдөө, хотгүй түгэж олон зуун хүнийг урин дууджээ.

Түүнд амарсан өдөр гэж үгүй. Өглөө яг цагтаа ирж орой яг цагтаа тарна. Түүний эхнэр нь цэцэрлэгийн багш мэргэжилтэй бөгөөд тэтгэвэртээ гараад удаагүй. Тэдний том хүү 30 настай бол бага нь 26 настай. Хоёр ч ач, зээгийн зулай үнэрлээд, хошуу дэвссэн л өвөө, эмээ болсон. Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд өөрийн гэсэн байшин, хашаанд  товхийтэл амьдарч байна. Улмаар машинтай ч болоод авлаа. Газрынхаа түрээсийг төлөхийн сацуу гэр орондоо мөнгө зарцуулна. Хүүхдүүд том болоод тусдаа гарах болохоор чамгүй сандаргана шүү дээ. Энэ бүхнийг энэ муу жижигхэн хүрэн мухлагаасаа л олдог. Хүнд үйлчлэхдээ үнэн сэтгэлээсээ хандаж, эргээд ирэхэд нүүр бардам суух сайхан. Х.Мөнхбаатар “Би 20 жил гутал засаад цавуу, хаймарны үнэрт дасаж дээ. Энэ үнэр арьс мах, үс зүсэнд шингэтэл өөриймсжээ. Залуучууд ажил их голох юм. Их л том, том юм мөрөөдөөд хий дэмий хэвтээд байх. Заавал өндөр боловсрол эзэмшээд дарга даамал болох албагүй шүү дээ. Эхлээд хүнлэг сэтгэлтэй, зөв хүн байх хэрэгтэй байна.  Хүн байна гэдэг хамгийн том боловсрол гэж боддог” гэлээ. Үнэтэй сүрчиг ханхлуулсан хэр нь хямдхан бодолтой ч хүмүүс их ээ. Үл хүндэлсэн харцаар, нэг л дээрэнгүй өнгөөр харьцах нь бий. Гэвч тариан түрүү ургах тусам бөхийж, шарилж ургах тусам сагсайдгийн адилаар тэрбээр хөгшин, залуу хэнийг ч ялгалгүй энгийн сайхан хүндэтгэлтэй харьцаж бусдын хүндлэлийг өөртөө булаадаг. Гутал засварын онцлог нь хүмүүс улирал солигдох үед далд хийсэн гутлаа гаргаж янзлуулах нь нэмэгддэг ажээ. Зуны цагт хүн багатай байдаг учир оройдоо таксинд явж, өдөртөө гутлаа зассаар өнгөрөөсөн. Өдийд бол дулаан гутлаа янзлуулах гэсэн хүний хөл тасрахгүй байв.

Х.Мөнхбаатар “Гутал гэдэг эзнийхээ зан чанарыг илэрхийлдэг. Гутлаар нь дамжуулж тухайн хүнийг таньж болдог. Охид хүүхнүүд их гутлаа засуулна. Гутлыг нь хараад за нэг иймэрхүү л хүн байна даа гэж бодоход яг л тийм байдаг. Зарим нь мөнгөө өгөхгүй алга болно, зарим нь гутлаа авахгүй сураг алдарна. Гадуур явж байгаад хүний гутал руу өөрийн эрхгүй харчихаад байдаг. Тайлж аваад янзалчихмаар гуталтай хэр нь тамтаггүй их зантай ч улс бий шүү” гэж халагласан юм. Мөнхбаатарыг байнгын үйлчлүүлэгч нь амар суулгахгүй. Сайхан амарч байтал орой үдэш утасдаад маргааш үүрээр гадаад руу нисэх гээд байна, яаралтай гутлаа янзлуулмаар байна гэж бажгадуулах. Гэнэ сэрэггүй сууж байтал гэнэтхэн л болзоонд явах гээд байна, хурдан түргэн өсгийгөө засуулмаар байна гэж сандаргах. Энэ мэтчилэн үйлчлүүлэгчтэйгээ гэмгүй сайхан танилууд болж, ойр зуурын хууч хөрөнгөө ажлаа урамтайхан хийнэ дээ. Тоос шороотой гутал, дриллний үртэс, цавууны хурц үнэрт хоолой ам нь харшилж, нүүр нүд нь хорсож, гар хуруу нь эвдэрсэн ч тэр ажилдаа дэндүү хайртай. Ажлынх нь өрөөг гэрэлтүүлдэг  жижигхэн хөөрхөн зурагт түүний үнэнч найз нь. Зурагтаараа л хорвоо дэлхийн сонин хачинг дуулна уу гэхээс цахим орчинг тэр ойшоодоггүй аж. Хайран сайхан хүүхдүүд цахим сүлжээнд донтож, алт шиг цагаа дэмий үрж байгаад харамсдгаа ч нуусангүй. Гутал засварчин хийлээ гээд муудсан юм алга, хүний дор орсон ч юм алга. Хүнээс дутуугүй л сайхан амьдарч байна. Хөдөлмөр хүнийг хүмүүжүүлнэ, ажлыг битгий голоорой гэдгийг залуу хойчдоо тэр уламжилж байв.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ganaa(155.4.39.118) 2020 оны 11 сарын 03

Naad ajliin bairaa joohon zasaj uud n tataachee nohoin horoo bna shtee chaavaas

0  |  2
Mundag ah(66.181.161.106) 2020 оны 10 сарын 24

Mundag hodolmorch ah shuu ahdaa amjilt husey

0  |  0
Top