ОЛОН ӨНГӨ: Хөлбөмбөгийн хаалга болдог хөглөгөр муу цүнхээ хэзээ ирж авах юм

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 24

Зэвэргэн салхинаа өнгөө гээх сэрүүн намар ихэнхдээ уй гунигийн сүүдэр татах нь элбэг. Одож буйн хойноос гашуудаж, ирж буйн өмнөөс баясдаг хорвоогийн жам туучиж, өдгөө бид хорвоог үгүй юм гэхэд амьдрал гадарлах насанд иржээ. Энэ хэрээр хагацал зовлонд дальдирч, жаргалд бялуурах нь үгүй ч хүйтэн гуниг сэтгэл жиндүүлэх нь нялх багын андаа дурсах гунигт шалтгаан болно.    

Анд минь тэнгэрийн орноо залраад олон оныг үдэж, үе үе бодох ч эргэж уулзах биш дээ, ямар. Анд нөхөр минь нарны алтан зурхайгаас шувууд уйтайхан зэллэж, бараа тасрах цагаар шувуудын цуваа сөрөн одсон сон. Тэр маань идэрхэн залуу насаа сэтгэлд мөнхийн зул болгож орхиод, амьдралын алтан хэвлийд ахан дүүсээ нулимс болгож орхиод, хайрын тэвэрт аав ээжээ уй болгож орхиод, инээд нулимсны алтан заагт хэдэн муу андаа гуниг болгож орхиод одож дээ. Бидэн хоёр амьдрал хэмээх өрөг дээр бодлоо өрчихөөд итгэл хэмээх нүүдлээр гуниггүйхэн нүүж явсан сан. Уйлж дуулсан хүүхэд нас, халгиж цалгисан хэтэрхий залуу нас, ухааны сэжүүр атгаж алдан зогссон цаг хугацааг эргүүлж чадахгүй ч элдэж хөөсөн гээд юу эс мундах билээ.  

Анд маань ахуйн аар саархан зүйлд огт санаа чилээдэггүй хэрнээ хорвоогийн шалтагт санаа зовж суусан өдрүүд олон байсан даа. Хүн харахад бүдүүн баараг, бодь нэгэн байвч сэтгэл дотроо бусдаас илүү нурж, бүхнийг хэн хэнээс илүү мэдэрч явдгийг нь муу найз нь мэддэг байсаан. Тиймдээ ч бидэн хоёрын нөхөрлөл олон оны тоосонд, амьдралын аар саарханд борви нуглаагүй байх.

Анд минь 30 гаруй жилийн өмнө хөл бөмбөгийн хаалга болгож орхисон  хөглөгөр муу цүнхээ хэзээ нэгэн цагт ирж авна. Одтой насны чимэг болгож, охидын зүрхэнд унагасан гунигаа орчлонгийн хаанаас ч юм ирж арчина гэсэн горьдлого хэдэн муу найз нарт нь бий. Хүн амьдрал замын шалтагт амь таславч үхдэггүй, хаа нэгэнтээ оршдог гээ биз дээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ODON(107.200.41.82) 2020 оны 10 сарын 25

BI CH BAS NAIZIIGG\\AA IH SANAJ BAINA. 34 JIL UNGURSUN CH ...

0  |  0
Top