Хүйтэн жавар унаж, уулын орой цагаан малгайгаа духдуулсан улирал эхэлсэн боловч охид, залуус малгай өмсөхөө мартаад толгой нүцгэн харайлгаж яваа харагдана. Хотын гудамжинд зөрөх 10 хүүхэд тутмын ихэнх нь малгай өмсөөгүй байгаа нь сэтгэл эмзэглүүштэй. Намрын сүүл сар гэдэг өглөө, оройдоо дух, чих хайрч жиндүүлэхийг яана. Хүйтний улиралд хувцсаа тохируулж өмсөх, үсээ угаасны дараа заавал хатаачихаад гадагш гарах нь эрүүл мэндээ хамгаалах энгийн арга юм. Хүйтний улиралд малгайгүй явснаар эмгэг хууч өвчин сэдэрч, мэдрэлийн суурь өвчтэй болдгийг эмч нар сануулж байна. Эцэг, эхчүүд үр хүүхдэдээ малгай өмсгөж хэвшүүлэх, малгайгүй явснаар хожим ямар муу үр дагавартай талаар ойлгуулж хэлж байгууштай юм. "Нарантуул", "Бөмбөгөр", "Улсын их дэлгүүр"-ээр малгайны ханш ямар байгаа талаар тоймлон хүргэе.
БИЕИЙН ДУЛААНЫ ГУРАВНЫ НЭГ ХУВИЙГ ТОЛГОЙ ХЭСГЭЭРЭЭ АЛДДАГ
"Нарантуул" захаар өвлийн куртик, гутлаа базааж буй хүн олон байлаа. Малгай, ороолтны лангуун дээр хүүхдийн малгай, бээлий, ороолт нь хосоороо байх ба туулай, бамбарууш зэрэг амьтны дүрстэй эгдүү хүрэм хөөрхөн загвар нь сонголт ихтэй аж. Гурван хос нь 20-25 мянган төгрөг гэж байлаа. Эр, эм ноосон малгай, ороолт 30 мянга, ноосон ороолт 15-20 мянга, хүрээ маягийн дугуй малгайнууд 20 мянга гэж байсан бол сүүлийн үед тренд болоод байгаа орой дээрээ үслэг бөмбөлөгтэй малгайнууд 30-35 мянган төгрөг байв. Харин элдэв зураг, гоёлгүй энгийн хэр нь тод өнгийн ноосон малгайнууд 5-15 мянга, эрэгтэй кэйпкин малгайнууд 20 мянга төгрөг байлаа. малгай, ороолтны лангуун дээр бээлий төрөл бүрээрээ дагалдах бөгөөд даавуун, ноосон, савхин гэдгээсээ шалтгаалаад 5-30 мянган төгрөг ажээ. Хүүхдээ дагуулсан эх малгай сонирхож байгаатай таарав. Охин нь хийц загвар нь их л ховрын бараа эрээд байгаа бололтой голонгуй, дурамжхан өмсөж үзнэ. Ээж нь “Даарахгүй л байвал ямар ч яадаг юм” гэж хангинаж байгаа нь дуулдана. Тэд уйгагүй үзсэний эцэст мөнөөх үслэг бөмбөлөгтэй тод өнгийн малгайг сонгов. Худалдан авагч бүсгүй “Хүүхдүүд үгэнд орохгүй юм аа, толгойноосоо даарна, малгайгаа өмс гэхээр за гэж өмсөж гарангуутаа малгайгаа цүнхэлчихдэг бололтой юм. Орой нь ханиалгаад, толгой тархи өвдлөө гээд ороод ирнэ. Эм тангийн үнэ ямар их өслөө дөө” гэж үглэнгүй учирлаж байв.
ҮСЛЭГ БӨМБӨЛӨГТЭЙ ХУРЦ ТОД МАЛГАЙ ЭНЭ ӨВЛИЙН ТРЕНД БОЛОХ НЬ
Үнэхээр л толгойноосоо даарсанаас болж яваандаа тархины судас нарийсаж, цаашлаад цус харвах магадлал нэмэгддэг талаар эмч нар хэлдэг. Насанд хүрсэн хүн биеийн дулааны гуравны нэг хувийг толгой хэсгээрээ алддаг бол бага насны хүүхдүүд биеийн дулааны гуравны хоёр хэсгийг алддаг аж. Ер нь л хүн толгойноосоо даарахад л бүх бие нь жихүүцэн тухгүй болдог доо. Тухайлбал, насанд хүрсэн хүний уураг тархинд нэг минутад ойролцоогоор 750 мл (зүрхнээс тархи руу урсах цусны 15 хувь) цус урсан тэжээлээр хангадаг бол даарах тохиолдолд биеийн дулааны 7-10 хувийг алдаж, гүрээний судас нарийсаж, цусны урсгалын хурд удааширснаар тархины цусан хангамж мууддаг байна. Ингэснээр дараах эрүүл мэндийн сөрөг нөлөөг үзүүлдэг. Архаг өвчин сэдрэх, тархиар хатгуулж өвдөх, хараа, сонсгол муудах, нулимс гоождог болох, нойр муудах, мэдрэлийн суурь өвчин үүсэх, ой тогтоолт муудах, стресст өртөж ажлын чадвар буурах, хуйхны эрүүл орчин алдагдах, үс хуурайшиж, өнгөө алдах зэрэг олон сөрөг үр дагавартай.
Урт сайхан үсээ задгайлсан охид малгайгүй дэгдэхийг хараад эмчийн хэлсэн олон сөрөг нөлөө санаанд оров. Тэр ч бүү хэл зарим нь үсээ угаагаад хатааж амжилгүй, чийгтэй байхад нь гараад ирсэн нь илт. Үснийх нь үзүүр хөлдсөн, толгойных нь оройноос уур савсана. Бид ч гэсэн залуудаа ингэж л гүйдэг сэн гэж бодмогц чамархайн тус газар янхийтэл хатгуулдаж өвдөх шиг болов. Улмаар "Бөмбөгөр" худалдааны төв рүү зорилоо. Ноосон малгай, ороолт 30-40 мянган төгрөг гэж байсан бол ангор малгай, ороолт хосоороо 60 мянган төгрөг гэж байлаа. Тэгвэл хонины ноосон малгай, ороолт хосоороо 45-65 мянган төгрөг гэж байв.
"Улсын их дэлгүүр"-ийн ноолууран хувцасны тасагт малгай дангаараа 39-55 мянга, ороолт 99-179 мянган төгрөгийн үнэ ханштай байв. Харин ноолууран бээлий 35-55 мянган төгрөг гэв. Өвлийн улирал хараахан эхлээгүй байгаа тул үслэг малгай арайхан гараагүй байлаа. Малгайны тасгийн худалдагч охин “Сэрүүний улирал эхэлсэнтэй холбогдуулж үйлчлүүлэгчид дулаан цамц, өмд, малгай, бээлий ихэвчлэн сонирхож байна" гэв.
Эрүүл биед саруул ухаан оршино. Малгай гэдэг гоёл чамирхал гэхээсээ илүүтэй таны эрүүл мэндийг хамгаалах гол зэвсэг учир үнэрхэж намжирхалгүй гол нь дулаан явахаа бодох нь чухал юм. Тиймээс малгайгаа тогтмол өмсөж дээр дурдсан өвчлөлөөс өөрийгөө хамгаалаарай. Ялангуяа эцэг эхчүүд хүүхдүүддээ хараа хяналт тавьж малгайг нь байнга өмсгөж хэвшүүлэхгүй бол хойшид ой тогтоолт, хараа нь муудсан, нулимс нь гоожсон, тархиар нь хатгасан хүн болох нь байна шүү. Хотын гудамжинд зөрөх 10 хүүхэд тутмын ихэнх нь малгай өмсөөгүй байгаа нь сэтгэл эмзэглүүштэй.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
баян хүмүүс л нарантуул явдаг байх хороололоор дүүрэн хямдрал байхад