АНУ Парисын уур амьсгалын өөрчлөлтийн тухай хэлэлцээрээс албан ёсоор гарлаа. Нэг жилийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэ тухай НҮБ-д албан ёсоор мэдэгдэж байсан бөгөөд хэлэлцээрээс гарах албан ёсны үйл явц өнөөдөр /2020.10.04/ дуусгавар болсон байна.
АНУ нь хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээгээр дэлхийд хоёрт ордог бөгөөд хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээг багасгах үүрэг бүхий Парисын гэрээнээс гарч буй анхны улс болж байна. Тус гэрээнд нийт 189 улс орон нэгдсэн байдаг.
АНУ-ын ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байден тус хэлэлцээрт АНУ-г даруй буцааж нэгдүүлнэ гэж амласан билээ. Харин үүний тулд тэрбээр ерөнхийлөгчийн сонгуульд ялах ёстой. Одоогийн байдлаар, АНУ-д сонгуулийн санал хураалтын дүнг гаргах явц үргэлжилж байна. Парисын хэлэлцээрт буцаж нэгдэх нь Байдены хоёр их наяд ам.долларын өртөг бүхий төлөвлөгөөний зөвхөн нэг заалт. Тэрбээр энэхүү асар их хэмжээний хөрөнгийг ногоон технологийн хөгжил, 2035 он гэхэд АНУ-ын эрчим хүчний салбарын хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээг ихээхэн хувиар бууруулж, 2050 он гэхэд тэг буюу хүлэмжийн хий ялгаруулдаггүй улс орон болоход зориулна гэж амласан билээ. Агаарын тээврийн салбар дэлхийд бий болж буй хүлэмжийн хийн хоёр хувийг үйлдвэрлэдэг тул Байден онгоцны экологийн цэвэр түлш бүтээх санаачилгыг дэмжих амлалт өгөөд байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )