Гурван жилийн өмнө буюу 2016 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр НҮБ-ын төв байранд хүн төрөлхтний төдийгүй, эх дэлхийн ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэх нэгэн үйл явдал болсон нь Парисын уур амьсгалын өөрчлөлтийн тухай гэрээнд гарын үсэг зурах ёслол байлаа. Парисын уур амьсгалын өөрчлөлтийн тухай гэрээ дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх улс орнуудын нийтийн хүчин чармайлтад шинэ хүч нэмсэн билээ.
ЯМАР ЗОРИЛГО АГУУЛЖ, ЯАГААД БИДНИЙ ИРЭЭДҮЙ ҮҮНЭЭС ХАМААРЧ БАЙНА ВЭ?
Гэрээний гол зорилго нь хүлэмжийн хийн хэмжээг багасгах замаар дэлхийн дулаарлыг аж үйлдвэржилтийн өмнөх үеийн хэмжээнээс хоёр градусаар нэмэгдүүлэхгүй барих буюу 1.5 градусаас дээш нэмэгдүүлэхгүй байхад оршино. Хүлэмжийн хийг хамгийн их хэмжээгээр үйлдвэрлэж буй улс орнууд дэлхийн уур амьсгалыг өөрчилж буй агаар, хөрс, усны бохирдлын хэмжээг багасгах томоохон үүрэг авснаас гадна хөгжингүй улс орнууд хөгжиж буй улс орнуудад уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг нь дээшлүүлэхэд туслалцаа үзүүлэх амлалт авав. 2015 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр Парис хотноо болсон НҮБ-ын Уур Амьсгалын Өөрчлөлтийн Суурь Конвенцийн (UNFCCC-УАӨСК) гишүүн орнуудын 21 дэх чуулга уулзалтад (COP21) 195 орны төр, засгийн тэргүүн цугларч, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын хүчин чармайлт гарган тэмцэх түүхэн шийдвэрт хүрсэн. Гэрээ 55 улс соёрхон баталснаар хүчин төгөлдөр болох ёстой байсан бөгөөд 2016 оны арваннэгдүгээр сарын дөрөвний өдөр хүчин төгөлдөр болсон юм.
Одоогоор, тус гэрээнд 197 орон нэгдээд байна. Хамгийн сүүлд дайнд нэрвэгдээд буй Сири улс соёрхон баталсан байдаг. Хүлэмжийн хийг үйлдвэрлэдэг томоохон улс орнуудаас ОХУ, Турк, Иран улс өнөө хэр элсээгүй байгаагийн дээр АНУ тус гэрээнээс гарах болсноо зарлаад байгаа. Гэхдээ гэрээнээс гарах явц гурван жил үргэлжилж, тодорхой шаардлагуудыг хангасны дараа тухайн улс гарах болзлыг хангадаг.
32 хуудас бүхий Парисын гэрээ хүлэмжийн хийг багасгах замаар дэлхийн дулаарлыг хазаарлах зорилт дэвшүүлээд байна. Хятад улс гэхэд нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтын хэмжээг 2030 он гэхэд 60-65 хувиар бууруулах зорилт тавиад байгаа бол Энэтхэг улс 33-35 хувиар бууруулж, цахилгаан эрчим хүчнийхээ 40 хувийг чулуужсан бус түлшээр хангах амлалт өгөөд байна. Түүнчлэн Парисын гэрээнд оролцогч улс орнууд хүлэмжийн хийн ялгаруулалтыг багасгах зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар нээлттэй тайлагнах үүрэг хүлээсэн бөгөөд хөгжилтэй улс орнууд хөгжиж буй улс орнуудад уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг болон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр хэрэгжүүлж буй хүчин чармайлтыг дэмжин санхүүгийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх үүрэг авсан юм.
ЯАГААД ПАРИСЫН ГЭРЭЭ ЧУХАЛ ВЭ?
Нэг сэдэв дээр дэлхийн бараг бүх улс үндэстэн зөвшилцөлд хүрэх тохиолдол тун ховор байдаг. Тэгвэл дэлхийн удирдагчид уур амьсгалын өөрчлөлт хүний хүчин зүйлсээс бүрэн хамаарч, байгаль орчин болон нийт хүн төрөлхтний ирээдүйд заналхийлж, үүнийг зогсоохын тулд дэлхий нийтийн хамтын хүчин чармайлт зайлшгүй гэдэгт санал нэгдэж чадсан. Түүнчлэн энэхүү гэрээ хүлэмжийн хийн хэмжээг багасгах чиглэлээр авах арга хэмжээ, хүрэх үр дүнг маш тодорхой зааж өгсөн.
Дараах шалтгаанаар энэхүү гэрээ чухал ач холбогдолтой гэж шинжээчид дүгнэж байна.
Үүнд:
Хүний үйл ажиллагааны үр дүн болсон хүлэмжийн хий дэлхийн дулаарлын үндсэн шалтгаан нь болж байна. Нүүрстөрөгчийн давхар исэл, азотлог исэл, метан хий нь агаар мандалд хуримтлагдсанаар дэлхийн гадаргууд бий болсон халуун агаарыг дээш гаргалгүй барьж хүлэмжийн хийн гэгддэг нөлөөг бий болгодог байна.
Энэхүү асуудлыг судалж буй олон улсын эрдэм шинжилгээний байгууллага болох Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх засгийн газар хоорондын шинжээчдийн хорооны судалгаанаас үзвэл, халуун агаарын занга болсон эдгээр хийн хэмжээ аж үйлдвэржилтийн үеийн хэмжээнээс ихээхэн нэмэгдэж, сүүлийн 800 мянга гаруй жилд байгаагүй үзүүлэлтэд хүрчээ. 1750 онтой харьцуулбал, уур амьсгалын өөрчлөлтийн гол “буруутан” болох нүүрсхүчлийн давхар ислийн хэмжээ 40 хувиар нэмэгдсэн бол азотлог ислийн хэмжээ 20 хувь, метан хийн хэмжээ даруй 150 хувиар нэмэгдсэн нь чулуужсан бохир түлш шатааснаас үүдэлтэй. Эдгээр хий 1950-иад оноос хойш дэлхийн агаарын температурыг нэмэгдүүлэхэд үлэмж хувь нэмэр оруулсан гэж Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх
Засгийн газар хоорондын шинжээчдийн хороо үзэж байна. Үүний сацуу, ойг их хэмжээгээр устгасан явдал болон ойн доройтол үүнд багагүй нэмэр болжээ.
ДЭЛХИЙН ДУЛААРАЛ УУР АМЬСГАЛЫН СИСТЕМД ЗАНАЛХИЙЛЖ БАЙНА
Хөрсний болон далайн усны температур нэмэгдсэнээр дэлхийн цаг агаарын төлөвийг өөрчилж байна. Энэ нь хэт халалт, ган гачиг, үер, ой хээрийн түймэр, далайн хар шуурга зэрэг цаг агаарын аюултай үзэгдлийн тоог нэмэгдүүлж байна. Мөнхийн цас, мөсөн гол, мөнхийн цэвдэг хайлж буйн гол шалтгаан мөн энд л оршиж байна. Эдгээр нь далай, тэнгисийн усны хэмжээг нэмэгдүүлж, эргийн хөрсний эвдрэлийг үүсгэж байна. Агаарын халалт экосистемд бүхэлд нь нөлөөлж, амьдралын мөчлөг, амьтны нүүдлийг тэр чигээр нь өөрчилж байна. Зөгий болон бусад тоос хүртээгч шавьж гарч ирээгүй байхад мод, ургамал хавар эрт цэцэглэж байх жишээтэй. Дэлхийн дулаарал зарим газарт ургамал ургах хугацааг уртасгаж байхад, усны хомсдол нүүрлэсэн бүс нутгийг улам бүр хуурайшуулж, ургац алдах, ган гачигт нэрвэгдэх, ойн түймэр гарах нөхцөлийг бүрдүүлж байна.
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БА ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД
Уур амьсгалын өөрчлөлт хэт халалтыг бий болгож, цаг агаарын аюулт үзэгдлийн давтамжийг нэмэгдүүлснээр агаар, ус, хүнсний чанарт сөрөг нөлөө үзүүлж, элдэв төрлийн өвчин тарааж, бидний аюулгүй байдалд заналхийлж байна. Хэт халалт зүрх, судас, амьсгалын замын өвчин үүсэхэд шууд нөлөөлж байна. 2010 оны тавдугаар сард болсон хэт халалтын үеэр Энэтхэгийн Ахмедабад хотод гэхэд 1300 гаруй хүн амиа алдсан. Өндөр температур агаарын чанарт сөргөөр нөлөөлж, утаа, тоосонцор, харшил үүсгэгч бодис үүсгэснээр, дэлхий дээр 235 сая хүн астма өвчнөөр шаналж байна.
Ган гачиг усны хомсдлыг бий болгодог бол үер ундны усыг бохирдуулж, бохир уснаас үүдэлтэй төрөл бүрийн өвчин тарааж байна. Байгалийн гамшигт үзэгдэл орон гэр, дэд бүтэц, хүмүүсийн амьдралын хэв маягт мөн нөлөөлж байна. Дэлхийн эдийн засгийн форум цаг агаарын аюултай үзэгдэл, байгалийн гамшиг, уур амьсгалын өөрчлөлтийг ирэх хэдэн арван жилд хүн төрөлхтөнд заналхийлж буй хамгийн том аюул хэмээн дүгнэжээ.
ДЭЛХИЙН ДУЛААРЛЫГ ХАМТЫН ХҮЧЭЭР ЗОГСООЖ ЧАДНА
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх засгийн газар хоорондын шинжээчдийн хороо уур амьсгалын өөрчлөлтийг хүлэмжийн хийг их хэмжээгээр тогтвортой буруулснаар зогсоож болно гэж үзэж байна. Дэлхийн агаарын температур аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс хоёр градусаар нэмэгдвэл амьд амьтан олноор устаж үгүй болох, ган гачиг, хүчтэй шуурга, усны түвшин нэмэгдэх эрсдэлийг бий болгоно.
Парисын гэрээтэй холбоотой олон буруу мэдээлэл олны дунд тархсан байдаг. Жишээ нь, АНУ-ын Ерөнхийлөгч ДональдТрамп гэрээг хэрэгжүүлэхэд АНУ-ын эдийн засаг 2040 он гэхэд гурван их наяд ам.долларын алдагдал хүлээж, 2025 он гэхэд 2.7 сая ажлын байр үгүй болно гэж мэдэгдэж байсан нь ор үндэслэлгүй мэдээлэл юм. Бодит байдал дээр, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ аваагүй тохиолдолд үнэлж баршгүй, асар их хэмжээний хохирол учирна гэдгийг судалгаа харуулж байна. Судалгаанаас үзвэл, АНУ гэрээг хэрэгжүүлээгүй тохиолдолд ирэх арван жилд зургаан их наяд ам.долларын хохирол амсах тооцоо гарчээ. Түүнчлэн, энэ зууны төгсгөлд дэлхийн ДНБ 25 хувиар буурна гэсэн судалгаа байгаа бол зарим нэг судалгаанаас үзвэл цэвэр эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлж, эрчим хүчийг хэмнэх замаар Парисын гэрээний дэд бүтцийн чиглэлээр тавьсан зорилтуудыг биелүүлсэн тохиолдолд 19 их наяд ам.долларын ашиг авчрах аж. Ажил эрхлэлтийн хувьд, цэвэр эрчим хүчний салбарт өнөөдөр гурван сая гаруй хүн ажиллаж байгаа нь нүүрс, хий, газрын тос болон бусад чулуужсан түлшний салбарт ажиллаж буй ажилчдын тооноос даруй 14 дахин их байгаа юм. 2030 он гэхэд цэвэр эрчим хүчний салбар хагас сая ажлын байр бий болгоно.
Парисын уур амьсгалын өөрчлөлтийн тухай гэрээний зорилт, үй ажиллагааны хүрээ шинэчлэгдэх боломжтой гэдэг нь чухал юм. Энэхүү гэрээнд тусгасан зорилт, үзүүлэлтүүд нь хамгийн дээд бус харин хамгийн доод хязгаар гэдгийг санах хэрэгтэй. Энэ гэрээнд оролцогч бүх улс үндэстнүүд хүн төрөлхтний нийтийн дайсан бол уур амьсгалын өөрчлөлт гэдэгтэй санал нэгдэж буй нь хамгийн чухал эхлэл юм. Дэлхийн бүх улс үндэстэн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүчин чармайлтаа дайчилснаар Парисын гэрээний хүн төрөлхтний ирээдүйд оруулах шийдвэрлэх хувь нэмрийг баталгаажуулах юм. Энэ үйл хэрэгт хүн бүрийн оруулсан хувь нэмрийн шагнал нь бидний хойч үеийн амьдрах илүү аюулгүй, цэвэр дэлхий байх юм.
Сэтгэгдэл ( 0 )