Тэнгэрийн араншинг “Уншдаг” хүн

Админ | Zindaa.mn
2020 оны 11 сарын 13

Өнөө цагт ажил үйлс, авьяас билгээр түмэнд танигдаж хүндэтгэл олсон хүмүүсийг тоолох аргагүй олон болж. Зурхайч нар “Бумбын оронд шилжсэн учир энэ жаранд Монголчуудын аз хийморь, билиг чанар бадарч, буян хишиг нь дэлгэрнэ” гэж зурхайлах аж. Үнэхээр тэр зурхайн зурлагаар ч юм уу, эсвэл мэдээллийн технологийн хөгжлийн, гайхшрал төрүүлсэн хуудаснаас болов уу “од” болохын хүслэн газар авч, омтогхон бодолтой нэг нь олны нүдэн дээр “шатах” нь энүүхэнд хэрэг боллоо. Гэтэл “од, одоороо төрдөг. Олдмол гэрлээр “од” болдоггүй юм” гэж юм үзсэн, холыг боддог хашрууд хэлэлцэх аж. Үнэхээр он цагийн уртад “гэрэл” буюу эрдэм билиг, авьяас чадвар нь дундардаггүй, олонд хүндлэгдсээр байдаг “од” болсон хүмүүс олон байна. Тийм хүмүүсийг  харахаар дээр дурдсан хашруудын үг санаанд орж “Од” төрмөл байдаг гэдэгт итгэнэ. Тухайн салбартаа тийм төрмөл “од” болсон хүний нэг бол Дамбын Шагдарсүрэн юм. “Од” эрхмүүд зөвхөн урлагийн салбарт л тодордог хэрэг биш аж. Тэр жирийн нэг малчны хүү бөгөөд хуучин тогтолцооны үед мэргэжил, боловсрол олж авсан л нэг, цаг уурын инженер. Гэхдээ түүнд “байдаг л нэг” гэсэн тодотгол тохирохгүй. Д.Шагдарсүрэн ажил амьдралын холч нүүдэл дундаа тэнгэрийн “хэмийг уншдаг” “хаан” инженер болсны зэрэгцээ сэтгүүлчийн мэргэжлийг авьяас билгээрээ “хүчирхийлэн” олж авсан хүн.

Он цаг улирч, нийгмийн тогтол­цоо өөрчлөгдөж, мэдээл­лийн технологи маш хурдтай шинэчлэгдэж байгаа ч монголчууд бид, тэр дундаа малчин тариаланчид маань өнгөрсөн зууны 2-р хагасын дархлагдсан зуршлаараа цаг уурч Д.Шагдарсүрэн үгээр ажил амьдралаа зохицуулж, мал сүргээ адуулан хариулж байна гэхэд хилсдэхгүй. Нийгэм хичнээн хөгжсөн ч тэнгэрийн “хэл” х”уучирдаггүй, түүнийг сайн уншдаг хүмүүсийн тэргүүн нь Д.Шагдарсүрэн болохоор өөр яах ч билээ. Хаа нэг мал­чид тариаланчдын дунд ороход “Өчигдөр Шагдарсүрэн, намар налгар өнгөрнө. Харин өвлийн сардаа говь талдаа цас ахиухан унаж хүйтрэх шинжтэй гэж ярилаа” гэх юмуу, эсвэл “Тариалангийн нутгаар 8-р сарын сүүлчээр бороо их орж, 9-р сарын эхээр эрс сэрүүсэж уулаараа нойтон цас орох магадлалтай. Иймд тариаланчид тариагаа хяруу цохихоос хамгаалах бэлтгэлээ хангах хэрэгтэй гэсэн. Тун шуурхайлахгүй бол горьгүй” гэцгээнэ. Зарим нь “Өнөө өглөө Шагдарсүрэн намрын дунд сарын арван долооны шөнө 00 цагт ойрынхоо өндөр ууланд гарч тэнгэр ажаарай. Агаарын солигдол, униар, салхины зүг чиг ирэх өвлийн цаг агаарын талаар олон юм хэлнэ шүү гэлээ. Ирэх 17-нд л хойд хайрхандаа гарч ажиглая” хэмээн өгүүлнэ.

Энэ мэт мэдээллүүд нь Д.Шагдарсүрэнгийн шинжлэх ухааны болон монголчуудын уламжлалт шинжлэл арга ухаан, зурхайн тайлал тайлбараар баттай нягтлан үзсэн, магадлал өндөртэй үнэн байдаг. Тэдгээр мэдээллүүд нь цаг агаар, үзэгдэл, өөрчлөлтөөр батлагдах учир Д.Шагдарсүрэнгийн үгэнд итгэхээс өөр яах билээ. Ийм баттай үнэн зөв, шинжлэх ухаанч мэдээлэл, тайлбар, таниулгаараа Д.Шагдарсүрэн малчдын байгаль цаг уурын багш, дотно зөвлөгч нь болсон хүн. Мөн өөрөө “багшилж” зөвлөхийн зэрэгцээ малчид тариаланчдаас хичээн суралцаж байдаг, шалгарсан “шавь” нь юм. Тэр чанараараа Д.Шагдарсүрэн цаг үеэсээ хэзээ ч хоцордоггүй бөгөөд мэдээ мэдээлэл түгээх­дээ, нэвтрүүлэг хийхдээ тодор­хой нэр хаягтайгаар малчид тариаланчид, ахмад хүмүүсийн цаг агаарын уламжлалт мэдлэг, яриа, ажиглалтын талаар баялаг баримт сөхөж ярьдаг. Энэ нь түүнийг хичнээн олон хүнтэй харьцаа тогтоож, ямар өргөн талбарт хүрч ажилладгийг гэрчлэх аж. Тэр, 2016 онд “Тэнгэр унших эрдэм” нэртэй ахмад хүмүүс болон малчдын цаг уурын уламжлалт мэдлэг, туршлага, ажиглалтыг нэгтгэсэн авсаархан ном гаргасан билээ. Уул номдоо тэнгэрийн байдал, од гарагийн тохиол, байршил, салхины зүг чиг, урсгал, ан амьтны хөдөлгөөн, мод ургамлын ургах гандах байдал зэргийг ажиглаж, цаг агаарын байдлыг урьдчилан мэдээд ажил амьдралаа зохицуулж ирсэн уламжлалт мэдлэгийг тодорхой өгүүлсэн юм.

Жишээ нь, ойн шаазгай тал уруу бууж идэш эрж, өвдөл цөвдөл эргүүлэх нь ихэсвэл хангайд цас их унах, анхны цаснаар бор гөрөөс модны зах, ойн цоорхойд гарч хэвтэх, бугын дуудлага оройтож, удаан байвал тэр нутагт өнтэй сайхан өвөл болохын шинж. Ногтруу говь тал нутагтаа олширвол өвөл сайхан болдог гэдэг. Цас шоргоолжны үүрний ар талаас эхлэн хайлбал зун нь урт дулаахан, өврөөс нь эхэлж хайлбал сэрүүн богинохон болно. Өвлийн эхэн сард цас их орвол зуны эхээр ширүүн бороо орно. ...Говьд тэмээ тэнгэрийг сайн мэддэг гэлцдэг. Харин хангайд бол сарлаг лут шүү дээ. Намрын сүүлчээр сарлаг зэлэндээ ирэхгүй хээр хоноод, өглөө, орой цуглуулж ирэх ажил удаад ирвэл гарах өвөл чангахан болно. Сархлаг хэцээд гарахгүй, тугалдаа сүжрээд байвал өнтэй өвөл болно. Говийнхон могой нүхнээсээ гарч ил явах, ногтруу бутанд шургах юм уу ойр ойрхон нисэж бөөгнөрөөд, биеэ сэгсчээд бай­вал хавар салхи шуурга тавина. Харин зун хур элбэгшинэ гэдэг билээ. Хангайд бол сохор номингийн шороо олшроод ирвэл бороо ордог юм гэх мэтээр олон тооны ажиглалт, сонин содон баримтыг өгүүлжээ. Тэр бүхнийг уншихад монгол малчид ямар их ажигламтгай, байгаль цаг уурын өөрчлөлт хувьсал хөдөлгөөний холбоо хамаарлыг хичнээн гүнз­гий тусгаж цаг агаарын урьд­чилсан төлвийг тодорхойлж ирсэнд гайхмаар. Малчдын энэ уламжлалт мэдлэгийн сан хөмрөгийг Д.Шагдарсүрэн шиг судалж цуглуулан, мэдэж авсан хүн ховор.

Жил бүрийн намрын дунд сарын 17-нд Д.Шагдарсүрэн аль нутгийн томоохон уулыг зорьж очин, тэр нутгийн малчдын хамт тэнгэр “уншиж” ирнэ. Тэгснээр тэр намрын үлдсэн хоногууд, ирэх өвөл хаврын цаг агаарын байдал төлвийг шинжлэх ухааны мэдээлэлтэй харьцуулан нягталж гаргана. Мөн цаг уурын давтамжит үзэгдлүүдийг нарийн тандана. Энэ нь цаг уурын уйгагүй бүтээлч судлаачийн л хийх ажил юм. Дээр нь Д.Шагдарсүрэн байр сууриа эзэлсэн том сэтгүүлч учраас энэхүү нягталсан мэдээллээ малчид, тариаланчдад төвөг­гүйхэн хүргэж хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд оюуны хөрөнгө оруулалт хийж дөнгөнө. Энэ бол Д.Шагдарсүрэнгийн сүүүлийн 40 гаруй жил эрхэлж ирсэн ажлын ерөнхий зураг. Гэхдээ Д.Шагдарсүрэн зөвхөн монголчуудын цаг уурын уламжлалт мэдлэгийг баримтлан зүтгээд байдаг судлаач биш. Тэр, олон улсын муссон судлалын “Муссон-78”, “Муссон-79” далайн экспедицид оролцож агаарын дээд давхаргын буюу аэрологийн судалгаа хийлцэж, бөмбөрцгийн умард, өмнөд х агасын болон экваторын бүс орчмын агаарын урс­галын горим, өөрчлөлт зэргийн талаар нарийн мэдээлэл цуглуулж прогноз боловсруулж явсан түүхтэй.

Д.Шагдарсүрэн энэ чиглэлээр 1978, 1979 онд 2 удаа Энэтхэгийн далайд гарч 231 хоногийг “Академик Ширшов”, “Прибой” гэсэн 2 онгоц дээр үзсэн билээ. Ингэж ажиллахдаа ЗХУ-ын /хуучин нэрээр/ Алс Дорнодын цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн Борис Николаевич Лисогурский, Унгар улсын цаг уурч Ференц Домбай, Чехославк улсын цаг уурын Мариан Волек, Болгар улсын цаг уурч Столян, ЗХУ-ын /хуучин нэрээр/ синотикч Ирина Григоревна Влисова зэрэг судлаач эрдэмтэдтэй танилцаж, хамтран ажиллаж ихээхэн зүйл суралцсан гэдэг. Энэ талаар 2007 онд хэвлүүлсэн “Их далайн мандалд” номдоо тодорхой өгүүлсэн билээ. Номын хуудас бүрээс Д.Шагдарсүрэнгийн бүтээлч, нягт нямбай ажиллагаа, бусадтай гар нийлэн ажиллах чадвар, ухаалаг нээлттэй бай­дал зэрэг нь тодорхой мэдрэгд­дэг. Зан байдлын эдгээр чанар нь Д.Шагдарсүрэнгийн он цагийн уртад өөрчлөгдөж бүдгэрээгүй төрмөл өгөгдлүүд юм. Дээр нь Д.Шагдарсүрэн хэнтэй ч хэлэлцэж чадна. Бас хэлэх гэсэн үгээ хэнд ч хэлж дөнгөнө. Зөвд зөөлөн, бурууд хатуу ханддаг араншинтай. Тэр, тэнгэр “эцэг”-ийн аав Дамба багш эрдэмтэн И.Нацагдорж, цаг уурын хүрээлэнгийн захирал Р.Мижиддорж нараа дурсан ярих дуртай. Тэр дундаа цаг уурын албаны цаадах, наадах эрдмийг зааж өгсөн болохоор нь тэрүү, МУ-ын байгаль орчны гавьяат ажилтан, эрдэмтэн Л.Нацагдорж багшийгаа илүүтэй дурсана. Тэрээр “Л.Нацагдорж багшб ол хэнтэй ч ном хаялцаад ялаад гарах өргөн мэдлэгтэй тул өөртөө хүрэхгүй хүмүүст “их зан” гаргачихдаг, түүгээр нь шавь бид нар бахархаж явдаг юм. Бид багшийгаа “жанжин” гэж нэрлэцгээнэ” хэмээн өгүүлнэ. Үнэндээ Д.Шагдарсүрэн тэр “жанжин”  хэмээдэг багшаасаа Монголд байтугай олон улсын тавцанд нүүр улайхгүй ажиллаж чадах мэдлэг чадварыг олж авсан хэрэг.

“Муссон-78”-д оролцох Мон­­голын багийг томилох хурал дээр тэр үеийн Ус цаг уурын хүрээлэнгийн захирал Р.Мижиддорж “Догирхож бие тоосон байдал гаргаж болохгүй. Улсаас хүлээлгэсэн итгэл найдварыг биелүүлэх хэрэгтэй. Нацагдоржийг дуурайн хэгжүүрхээд байж болохгүй” гэж захиж хэлсэн үг бий. Эндээс үзэхэд Д.Шагдарсүрэн бага залуудаа Л.Нацагдорж багшаас эрдэм, мэдлэг, ???? чадвар, бас эрдэмтдээ эрдэж явахын “гал”-ыг олж “томорч” явсан өдрүүд бий нь илт. “Чадаж байгаа юманд арга байхгүй” гэж үг бий. Үнэндээ чадахгүй байж сагсайвал гутамшиг, чаддагаа харуулж байвал гайхамшиг юм. Д.Шагдарсүрэн он цагийн уртад сайн хүмүүсээс байнга суралцаж, чадна гэсэндээ дан­даа хүрч “жигүүрхэндээ хүчтэйгээ” харуулж ирсэн хүн. Нэг үгээр хэлэхэд Монгол цаг уурын салбарт өөрөө гэрэлтсэн “од” гэж болно. Тэр, төрмөл билиг чанар буюу “гэрлтэй” учраас хэзээ ч бүдгэрэхгүйгээр он цагийг элээж байна гэж бодном. Д.Шагдарсүрэн тэр л чанараараа тэнгэрийн “хэл”-ийг уншсаар, түүх намтраа зузаалсаар байна. Тиймээ тэнгэрийн араншинг мэдье гэвэл Д.Шагдарсүрэнгийн ярихыг сонсохоос өөр аргагүй. Цаг уурч Дамбын Шагдарсүрэн ярьж байна. Сувгаа бүү солиорой.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Н.Даваадаш /СГЗ/

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ша(202.179.25.144) 2020 оны 11 сарын 13

Шагдарсүрэн тэнгэрийн байдлыг уншиж байгаа юм биш харин цаг уурын техникүүд цаг агаарын байдлыг урьдчилан мэдээлж байгаа юм. Тэр мэдээллийг дамжуулдаг хүн нь Шагдарсүрэн байх л даа. Хүнийг тэгэж магтдаггүй юм. Ажилсаг хичээнгүй эх оронч эрдэм номтой гэж магтаж болно. Болоогүй байна даа Даваадаш гэсэн үү

0  |  0
Top