Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн “Жүд” дацангийн их умзад лам, гэвш Д.Тулгаатай ярилцлаа.
-Ярилцлага авах саналыг маань хүлээж авсанд баярлалаа. Та бурхны ном, эрдмийг хаана суралцсан бэ?
-Би Хөвсгөл нутагтаа 2000-аад оны эхээр лам болсон. Энэ Жүд дацангийнхаа 2002 оны зиндаа. 2006 онд Шашны их сургуулийн Шүтээн урлалын ангид сурч, 2009 оноос хойш Жүд дацандаа буцаад хурсан. 2010 оноос хойш дацангийнхаа умзад болж, өнөөг хүртэл Жүд дацангийн умзад ламаар хурж байгаа.
-Хүмүүс үүнийг төдийлөн мэддэггүй байж болох юм. Хурал номын умзад лам нь ямар үүрэгтэй байдаг вэ?
-Хурлын умзад лам нь энгийнээр бол гоцлол дуучин гэдэг шиг хурлынхаа гоцлол уншаач гэж болно. Ум гэдэг нь төв гэсэн үг. Зад гэдэг нь зохиогч гэсэн үг. Төвийг зохиогч буюу голлон уншигч гэсэн санаа. Умзад лам нь хурлын ая дан, уншлага хурдан, удаан, ямар байлгах вэ гэж тэр бүгдийг тохируулж, хурдаг, хурал номын нэлээн гол албан үүргийг гүйцэтгэдэг хүн л дээ. Хурал номын ая дан нь ямар байх ёстойг багш нараасаа сурч аваад умзад болно. Умзад болсноосоо хойш шинээр суралцаж байгаа хүүхдүүдэд хурлын ая данг заах үүрэг оноогддог. Сар бүрийн хурал номуудыг ахалж уншдаг.
-Сүм хийдүүд бүгд л умзад ламтай байдаг гэж ойлгож болох уу?
-Ер нь бол хийдүүдэд умзад, ловон гээд бүх л албан мяндагтан лам нар байх ёстой. Жүд дацангийн онцлог гэвэл манай хурал ном бүгд бүдүүн, шахмал хоолойгоор унших ёстой байдаг. Бусад хийдэд номыг заавал тийм хоолойгоор унших ёстой гэсэн зүйл байхгүй.
-Тэр нь ямар учиртай вэ?
-Энэ нь Аг тарнийн ёсны дацан учраас заавал бүдүүн, шахмал хоолойгоор хурал номоо хурдаг. Аргил бүдүүн хоолой гаргаж уншиж байгаа нь эрлэгийн элчийн хоолой гаргаж байна гэж үздэг. Аг тарнийн ёсны жүд дацангийн бүх лам бүдүүн хоолойгоор архирч уншдаг онцлогтой. Жүд дацангийн хурал ном бусад хийдтэй харьцуулахад дэг жаяг хатуу, онцлог ихтэй. Тухайлбал, хурал дээр хоорондоо илүү зүйл ярихгүй, гараа жанчнаасаа гаргахгүй гэх мэт маш нарийн, хатуу дэг жаягтай байдаг.
-Та гэвш цолтой юм байна. Ер нь бурхны шашинд лам хуврагууд хэчнээн төрлийн цол, хэргэм байдаг вэ?
-Цол нь дотроо сахилын эрэмбэ гэж байна. Сахил нь дотроо гэнэн, равжүн, гэцэл, гэлэн гэсэн дөрвөн эрэмбэтэй байдаг. Дараа нь мяндаг тушаалын эрэмбэ гэж байдаг. Энэ нь тухайн хийддээ албан тушаал хашиж байгаа хамба, цорж, ловон, их умзад, бага умзад, гэсгүй, гэсгүй нь дотроо их, бага гэж байна. Човомбо буюу тахилч гэх мэтчилэн хариуцаж авсан ажлын албан тушаалын цол юм. Гурав дахь нь эрдмийн цол. Эрдмийн цол нь ерөнхий бол гэвш, гавж, аграмба гээд байгаа. Дундуур нь Төвөдийн Лхаст гэвш цол хамгаалсан хүнийг лхаарамба гэж нэрлэдэг. Лхасаас өөр нэг газарт равжүмба цол хамгаалахаар дооромба гэдэг. Эм, зурхайн талаар гэвш цол хамгаалбал мааранба гэж хэлдэг. Энэ бүгдийн хамгийн дээд цол нь аграмба юм.
-Бүх лам тусгай сахил санваар хүртсэн байдаг уу. Ямар онцлогтой сахилыг ёсчлон дагах ёстой байдаг вэ?
-Гурван янзын сахил байна. Эхнийх нь ангид гэтлэхүйн санваар гэж байгаа. Хоёр дахь нь бодьсадвын санваар гэж байна. Хамгийн сүүлийнх нь аг тарнийн санваар гэж байдаг.
Ангид гэтлэхүйн санваар нь дотроо гэнэн, равжүн, гэцэл, гэлэн гээд дөрөв байна. Гэнэн сахил нь таван зүйлийг сахидаг. Үүнийг энгийн хүн ч сахиж болдог. Равжүн нь 15 зүйлийг сахидаг. Энэ нь лам байж үзэж болдог. Лам нарын дунд ороод хоол, цайнаас нь хүртэж, лам хүн шиг амьдарч болдог, шалгуурын маягийн сахил гэсэн үг. Эндээсээ сахилаа өргөж энгийн болъё, эсвэл цаашаа гүнзгийрүүлээд сахил санваарыг сахиад явъя гэж болно. Цааш сахилаа гүнзгийрүүлбэл гэцэл болоод жинхэнэ лам хүний сахил санваарыг сахина гэсэн үг. Гэцэл нь 36 зүйлийг сахидаг. Түүнээс цааш гэлэн болбол 300 гаруй төрлийн зүйлийг сахина.
-Тухайлбал, Гэцэл санваар сахиж байгаа лам энгийн хүнээс ялгарах ямар сахил сахидаг вэ. Та цөөн хэдийг жишээ болгон хэлж өгөөч?
-Архи дарс уухгүй, худлаа хэлэхгүй, хулгай хийхгүй, бусдад хортой сэтгэлийг бодохгүй байх гэх мэтээр арван хар нүглийг тэвчинэ. Хамгийн гол нь тухайн хүнээ ёс суртахуунтай болгож байгаа юм. Ёс суртахууны хамгийн дээд цэгийг нь тэр хүн өөртөө бий болгож байна гэсэн үг. Нэг ёсондоо дипломат маягийн хүн болж байгаа юм. Нөгөө талаар сахил санваарын нарийн зүйлсийг хамаагүй тоочиж болдоггүй учраас дэлгэрэнгүй ярих боломжгүй байна.
-Дээр үед хувраг нар эхнэр авдаггүй байсан гэдэг. Тэр нь тухайн ламын хүртсэн сахилаас шалтгаалдаг байв уу?
-Дээр үед дийлэнх нь сахил санваар залсан, сахилаа сахиж байсан байдаг. Их хэлмэгдүүлэлтийн үеэр лам нар заавал энгийн болох хэрэгтэй байсан. Улсаас ганц бие хүн байвал торгуультай ч гэдэг юм уу, лам байж болохгүй нийгэмд эхнэр авахаас өөр яах билээ. Цаг үе нь тийм байсан. Өдгөөгийн бурхан шашин нь Монгол оронд гурвантаа дэлгэрсэн бөгөөд анхдугаар дэлгэрэлт Хүннү гүрний үед, хоёрдугаар нь Алтан ургийн их хаадын үе, гуравдугаар дэлгэрэлт нь Түмэдийн Алтан хаан суурийг нь тавьж түүний дараа анхдугаар Өндөр гэгээн шашны эзэнд өргөмжлөгдсөн юм. Улмаар ХХ зууны эхэн үе хүрэхэд Монгол туургатан нийтээр бурхан шашны үзлээр нэгдмэл байр суурьтай болсон нь хожим VIII Богдыг хаанд өргөмжлөн 1911 оны хувьсгал өрнөхөд чухал үүрэг үзүүлж, Богд гэгээн нь оюун санааны удирдагч болж байж. Хүрээ хийдийг даган төв суурин төвлөрөл үүсч гар урлал, үйлдвэрлэл, арилжаа тэргүүтэн хөгжиж хүн ард буддизмын философи гүн ухааныг амьдралдаа хэрэгжүүлж ард олон соён гэгээрч цэх шударга хүмүүнлэг ард түмэн болсон байдаг. Бурхан шашны их бага 10 ухааныг эрт үеэс аж амьдралдаа уялдуулан ирсэн бөгөөд энэ нь өнөөгийн даяаршсан нийгэмд Монгол үндэстнийг бусад улс орноос ялгаж өгөх биет болон биет бус нандин өв болж өдийг хүртэл ирсэн байдаг. Лам хуврагууд болон үндэсний урлаг соёлын зүтгэлтнүүд нь тухайн үндэстний биет болоод биет бус өвийг тээгчид юм.
-Өнөө үед лам хүн эхнэр авах эсэх нь чөлөөтэй юу?
-Үгүй л дээ. Ер нь эхнэр авлаа гэхэд гэнэн сахилтай байж болно. Түүнээс биш гэцэл, гэлэн гэчихээд эхнэртэй байна гэвэл нэг ёсондоо сахил алдсан л гэсэн үг. Одоо сахил санваараа сахиж байгаа нь олон бий. Бид лам нараас "сахил сахь" гээд шаардахад тухайн нийгэм, орчин зэргийг харах хэрэгтэй. Хүнийг боломжгүй газар авчирчихаад боломжгүй зүйлийг нэхээд байж болохгүй. Цаг үе ямар байсан билээ. Хэчнээн жил бурхан шашныг дарж устган, ном үзэх боломж бүгдийг нь устгачихсан. Ямар ч хөрсгүй зүйл дээр одоо дөнгөж сэргэж байхад нь сахил санваар шаардах нь хөлд орж байгаа хүүхдийг гүйгээд яв гэж байгаатай яг адилхан. Мэдээж энэ дунд сахил санваараа сахиад, номоо үзээд явахад тодорхой хэмжээний хугацаа шаардагдана. Энэтхэг, Төвөдөд бол лам нарын сургууль, ном үздэг тусгай том лагер байдаг. Тэнд өөр илүү, дутуу зүйлд алсрах зүйлгүй, номоо л үзэх нөхцөл бүрдсэн. Харин сүүлийн үед манай Гандан дотуур байраа сайжруулаад лам нартаа анхаарч байна л даа.
-Таныг өнөө үед төдийлөн түгээмэл бус, эртний монгол хээнүүдээс сэргээж байгааг олж харсан. Энэ талаар та мэдээлэл өгөөч?
-Анх лам хуврагуудын дээл хувцас, хийдийн унжлага, чимэглэл зэргийг сэргээх гээд явж байхдаа хүмүүсийн дээл хувцасны хээ угалз нь нарийн бэлгэдэлтэй байдгийг олж мэдсэн. Манай монголчуудын эдэлж хэрэглэж байсан эд эдлэл, хэл яриа, ахуйн соёл нь бүгд нарийн бэлгэдэл, ерөөлтэй байдаг. Гэтэл одоо бол дандаа хятадуудын хийгээд өгчихсөн хээ угалзтай торго материал элбэг болсон. Бид түүнийг нь сонголтгүйгээр, хүссэн хүсээгүй дээл хувцсаа хийж өмсөн, хийд орныхоо унжлага, чимэглэлд хэрэглэж байна.
Энэ нь сүүлдээ монгол хээ угалзны уламжлалыг алдагдуулж байна. Энэ талаар судалгаа хийж үзэхэд хуучны лам хуврагуудын хэрэглэж байсан эд хэрэглэл, музейд байгаа ноёдын дээл хувцас, дуган сүмийн доторх унжлагыг харахад дандаа хос луут болон таван нүдэн хээтэй торгыг хэрэглэж байж. Тиймээс түүнийг хуучны уламжлалаараа сэргээчихвэл хэрэгтэй юм болов уу гэж бодоод шинээр таван нүдэн хээн хүрээтэй, голдоо эр, эм хас хээг гаргаж, торго хийлгэсэн. Хийд орны уншлага, эд зүйлсийг энэ торгоороо оёдог, лам хуврагуудын хувцсыг таван нүдэн хээтэй торгоороо хийж байгаа. Хүннү гүрний үеэс уг хээг хөө хуяг, сэлэм хутганы ар, дөрөө амгай гээд чимэг тавьж болох бүхий л газраа хэрэглэдэг байж. Түүнийг нь манай үе үеийн хаадууд, монголчууд маш сайн уламжилж авчирсан. Бид коммунист нийгмийн үеэс өөрсдийнхөө уламжлал, хэл, соёл зэргээ алдаж эхэлсэн. Биет, биет бус олон соёлоо алдсаны нэг нь уламжлалт хээ угалз гээгдэж байгаа юм.
-Таван нүдэн хээг оролцуулаад шинэ хээ зурсан гэсэн үг үү?
-Хуучны хээнүүдээс ерөнхий санаа аваад, шинэчилж зураад, патентжуулсан. Энэ торгон дээр таван нүдэн хэлхээ байгаа юм. Хэлхээнийхээ голд хас, цэцэг гэх мэт зохиомжилсон зураг байгаа. Хамгийн гол зүйл нь хэлхээсэн таван нүдэн хээ юм. Таван нүдэн хээг дөрвөн арвайт ч гэдэг. Богдын дардас тамга таван нүдэн хээтэй байсан. Данзангийн доллар гэдэг дээр ч байдаг. Лам нарын эдэлж хэрэглэж байсан хонх, дамрын чимэг, хүрээ хийдийн жавдан зэрэг нь бүгд таван нүдэн хээгээр чимсэн байдаг. Энгийн хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан зүйл гэвэл мөнгөн аяганы ёроол, хутга, сэлэм дээр байх жишээтэй. Наймдугаар Богдын хурдан морины унаач хүүхдүүдийн малгай, өмсгөл нь таван нүдэн хээтэй байдаг. Сүүлдээ монголчууд энэ хээг сахиус шиг авч үздэг болсон байгаа юм. Аливаа нэгэн зүгээс гэнэтийн барцад саад ирэхэд хамгаалж байхыг бэлгэддэг, дөрвөн арвай шиг байдал нь арвидан дэлгэрэхийг бэлгэдэж байдаг. Нарийн, гүн гүнзгий утгыг нь ярьвал олон зүйл бий.
-Таны хийлгэсэн таван нүдэн хээтэй торго гадуур худалдаанд байхгүй гэсэн үг үү?
-Тийм ээ, энэ торго гадуур байхгүй. Таньж мэддэг, сонссон цөөн хүмүүс ирж авдаг. Одоо бол олон нийтэд хүргэе гэж бодоод энгийн хүмүүст зориулсан өнгө гаргасан.
-Таван нүдэн хээнээс гадна сэргээж, гаргах өөр хээнүүд бий юу?
-Үүнээс хойш цувралаар гаргах 20 орчим хээ байна. Шат дараатай гаргах санаатай байгаа.
-Та лам хүмүүсийн малгай, хувцас оёсон харагддаг. Энэ таны хобби юу, эсвэл...
-Лам нарын малгай, хувцас хэрэгслийг бусадтай ч хамтарч хийж байна. Заримыг нь өөрөө ч хийж байгаа. Ер нь судалгааны түвшинд гаргачих гээд зориод байгаа юм. Миний хувьд ажлынхаа хажуугаар хобби маягаар энэ бүгдийг сонирхож хийдэг. Миний үндсэн ажил өөр шүү дээ. Би чинь Жүд дацандаа өдөржин хүүхдүүдийнхээ уншлага номыг заагаад өдрийг бардаг хүн л дээ. Манай Жүд дацангаас миний өөрийн хувьд бэлтгэж байсан хүүхдүүд маань эхнээсээ Энэтхэг рүү яваад долоо, найман жил болчихлоо. Саяхан явсан хүүхдүүд нь номоо үзээд аятайхан болчихсон байна. Хүн амрах гэдэг нь ажлаа солихын нэр юм гэдэг. Тийм болохоор миний хувьд ажлынхаа хажуугаар өөр зүйл хийх нь нэг талаараа амралт болдог.
-Тийм байх нь. Ер нь лам малгайг урлахад нарийн дэг жаяг байдаг уу?
-Буддын шашин нь Монгол үндэстний биет болоод биет бус өвийг тээгч юм. Өндөр гэгээн лам хуврагын номт хувцас, хурал номын уншлага ая дан, эгшиг тэргүүтнийг монгол үндэсний хэв шинж ахуй байдал, ёс заншил, эрс тэс цаг агаар, уур амьсгалтай нарийн нягт уялдуулан Монголын гэх онцлог ялгамжаатай буддизмыг үүтгэсэн. Лам малгай асар олон төрөл байдаг. Тэр бүхэн өөр, өөрийн нарийн сайхан бэлгэдэлтэй. Өнгөнөөс эхлээд оёдлын тоо хэмжээ гээд бүх зүйл нь нарийн, хувь хэмжээний онолтой. Бурхан шиг нарийн хэмжээ, дамжаатай байдаг. Одоо түүнийх нь дагуу урладаг хүн асар цөөн байгаа. Миний хувьд ажлынхаа хажуугаар хобби маягаар энэ бүгдийг хийдгээ дээр хэлсэн. Энэ бүхнийг нарийн ёс журмаар нь хийгээд сурчих юмсан гээд зориод явж байгаа. Ер нь ганц лам гэлтгүй энгийн хүмүүсийн дээл, малгай, дээлний нударга, эмжээр зэрэг нь нарийн бэлгэдэл, цондонтой. Одоо цагт хятад хэв маяг хэт оруулаад уламжлалаа эвдээд байгаа харагддаг. Малгай гэхэд их утга учиртай. Өмнө нь монгол хүн малгайгүй явдаггүй, ялангуяа үдэш оройн цагаар заавал малгай тавина. Одоо цагт хүний энерги гэж ярьдаг зүйл нь толгойн оройгоор алдагддаг юм байна. Мандах төрийн малгай, дэвжих төрийн дээл гэж ярьдаг. Малгайг уруугаа биш аль болох дээш сөхөгдсөн маягтай хийдэг байсан. Малгай өмсөх биш малгай тавих гэж ярьдаг. Гутал жийх, дээл, цамц, өмдийг өмсөх гэдэг. Малгай бол өмсдөг хувцас биш тавьдаг зүйл юм байна. Одоо бол малгай ямар бэлгэдэлтэй нь мэдэгдэхгүй болчихсон.
-Та “Залуу хуваргын холбоо”-г тэргүүлдэг. Та бүхэн сүүлийн үед ямар ажил зохион байгуулсан бэ?
-Манай залуу лам нар нийлж “Залуу хуваргын холбоо” гэж байгуулаад нийгэм рүү хандсан сайн үйлсийн аян, хүмүүсийн сэтгэлийг ёс суртахуунлаг болгох талаас нь лекц унших зэрэг ажлыг явуулдаг. Одоо цагт хүмүүсийн гол стресстэж байгаа зүйл нь сэтгэлээс үүдэлтэй байна. Бид Халдвар судлалын үндэсний төвд очиж, сүүлийн шатандаа орчихсон, хүнд өвчтэй хүмүүст яриа хийдэг. Хааяа тэд нартаа мөнгө цуглуулж өгнө.“Залуу хуваргын холбоо”-ноос санаачлаад ковидын үед Монголынхоо бүх лам нарыг уриалж, хандивын аян өрнүүлэн 2020 онд 12 сая орчим төгрөгийн хандивыг УОК-т өгсөн.Энэ жил бид бүх дүүргээр явж, амьдралын боломж тааруу өрхүүдэд хүнсний тусламж өглөө. Мөн УОК-т нэг сая гаруй төгрөгийн хандив өргөсөн. Сэтгүүлчид маань гадуур их явдаг учраас тэдэнд 10 мянган маск өгсөн. Цаг хэцүү байгаа энэ үед бид ч гэсэн цатгалан байгаа биш. Гэхдээ бид нийгмийн хариуцлагаа ухамсарлаж дээрх гурван чиглэлд өөрсдийн боломжоор өглөг өгсөн. Энэ нь нэг талаараа буян хурааж байгаа юм. Үүнээс гадна нийтэд зарлаагүй ч лам нар маань дор бүртээ бусдад тусласан асар олон зүйл хийсэн байсан.
Зураг 1: Хувилгаан хүний зуны малгай. 2 улаан залаатай байдгийн учир нь бурхан шашны судар тарнийн ёсон болон, арга билэг 2 бэлгэдэж байна. Хар үс, хар хилэн байдаг нь нисваанисыг сануулж буй. 32 ширж оёсон Сандуй бурхны 32 бурхныг бэлгэддэг. Гэгээрэлд хүргэх бясалгалын хамгийн гол бурхан нь Сандуй 32 бурхан юм. Оройд нь очир болон сампин байгаа нь эцэст төгс гэгээрлийн хутгийг олж Очир дарь бурхан бүтэхийг бэлгэдэж байгаа юм. Энэ бүгд лам хуваргуудын дээл, малгайг Өндөр гэгээн Занабазар зохиосон гэдэг.
Сэтгэгдэл ( 6 )
монголын халун хүйтэн зэвсэг йлдвэрлэл чингисийн их засаг хуулийн хүчээр дарж хятадын бага үндэстэн болох ирээдүйфн номлолтой шарын шашин арга мэхээ хэрэглэсээр
manai Mongolchuud heterhii shahsinjih herreggui baohaa jishee biznec hiigeed aldagdald orohod l lamruu yvcvnaac haanaa aldaa hiicnee boditoigoor olj zac ch curmaar um shashin bol vetgelee ariucgah bolohooc aldaag zacagch bish baihaa
Сайн уу, хатагтай, ноёнтоон\nQ танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 55 02 55 59
Судалгаанд нь амжилт хүсье. Хээний судалгаагаа цаг хугацааны хувьд хүннүгээс эхлээрэй .
Sailhan yriltslaga boljee. Manai shashin olon zaluu lam nartai bolj bn daaa
Ямар сайхан ярилцлага болоо вэ маш их зүйл мэдэж авлаа үндэсний хээ угалзаа үнэхээр сэргээх хэрэгтэй шүү ёс мэддэг хүн тун ховор болж .