УИХ дахь Хүний эрхийн дэд хороо өчигдөр /2021.04.06/ зэвсэгт хүчний цэргийн ангиудад удаа дараа цэрэг амиа алдсан асуудлаар Зэвсэгт хүчний жанжин штаб, БХЯ, ХХЕГ, Дотоод цэргийн командлал, ХЭҮК, ЦЕГ, Улсын ерөнхий прокурорын газрын удирдлагуудыг оролцуулан нээлттэй хуралдлаа.
-Цэргийн бүх төрлийн дэгийг үндсээр нь ХАЛАХ ХЭРЭГТЭЙ-
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "Зэвсэгт хүчний анги салбарууд дахь хугацаат цэргийн албан хаагчдыг цэргийн дэг нэрийн дор дарамталж, зодож, эрүүл мэнд, амь насанд нь халдах үйлдлүүд удаа дараа гарч байгаа нь Монгол Улсын үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчиж буй явдал. Энэ байдалтай бид огтхон ч эвлэрч болохгүй.
Зэвсэгт хүчин дэх дэглэлт бол эрх зүйн хувьд хүнлэг бус харьцаж буй хүний эрхийн ноцтой зөрчил. Мөн жендерт суурилсан хүчирхийлэл юм. Манай зарим иргэдийн дунд цэргийн албан хаагчид цэрэгт дэглэлт байх ёстой гэсэн хэвшмэл ойлголт байдаг. Үүнийг өөрчлөх ёстой. Монгол Улсад Цэргийн дотоод албаны дүрэм гэж бий. Энэ дүрэмд цэргийн дэгийн бүхий л хэлбэрийг халах, цол, хэргэм үл хамааран бүх алба хаагч Монгол Улсын хууль, тогтоомжийг биелүүлнэ гэж заасан байна. Ёс зүй, цэргийн сахилгаа зөрчвөл хариуцлага хүлээнэ. Тэр ч бүү хэл ангийн захирагч ангийн бие бүрэлдэхүүний ёс зүй, зан байдлын тодорхойлолтод санал өгч, ангийн сэтгэл зүйч офицер бие бүрэлдэхүүний сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангаж, дарамт шахалтаас ангид байлгах үүрэг хүлээсэн байна. Гэвч энэ дүрэм яагаад хэрэгжихгүй байна вэ" хэмээн Зэвсэгт хүчний жанжин штаб, Батлан хамгаалахын яамны удирдлагуудаас асуулаа.
Мөн ХЭҮК-оос Зэвсэгт хүчин дэх хүний эрхийн ноцтой зөрчил болох цэргийн дэгтэй холбоотой гомдол өргөдөл хэр ирдэг, энэ асуудлыг таслан зогсоох тухайд ХЭҮК-ын зүгээс ямар үйл ажиллагаа явуулж байгаа, цаашид эрх зүйн болон бусад бодлогын ямар дэмжлэг хэрэгтэй байгааг тодруулсан юм.
Гишүүний асуултад Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч, генерал Д.Ганзориг "Цэргийн өдөр тутмын үйл ажиллагаа бол цэргийн дотоод албаны дүрмээр зохицуулагддаг. Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталдаг дүрэм юм. Энэхүү дүрэмд цэргийн алба хаагчдын харилцааны ёс зүй, хэм хэмжээг заасан байдаг. Яагаад хэрэгжихгүй байгаа нь өнөөдөр том асуудал дагуулж байна. Энэ асуудлыг та бүхэнтэйгээ хамтарч шийдэхгүй бол бидэнд хүн хүчний нөөц хангалтгүй байна. Бид 100 хувь ажиллахаас дунджаар 66 хувь хангалттай ажиллаж байна. Тиймээс энэ нь нийт бие бүрэлдэхүүнийн нөөцтэй холбоотой. Та бүхний дэмжлэг хэрэгтэй байна" гэв.
ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!
- 2013-2020 оны байдлаар Цэргийн албаны эсрэг 125 гэмт хэрэг үйлдэгдсэн байна-
Харин Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Б.Энхболд "2020 оны байдлаар ХЭҮК-т цэргийн алба хаагчдаас гомдол ирээгүй байна. Манайд ирдэггүй шалтгаан нь дотооддоо гомдол, мэдээллээ хүлээн авч, хянан шийдвэрлэдэг дүрэм, журамтай нь холбоотой. Бид цэргийн дүрмийн бус харилцаа байна уу, үгүй юу гэдгийг Монгол Улсад бүртгэгдсэн цэргийн албаны эсрэг гэмт хэргээр хэмжиж, судалж үзсэн. 2013-2020 оны байдлаар 125 гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Үүний 98 нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн зэрэг дүрмийн бус харилцаатай холбоотой гэмт хэрэг байна. Эндээс бид цэргийн албанд дүрмийн бус харилцаа байна гэж үзэн, Цэргийн албаны дүрмийн бус харилцааны суурь судалгааг хийхээр бэлтгэл ажилдаа ороод байна. Энэ чиглэлээр ХЭҮК-оос 2006 онд суурь судалгаа хийж, 2007 онд УИХ-д оруулснаас хойш хөндлөнгийн байгууллагын томоохон судалгаа дахин хийгдээгүй байна. Явцын дунд Зэвсэгт хүчний 38, Хил хамгаалах ерөнхий газрын 36 ангиудад байнгын хяналт шалгалт хийж, нөхцөл байдлыг үнэлэн зөрчлийг арилгаж байсан мэдээлэл бол байна. Цаашдаа цэргийн дотоод албаны дүрэм нь хүний эрхийн зарчим, хүний хөгжилд нийцэж байна уу, үгүй юу гэдгийг бид сууриар нь авч үзэх болно" гэж хариуллаа.
Ингээд хурлын төгсгөлд УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "Цэргийн бүх төрлийн дэгийг үндсээр нь ХАЛАХ ХЭРЭГТЭЙ" гэдгийг дахин тодотгоод Хүний эрхийн дэд хорооны тогтоолд Зэвсэгт хүчинд Иргэний хяналтын зөвлөл байгуулах тухай саналыг хэлсэн юм. Энэхүү саналыг Хүний эрхийн дэд хорооны гишүүд дэмжиж, улмаар тогтоолд тусгалаа.
МОНГОЛ УЛСЫН ЦЭРГИЙН ДОТООД АЛБАНЫ ДҮРЭМ-ээс...
16. Цэргийн алба хаагчийн хоорондын харилцаа нь нэгтгэн удирдах, харилцан хүндэтгэх зарчимд тулгуурлана
14. Цэргийн алба хаагч нь албан тушаал, цэргийн цол харгалзахгүйгээр Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээнэ:
14.1. Цэргийн албаны ёс зүй, цэргийн сахилга, цэргийн дүрэм зөрчвөл сахилгын хариуцлага хүлээнэ гэж заасан.
АНГИЙН ЗАХИРАГЧИЙН НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ, ШТАБЫН ДАРГА
Ангийн бие бүрэлдэхүүний ажил байдал, ёс зүй, зан байдлын тодорхойлолтод санал өгөх, баталгаажуулахад оролцох;
АНГИЙН СЭТГЭЛ ЗҮЙЧ ОФИЦЕР
96. Ангийн сэтгэл зүйч нь захирагчийн орлогч, штабын даргын удирдлагад үүрэг гүйцэтгэх бөгөөд ангийн бие бүрэлдэхүүний сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангах ажлыг хариуцна.
Ангийн сэтгэл зүйч офицер нь энэ дүрмийн 81 дүгээр зүйлд заасан үүргээс гадна дараах үүргийг биелүүлнэ:
96.1. Ангид хэрэгжүүлэх сэтгэл зүйн ажлыг төлөвлөж, эмнэлгийн мэргэжилтэнтэй хамтран зохион байгуулах
96.2. Нийт бие бүрэлдэхүүнтэй явуулах сэтгэл зүйн мэдлэг олгох сургалтыг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэх;
96.4. Бие бүрэлдэхүүний сэтгэл санааг тогтвортой байлгахад чиглэгдсэн хуулиар хүлээсэн бусад ажлыг холбогдох албан тушаалтнуудтай хамтран хэрэгжүүлэх;
96.5. Сэтгэцийн агшин зуурын хүндрэл бэрхшээл, айдсыг даван туулах, нөхөртөө сэтгэл зүйн тусламж үзүүлэх аргыг цэргийн алба хаагчдад эзэмшүүлэх;
Сэтгэгдэл ( 2 )
Болсон хойно нь олон юм ярих юмаа болохоос нь өмнө яриач
Дэг биш дэглэлт. Дэг хэрэгтэй, дэглэлт хориотой