Хөх ягаан iPhone: “Apple” шинэ загваруудаа танилцууллаа

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 21

АНУ-ын “Apple” компани шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа.

Шинэ iPad Prо

Энэ удаад тус компани 11 болон 12.9 инчийн iPad Pro загварыг танилцуулав. Тус загвар нь М1 процессор, хоёр ТВ ой, 5G модем зэрэг онцлогтой. 12.9 инчийн iPad Pro загвар нь mini-LED дэлгэцтэй ба энэ нь ийм дэлгэцтэй анхны “Apple” бүтээгдэхүүн юм. 11 инчийн iPad Pro загварын үнэ 799 ам.доллар бол 12.9 инчийн iPad Pro загварын үнэ 1090 ам.доллароос эхэлж байна.

Өнгөрсөн оны сүүлчээр iPad таблет тус компанид 8.4 тэрбум ам.долларын ашиг авчирчээ. Сүүлийн таван жил эрэлт буураад байсан iPad цар тахлын үед зайнаас сурч, ажиллаж буй хүмүүсийн хувьд хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн болоод байна.

Шинэ М1 процессортой iMac

“Apple” компани М1 процессортой iMac шинэ загварыг танилцуулав. Шинэ iMac илүү нимгэн, овор багатай хэдий ч өмнөх загваруудаасаа хоёр дахин илүү хурдтай ажиллах чадвартай. Долоон өнгөний сонголттой iMac 1499 ам.доллароор үнэлэгджээ.

Хөх ягаан iPhone

“Apple” компани iPhone 12 болон iPhone 12 mini загварыг цоо шинэ өнгө буюу хөх ягаан өнгөний сонголтыг санал болгож байна. 2020 оны загвараас өөр ялгаа үгүй хөх ягаан ухаалаг утас 729 ам.доллароос эхэлж байна.

AirTag шошго

2019 оноос хойш хүлээлттэй байсан AirTag шошго олны анхаарлыг татав. Зайгаар ажилладаг Bluetooth LE-тэй жижиг хэмжээтэй эл шошгыг “Locator” апп-ын тусламжтай ажиллуулах ба “Apple” бусад төхөөрөмж дэмждэг байна. AirTag шошгын үнэ 29 ам.доллар бол дөрвөн ширхэгтэй сет нь 99 ам.доллароор үнэлэгджээ.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top