Аппликейшны дэлгүүрийн хөгжлийн шинэ эрин үе

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 16

Аппликейшны дэлгүүр бол асар том зах зээл. Энэ зах зээлд томоохон орон зайг эзэлдэг “Apple” компанийн орлогын томоохон эх үүсвэр болох “App Store” жилд олон арван тэрбум ам.долларын ашиг, орлого олдог. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд эл дэлгүүр “OpenAI” компанийн GPT Store мэдрэлийн хиймэл сүлжээний дэлгүүрт байр сууриа алдахад хүрээд байна.

Хэрхэн App Store дэлхийг өөрчлөв

2008 онд цахим ертөнцийг бүхэлд нь өөрчилсөн нэгэн үйл явдал болсон нь App Store дэлгүүрийн нээлт байлаа. Үүнээс өмнө аппликейшнууд гаджетыг дагалдан ирдэг байв. Шинэ техник, хэрэгсэл худалдан авахдаа хэрэглэгчид нэгэн зэрэг бүх төрлийн аппликейшн, программтай болдог байсан ба зөвхөн ая, дэлгэцийн зургийг нь л өөрчилдөг байлаа.

Харин App Store-ыг танилцуулах үед iPhone утас тийм ч эрэлт ихтэй биш байв. Тухайн үед жилд зургаан саяын борлуулалттай байсан ухаалаг утас өдгөө олон зуун саяд хүрээд байна. Маркетплейс эхэндээ нийт 500 аппликейшн санал болгож,  эхний долоо хоногтоо бүтээгдэхүүнүүдийг нь 10 сая удаа татжээ. 2008 онд хожим нь Google Play гэж нэрээ өөрчилсөн Android Market гарч ирсэн бол “Amazon” болон “Microsoft” компаниуд өөрсдийн дэлгүүрээ мөн нээсэн юм. Хэрэглэгчдэд өөрсдөд нь хэрэгтэй функц, аппликейшн суурилуулах боломжтой болсон нь таалагдаж, утсаа нэг төрлийн мини компьютер болгожээ. Дэлгүүрт мөн өөрсдийнхөө аппликейшныг санал болгох боломж гарсан нь ч мөн таалагдаж байв. Тун удалгүй хөгжүүлэгчид үүнээс мөнгө олох болж, нэг төрлийн шинэ зах зээл нээгджээ. Олон мянган стартапууд өмнө нь огт байгаагүй зүйл бүтээх боломжийг алдсангүй. “Apple” компанийн энэ шинэ санааны ачаар Spotify, Uber, Tinder зэрэг аппликейшн гарч ирсэн билээ. Тус компани ухаалаг утасны аппликейшны салбарт анхдагч нь болов. Үйл ажиллагааных нь энэ чиглэл хамгийн ашигтай болсонд гайхах зүйлгүй. 2016 он гэхэд iOS үйлдлийн систем боловсруулагчид нийт 20 тэрбум ам.долларын орлого олжээ. Үйлчилгээний шимтгэлээс ч тус компани багагүй ашиг олж чаджээ.

Яагаад маркетплейс гэж

Аппын дэлгүүр энгийн маркетплейстэй ижил дэлгэрэв. Маркетплейс нь хэрэглэгчдийн тогтвортой урсгал бүхий нэг төрлийн зах зээл. Тэнд нэг орон зай түрээслэхэд л хэрэглэгчид гарч ирэх нь тодорхой. Худалдагч түрээсээ төлөх ба маркетингд зориулж мөнгө зарах шаардлагагүй. Маркетплейсын гол зарчим нь бүтээгдэхүүнийг хэр олон хүн худалдан авна төдий чинээ хайлтын жагсаалтын дээгүүрт бичигдэнэ. Гол болзол нь тухайн бүтээгдэхүүн үнэхээр сайн чанартай, харин үйлчилгээ өндөр хэмжээнийх байх ёстой. Энэ зарчим мөн аппликейшны дэлгүүрүүдэд үйлчилдэг. Хэрэв бүтээгдэхүүн сонирхолтой бол түүнийг татан авч, эерэг сэтгэгдэл үлдээснээр бүтээгдэхүүний рейтинг огцом өснө. Ингэхдээ хэр том компани тус аппыг хөгжүүлсэн нь огт чухал биш. Эрэлт ихтэй бүтээгдэхүүн хийх боломж хувь хүнд ч аварга корпорацад ч ижил олдоно. Жишээ нь “Candy Crush Saga” тоглоомыг бүтээсэн “King” нь эхэндээ Шведийн нэгэн жижиг компани байсан бол 2016 онд тус компанийг “Activision Blizzard” компани 5.9 тэрбум ам.доллароор худалдан авч байв. Тиймээс аппликейшны дэлгүүр нь цаг үеийн шаардлагад бүрэн нийцэж байна. “Apple” компанийг App Store-оо гаргаж байхад “Amazon”, Японы “Rakuten” байж л байсан. 1999 онд “Alibaba” гарч ирсэн ба хэн бүхний мэдэх “AliExpress”-ийг эзэмшдэг. Харин 2022 онд дэлхий дахинд нэгэн өөрчлөлт гарч ирэв.

App Store дэлхийг өөрчлөв

“Apple” компани App Store-ын ашиг орлогын тайлангаа жил бүрийн нэгдүгээр сард нийтэлдэг. Тайланд аппын дэлгүүр анх нээгдсэн 2008 оноос хойших нийт ашиг орлогыг харуулдаг. “CNBC” компанийн мэдээллээр, 2022 онд “App Store” нийт 320 тэрбум ам.долларын ашиг олж, 2021 онтой харьцуулахад 60 хувиар өсжээ. “App Store” хэрэглэгчдийн тоо 900 саяд хүрч, мөн дээд амжилт тогтоов. Гайхалтай үр дүн мэт харагдах ч ашгийн өсөлт 14 хувьтай гарсан бол 2021 онд 27 хувь байжээ. Ашгийн хэмжээ нь буурсан бус харин өсөлтийн хурдац нь саарсан байна. Бас нэг асуудал гарсан нь “App Store” шинэ бүтээгдэхүүн оруулах нь есөн хувиар мөн буурчээ. Үүний гол шалтгаан нь AppTrackingTransparency буюу аппликейшны тунгалаг байдалд хяналт тавих болсноос гадна видео тоглоом, хэвлэл мэдээлэл, энтертайнмент зах зээл ханасантай холбоотой гэж шинжээчид үзэж байна. Хэрэглэгчдэд аппликейшны дэлгүүрийн одоо байгаа байдал нь уйтгартай болжээ. Зах зээл ханаж, өдөр бүр шинэ хэрэгслүүд гарч ирж байна. Видео тоглоом хэт их болж, ямар нэгэн сонголт хийхэд хүндрэлтэй болов.

App Store хүн төрөлхтний контентын хэрэглээнд нөлөөлж, орчин цагийн ухаалаг утасны зориулалтыг тодорхойлсон. Харин хэрэглэгчид нэгэн үед “Apple” компанийн дижитал бодит байдлыг өөрчилсөн шиг тийм шинэ тоглогч зах зээл дээр гарч ирэхийг хүлээж эхэлсэн. Шинэ тоглогч ч гарч ирсэн. Тэр нь “OpenAI” компанийн GPT Store байлаа.

Дижитал зах зээлийн шинэ тоглогч

Дэлхийг өөрчилсөн ChatGPT чатботын хамт GPT API гарч ирсэн. Үүний тусламжтай чатботыг ямар ч апптай холбох боломжтой. Хөгжүүлэгч, стартапуудын хувьд энэ бол жинхэнэ үсрэлт байлаа. Үүний ачаар программ дэмжих хэрэгсэл, ухаалаг CRM, мэдээлэл задлан шинжлэх платформ, апп зохион бүтээгчид гарч ирсэн. Дараагийн үсрэлт нь “OpenAI” компанийн GPTs байв. Энэ нь мэдрэлийн хиймэл сүлжээний бичил хувилбар юм. GPTs-ыг хувийн туслахаа болгон сургаж болно. GPTs нь өөрт нь олгосон мэдээлэл дээр тулгуурлан суралцдаг. GPTs-ыг хэрхэн ажилладгийг жишээн дээр тайлбарлахад илүү хялбар. Тухайлбал, Tech Support Advisor хиймэл оюун ухаанд “Apple Watch ухаалаг цагны серийн дугаарыг хэрхэн мэдэх вэ” гэсэн асуулт тавьж болно.  Tech Support Advisor мэдрэлийн хиймэл сүлжээг техниктэй холбоотой олон гигабайт мэдээлэл дээр сургасан. Яагаад хэрэгтэй вэ гэж үү? Яагаад гэвэл “Google” хайлтын системд энэ асуултыг тавихад хязгааргүй мэдээлэл, хариулт, янз бүрийн хэлэлцүүлэг гарч ирдэг. Харин мэдрэлийн хиймэл сүлжээ эл үйл явцыг хялбаршуулдаг. Ямар ч сурталчилгаа, гаднын нөлөөгүй, зөвхөн баримтууд.

Мэдрэлийн ямар ч хиймэл сүлжээг сургаж болдог. Энэ үйл явцыг файн-тюнинг гэдэг. Хэрэв та аялал жуулчлалын компани ажиллуулдаг бол хиймэл оюун ухааныг туслахаа хийж болно. Тэр таны хэрэглэгчдэд өөрт тохиромжтой зочид буудал олоход тусална. Эсвэл тухайн газар ямар хувцас өмсөхөд тохиромжтойг зөвлөнө.

GPTs гаргасан явдал нь урьдаар бодож боловсруулсан алхам байв. Ийм мэдрэлийн хиймэл сүлжээг анзаарах газар дутагдаж байлаа. Тиймээс “OpenAI” компани бусдын дэлгүүр нээгдэхээс өмнө GPT Store нэртэй маркетплейс гаргаж буйгаа зарласан юм.

Мэдрэлийн хиймэл сүлжээний дэлгүүр

GPT Store нь аппын дэлгүүр юм. Энд боловсруулагчид мэдрэлийн хиймэл сүлжээний өөрийн хувилбаруудаа санал болгодог. Шинэ бүтээгдэхүүний зорилтот хэрэглэгчдийн нөөц үнэхээр их. 2023 оны арваннэгдүгээр сарын байдлаар ChatGPT чатботын идэвхтэй хэрэглэгчдийн тоо нэг долоо хоногт 100 саяд хүрсэн билээ. GPTs арвэннэгдүгээр сард гарч ирсэн бол дэлгүүр нь нэгдүгээр сард нээгдсэн. Энэ хугацаанд хэрэглэгчид мэдрэлийн хиймэл сүлжээнд суурилсан гурван сая аппликейшн бүтээжээ. Гэтэл GPTs ашиглах боломж зөвхөн “OpenAI” компанийн ChatGPT Plus, Team болон Enterprise төлбөртэй үйлчилгээний хэрэглэгчдэд л нээлтэй.

GPT Store гарсан даруйдаа өөрийн орон зайгаа олсон. GPTs нь зөвхөн текст, зураг бүтээх чадвартай бус. Мэдрэлийн хиймэл сүлжээний тусламжтай тоглоом, лого бүтээж, сургах, туслах, программчлах боломжтой. GPTs тоо бодож, хэрэглэгчийн сонирхолд тохирсон ном санал болгодог. Энэ бол хязгааргүй боломж. iOS эсвэл Android үйлдлийн систем боловсруулагч апп бүтээхдээ тухайн хэлээр ярьдаг хэрэглэгчдэд зориулдаг. Англи хэлтэй хэрэглэгч орос хэлээр бүтээсэн апп ашиглахгүй л болов уу. Харин GPTs олон хэл ойлгодог. Тэд бол үнэхээр төгс.

Маркетплейсын хувиар GPT Store бусад маркетплейсын дүрмээр ажилладаг. Хэрэв бүтээгдэхүүн чанартай, сонирхолтой, хэрэгтэй бол тренд болж, ChatGPT хэрэглэгчдийн сонирхлыг татна.

GPTs нь MVP гаргах, стартап нээх, бизнесээ өргөжүүлэх шинэ боломжуудыг нээсэн бол GPT Store энэ технологийг хэрэглэгчдэд ээлтэй болгожээ. Мэдрэлийн хиймэл сүлжээг ашиглах шинэ санаа өдөр бүр төрж байна. Аялал төлөвлөх эсвэл хүүхдэд тоо заахад ашиглаж байна.

Google Play, AppGallery зэрэг аппликейшны дэлгүүрүүдийн нэгэн адил App Store алга болохгүй. Харин GPT Store дэлхий дахинд нэгэн үед App Store-ын хүрч байсан түвшний шинэ платформыг бий болгосон. Мэдрэлийн хиймэл сүлжээний дэлгүүр ч мөн алга болохгүй. Ойрын 2-3 жилд мэдрэлийн хиймэл сүлжээ, дижитал маркетплейсыг ердийн нэг хэрэглээ болгож өөрчлөх нь дамжиггүй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top