Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Нийрагонго галт уул орчим сүүлийн 24 цагийн дотор 92 удаагийн газар хөдлөлт, чичирхийлэл бүртгэгджээ.
3505 м өндөр галт уул хамгийн сүүлд өнгөрсөн бямба гарагт дэлбэрч, үүний улмаас 31 хүн амиа алджээ. Галт уул дэлбэрснээс хойш нийт 92 удаа газар хөдөлж, чичирхийлснээс дөрвийг нь хүмүүс мэдэрсэн бол бусдыг нь зөвхөн хэмжилтийн багажид бүртгэгдсэн байна. Газар хөдлөлт хөрш зэргэлдээх Руандагийн нийслэл Кигали хотод мэдрэгджээ.
Нийрагонго галт уулыг судалж буй галт уул судлаач Дарио Тедескогийн ярьснаар, бүс нутагт үүссэн газрын хагарал галт уулын дэлбэрэлтэд мөн нөлөөлж байгаа гэнэ. Галт уулын тогооноос цайвар саарал өнгийн үнс нурам цацагдаж байгаа нь галт уулын тогоо ёроолоосоо нурж буйг илтгэж байна гэж тэрбээр онцолжээ. Хар өнгийн үнс нурам галт уул дэлбэрч буй илтгэдэг бол саарал өнгийн үнс нурам ялгарах нь харьцангуй аюулгүй гэж үздэг байна.
Нийрагонго галт уулыг 1995 оноос хойш судалж буй Тедескогийн хэлснээр, галт уулын идэвхжлийн оргил үе өнгөрсөн хэдий ч дахин дэлбэрэх магадлалыг үгүйсгээгүй байна. Ойрын өдрүүдэд эрдэмтэд хүмүүс гэртээ буцаж ирэхэд аюулгүй эсэхийг тогтоох гэнэ. Галт уулын бэлд орших Гома хот болон ойр орчмын суурингаас нийт 400 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )