Франц АНУ, Австралид суугаа Элчин сайдуудаа эгүүлэн татжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 19


Франц улс Австрали улс Францын “Naval Group” компанитай шумбагч хөлөг онгоц худалдан авах гэрээгээ цуцалсантай холбогдуулан АНУ болон Австрали улсад суугаа Элчин сайд нараа зөвлөлдөхөөр эгүүлэн татаж байна гэж Францын гадаад хэргийн сайд Жан Ив Ле Дриан мэдэгджээ.

Энэ шийдвэр нь АНУ, Австралиас энэ сарын 15-ны өдөр хийсэн мэдэгдэлтэй холбоотой гэж тэрбээр онцолсон байна.

Канберра шумбагч онгоцны төслөөс гарч, АНУ-тай цэргийн шинэ эвслийн хүрээнд Австралийн тэнгисийн цэргийн хүчинд зориулж цөмийн шумбагч онгоц бүтээх чиглэлээр хамтран ажиллах тухай мэдэгдсэн нь холбоотон, түншүүдийн хооронд байж болшгүй үйлдэл юм гэж Ле Дриан мэдэгджээ.

Өнгөрч буй долоо хоногт Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон нар батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт “AUKUS” шинэ цэргийн түншлэл байгуулах тухай мэдэгдсэн билээ. Түүнчлэн, Канберра Францын “Naval Group” компанитай байгуулсан шумбагч онгоцны хэлэлцээрээс гарч буйгаа мөн мэдэгдсэн юм.

Зууны гэрээ гэгдэж байсан 56 тэрбум еврогийн өртөг бүхий энэхүү хэлэлцээр нь “Barracuda” ангиллын 12 шумбагч хөлөг онгоц үйлдвэрлэх тухай тусгасан байжээ.

Ле Дриан Австралийн эл шийдвэрийг “ар нуруу руу хутгалсан”-тай зүйрлэж, Парис Австрали болон АНУ-ын зүгээс тайлбар хүлээж байна гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангар(172.68.254.18) 2021 оны 09 сарын 20

Шумбагч хөлөг онгоц яг юунд ямар хэрэгтэйг дэлхийн 7 млрд хүн одоо болтол ойлгохгүй байгаа. Хамаг учир нь зөвхөн үүнд л байгаа юм гэдгийг ойлго Францчууд аа.

0  |  0
Top