Макрон: Франц, АНУ-ын харилцааны шинэ үе эхэллээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 11

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис нар Парис хотод хийсэн уулзалтын үеэр хоёр улсын хамтын ажиллагааны ач холбогдлыг онцолж, хоёр улсын харилцаанд шинэ эрин үе эхэлж буйд санал нэгджээ.

Камала Харрис Францад таван хоногийн айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд тэрбээр пүрэв гарагт /2021.11.11/ нээгдэж буй энх тайвны чуулга уулзалтад оролцоно.

Хоёр улсын харилцаа Австрали, Их Британи, АНУ-ын байгуулсан “AUKUS” түншлэлийн үүдэн хурцдаад байгаа билээ. Энэхүү түншлэлийн хүрээнд Австрали улс Францын “Naval Group” компанитай байгуулсан 56 тэрбум еврогийн өртөг бүхий гэрээгээ цуцалсан. Австралийн энэ шийдвэрийг Парис “ар нуруу руу хутгалсан” хэмээн хүлээн авч, холбоотнуудын хоорондын итгэлцлийг эвдсэн үйлдэл гэж мэдэгдэж байсан билээ.

Хожим нь Эммануэль Макрон, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар хоёр ч удаа утсаар ярьж, итгэлцлийг бэхжүүлэх нөхцөлийг бий болгоход чиглэсэн зөвлөгөөн хийх тухай тохиролцоонд хүрсэн. Талууд өнгөрсөн баасан гарагт /2021.11.05/ Ром хотноо биечлэн уулзалт мөн хийсэн юм. Уулзалтын үеэр, Байден, АНУ “AUKUS” түншлэл байгуулахдаа Францын талаар “болхи” үйлдэл гаргасан гэж мэдэгдэж байв.

Top