Австралийн Засгийн газар “AUKUS” гурван талт аюулгүй байдлын түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх цөмийн шумбагч онгоцны флот байгуулах хөтөлбөрт зориулж ойрын арван жилд 38.7 тэрбум ам.доллар зарцуулна.
Энэ хүрээнд 2027 оноос эхлэн Австралид АНУ болон Их Британийн Тэнгисийн цэргийн хүчний цөмийн шумбагч онгоцнуудыг байрлуулах бол 2033 оноос Австралийн Тэнгисийн цэргийн хүчин АНУ-ын “Virginia” гурван шумбагч онгоц худалдан авахаар болжээ.
Австрали нь гурван талт түншлэлийн хүрээнд шумбагч онгоцны флотоо бэхжүүлж байгаа нь БНХАУ-ыг тогтоон барихад чиглэсэн хэмээн шинжээчид үзэж байна. Ингэснээр АНУ Номхон далайд гарч болзошгүй мөргөлдөөнд бэлтгэж байна гэж шинжээчид үзэж байна.
Австралийн Сангийн сайд Жим Чалмерсын хэлснээр, ийм хэмжээний зардал холбооны төсөвт ихээхэн дарамт болох ч цөмийн шумбагч хөлгийн флот байгуулах хөтөлбөр нь ирээдүйд асар их ашигтай хэмээн онцолжээ. Энэ төсөл нь Австралийн түүхэн дэх аж үйлдвэрийн томоохон эхлэл болно хэмжээн Чалмерс мэдэгдсэн байна. Үндэсний аюулгүй байдлын хувьд, энэ хөтөлбөрт зарцуулсан цент бүр үндэсний эдийн засагт үр ашгаа өгнө хэмээжээ.
2055 оныг хүртэл энэ хөтөлбөртөө нийт 245 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөж байна гэж Австралийн “АВС” агентлаг мэдээлсэн байна.
Цэргийн бааз болон шумбагч хөлгүүд
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак, Австралийн Ерөнхий сайд Энтони Албанезе нар цөмийн реактор бүхий хөдөлгүүртэй шумбагч онгоц бүтээх гурван талт хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд АНУ 2033 оноос эхлэн гурван “Virginia” шумбагч нийлүүлэх ба Австрали улс дахин хоёр шумбагч нэмж авах боломжтой болсон. Үүнтэй зэрэгцэн тус улс Их Британитай хамтран АНУ-ын технологийг ашиглан “SSN AUKUS” шинэ загварын шумбагч бүтээхээр тохиролцсон. Үүний сацуу, 2027 оноос эхлэн АНУ болон Их Британийн шумбагч онгоцнууд Баруун Австралийн “Стирлинг” цэргийн баазад байрлуулна.
Түүнчлэн цөмийн шумбагч онгоц үйлдвэрлэх дэд бүтцэд зориулж 1.3 тэрбум ам.доллар төсөвлөөд байна. Австралийн Засгийн газраас мэдэгдэж буйгаар, энэ төсөл олон мянган ажлын байр бий болгоно.
Жо Байден дээрх хэлэлцээрийг Энэтхэг, Номхон далайн бүс нутагт эрх чөлөө, нээлттэй байдлыг хангах үүргийн нэг хэсэг хэмээн тодорхойлсон юм.
Аюултай зам
Энэхүү хэлэлцээр БНХАУ-ын анхаарлыг татсан нь гайхах зүйл биш. Албан ёсны Бээжин Вашингтон, Лондон, Канберрагийн “AUKUS” түншлэлийг өөрийг нь тогтоон барихад чиглэсэн гэж хардаг. Баримт бичигт гарын үсэг зурсны дараа БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ван Вэньбин тус гурван улсыг “аюултай замаар” явж буйг анхааруулав.
Жо Байден БНХАУ “AUKUS” цэргийн түншлэлийг түрэмгийлэл гэж үзэх эсэхэд санаа нь зовнихгүй байгаа талаар өмнө нь мэдэгдэж байсан билээ.
Харин ОХУ-ын Гадаад хэргийн яам Австралид цөмийн шумбагч онгоц бүтээх технологийг дамжуулах нь Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээг зөрчиж, тус улсад цэргийн цөмийн дэд бүтэц бий болох урьтал нөхцөлийг бүрдүүлж байна хэмээн мэдэгдэж байгаа юм.
Сөргөлдөх бодлого
Австрали АНУ-аас цөмийн шумбагч онгоц худалдан авч, шинэ төрлийн шумбагч бүтээснээр Тэнгисийн цэргийн хүчнийхээ хүчин чадлыг нэмэгдүүлэхийг зорьж байна гэж шинжээчид онцолжээ. Ингэснээр тус улс БНХАУ-ыг тогтоон барихад гүйцэтгэх үүргээ бэхжүүлнэ. Канберра газар зүйн байршил, тагнуулын “Таван нүд” хамтын нийгэмлэгийн гишүүнчлэлийнхээ ачаар АНУ-ын чухал түншүүдийн нэг болж байна.
Австралийн цөмийн шумбагч онгоцтой болоход чиглэсэн алхам бүс нутагт хурцадмал байдлыг нэмэгдүүлнэ. Үүнээс гадна Австрали цөмийн шумбагчтай болсноор Ази, Номхон далайн бүс нутгийн стратегийн тогтвортой байдлын тэнцвэрийг алдагдуулахаас гадна Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээг зөрчиж байна. АНУ, Их Британи хоёр Хятадын эсрэг сөрөн зогсох бодлогынхоо хүрээнд Австралийг гол холбоотнуудынхаа нэг хэмээн харж байна гэж ажиглагчид дүгнэж байна.
Сэтгэгдэл ( 0 )