АНУ, Их Британи болон Австрали нь аюулгүй байдлын салбар дахь цэргийн шинэ түншлэл байгуулсан талаар зарлажээ. Энэтхэг, Номхон далайн бүс дэх энэхүү түншлэл нь бусад орны эсрэг чиглээгүй гэж тодруулжээ.
Түншлэлийн хүрээнд талууд батлан хамгаалах болон гадаад хэргийн яамдын шугамаар мэдээлэл солилцох, цахим орон зай, хиймэл оюун ухаан болон бусад технологийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхээр зорьж байна.
“AUUKUS” /Австрали, Их Британи, АНУ/ гэж нэрлэгдээд буй санаачилгын зорилго нь Энэтхэг, Номхон далайн бүс нутаг дахь боломжийг бэхжүүлэхээс гадна Европын, тэр дундаа Их Британийг стратегийн салбар дахь бидний хүчин чармайлтад ойртуулан, нэгтгэх явдал юм” гэж Цагаан ордны төлөөлөгч мэдэгджээ. АНУ нь аюулгүй байдлын салбарт Япон, БНСУ, Таиланд, Филиппин зэрэг Ази дахь уламжлалт түнш болон Энэтхэг, Вьетнам зэрэг шинэ түнштэйгээ хоёр талын харилцааг бэхжүүлэхийг эрмэлзэж байна гэж Цагаан ордон онцолсон байна.
Шинэ санаачилгын хүрээнд Вашингтон, Лондон, Канберра нь санал солилцох, байр сууриа нэгтгэх зорилгоор батлан хамгаалах, гадаад бодлогын салбарын өндөр түвшний албан тушаалтнуудын уулзалтыг зохион байгуулах шинэ механизмыг бий болгохыг зорьж байна.
Түүнчлэн, талууд цахим орон зай, хиймэл оюун ухаан, квантын технологи, усан доор тодорхой систем зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Энэхүү түншлэлийн хүрээнд Австрали улс ойрын 18 сард цөмийн шумбагч хөлөг онгоц бүтээх Америкийн технологи авахаар болжээ.
“Энэ түншлэл нь Энэтхэг, Номхон далайн бүс нутаг дахь бидний ашиг сонирхлыг хамгаалах амин чухал ач холбогдолтой” гэж Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгджээ.
Гурван талт “AUUKUS” түншлэл нь эрчимтэй нэмэгдэж буй заналхийлэлд шуурхай хариу өгөх хамгийн орчин үеийн хэрэгслээр оролцогч орнуудыг хангах явдал юм гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдсэн байна.
Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон “Энэтхэг, Номхон далайн бүс дэх гурван талт түншлэл нь энх тайван, аюулгүй байдлыг хангах тал дээр шинэ түвшинд гарна” гэж онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )