АНУ, Их Британи, Австралийн шинэ цэргийн түншлэлийн хүрээнд үүсээд буй цөмийн шумбагч хөлөг онгоцыг тойрсон маргаанаас үүдэн Францын тал Их Британийн батлан хамгаалахын сайдтай хийх уулзалтаа цуцалжээ.
Франс Пресс агентлагийн мэдээлснээр, Лондон хотноо энэ долоо хоногт болох ёстой байсан хоёр улсын батлан хамгаалах сайд Флоранс Парли, Бен Уоллес нарын уулзалтыг Австрали Францын цөмийн шумбагч хөлөг онгоц худалдан авах гэрээнээс татгалзаж, АНУ, Их Британитай хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр болсонтой холбогдуулан цуцалжээ.
Парли, Уоллес нар хоёр улсын Зэвсэгт хүчний жанжин штабын тэргүүн нарын хамтаар 1972 онд хоёр улсын харилцааг бэхжүүлэх зорилгоор байгуулсан Франц, Британийн зөвлөлийн хуралд оролцох ёстой байжээ. Тус зөвлөлийн Францын талын тэргүүн ирэх хуралдааныг мөн цуцалсан талаар мэдэгджээ.
Австрали, Их Британи, АНУ энэ сарын 15-нд аюулгүй байдлын салбарт AUKUS цэргийн түншлэл байгуулж буй талаар мэдэгдсэн билээ. Хэлэлцээрийн хүрээнд Австрали улс нь АНУ, Их Британийн технологийн тусламжтай дор хаяж найман цөмийн шумбагч онгоц бүтээх бөгөөд эхнийхийг нь 2036 онд зэвсэглэлд хүлээн авах юм. Үүнээс гадна, Австрали зэвсэгт хүчнээ АНУ-ын далавчит пуужингаар хангахаар болсон. Үүнтэй холбогдуулан Канберра Францтай байгуулсан зэвсгийн гэрээгээ цуцалсан бөгөөд Франц энэ үйлдлийг нь “ар нуруу руу хутгалсан” хэмээн үзэж байна.
БНХАУ “AUKUS” түншлэл зэвсэглэлээр хөөцөлдөх явдлыг улам гүнзгийрүүлнэ гэж анхааруулаад эвслийн оролцогчдод хандан хүйтэн дайны үеийн Сэтгэхүй, геополитикийн харалган үзэл баримтлалаас татгалзахыг уриалав.
Парисын зүгээс АНУ, Австралид суугаа элчин сайд нараа зөвлөлдөх зорилгоор эгүүлэн татсан юм. Лондонгийн энэ үйлдлийн Францын тал “оппортунист үзлийн илэрхийлэл” гэж тодорхойлжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Эх газарт суурилсан герман-франкууд, арал далай дээр суурилсан англосакс сэтгэлгээний зөрчил гээд түүхийн номнууд дээр иа ярьдаг даа, бодвол тэр суурь газарзүй стратегийн зөрчил нь ийм маягаар байнга илрэх байхаа.