Эрдэмтэд томуу ковидын адил удаан үргэлжилдэг болохыг тогтоожээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 30

Томуугаар өвчлөөд эдгэрсэн зарим хүнд удаан хугацаанд сульдах, толгой өвдөх, амьсгал давчдах зэрэг шинж тэмдэг илэрсээр байдаг. Энэ байдал эдгэрснээс хойш зургаан сарын дараа ч ажиглагдах тохиолдол байдаг гэж Оксфордын их сургуулийн шинжээчид дүгнэжээ.

“PLOS Medicine” сэтгүүлд бичсэнээр, үүнийг судлах сэдэл “удаан үргэлжлэх ковид” гэх үзэгдлээс төржээ. Судалгааны дүнд эрдэмтэд бусад төрлийн вирус ч коронавирусний нэгэн адил удаан үргэлжилсэн шинж тэмдэг үлдээдэг болохыг тогтоожээ. Судалгаанд тус бүр 100 мянган хүнээс бүрдсэн хоёр бүлгийг хамруулжээ. Тэдний ихэнх нь АНУ-ын иргэд байжээ. Эхний бүлэгт ковид-19, хоёр дахь бүлэгт энгийн томуугаар өвдөөд, эдгэрсэн хүмүүс багтсан байна. Эхний бүлгийн оролцогчдын 42 хувьд, хоёр дахь бүлгийн оролцогчдын 30 хувьд нь өвчний дараах хүндрэлүүд ажиглагджээ.

Оксфордын шинжээчид энэхүү ялгаа нь ковид-19 халдвар авсан хүмүүс эрүүл мэндийнхээ төлөө илүү зовнидогтой холбоотой гэж үзэж байна. Томуугийн дараах хүндрэлүүдэд хангалттай анхаарал хандуулдаггүй байсан гэж профессор Пол Харрисон тодруулжээ.

Удаан үргэлжлэх ковид нь маш сул судлагдсан сэдэв бөгөөд өнөө хэр нэгдсэн тодорхойлолт, тогтсон шинж тэмдгийн жагсаалт байдаггүй. Их Британид гэхэд өвчтөнд эдгэрснээс нь хойш дөрвөн долоо хоног болон түүнээс дээш хугацаанд халдварын аль нэг шинж тэмдэг илрэх тохиолдлыг удаан үргэлжлэх ковид гэж үздэг байна. Ингэхдээ зарим хүнд зовуурь бага илэрдэг бол зарим нь бусдын тусламж авах хүртэл хүндэрдэг байна. Хамгийн түгээмэл ажиглагддаг шинж тэмдэгт амьсгаадах, сульдах, амтлах эсвэл үнэрлэх чадвараа алдах зэрэг шинж тэмдэг илэрдэг бол зарим хүнд өвчтөнүүдэд дотор эрхтэн гэмтэх зэрэг ноцтой үр дагавар ажиглагддаг байна. Ковид-19 халдвар аваад эдгэрсний дараа үе мөч мэдрэлгүй болох, хараагаа алдах хүртэл тохиолдол бүртгэгдэж байжээ.

Их Британийн Үндэсний статистикийн товчооноос явуулсан судалгаанаас үзвэл, коронавирусний халдвар аваад эдгэрсэн 40 тутмын нэгт удаан үргэлжлэх ковидын шинж тэмдэг илэрчээ. Ийм хүндрэлүүд гол төлөв эмэгтэйчүүд, 50-иас дээш насныхан, хууч өвчтэй эсвэл ковидоор өвчлөх үед цусан дахь вирусний хэмжээ өндөр байсан хүмүүст илэрдэг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top