УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ээлжит хуралдаан өнөөдөр /2021.10.12/ боллоо.
Хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарын өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Энэ хуулийн төслийг боловсруулсан хууль зүйн есөн үндэслэл байна. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуульд гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож үл болно гэж заасан байдаг. Шүүхийн шийдвэр эцэслэж гартал хэн ч, хэзээ ч, хэнийг ч гэмт хэрэгтнээр зарлахгүй гэх энэхүү зарчим нь гэмт хэргийн бодит байдлыг тогтоох, мөрдөн шалгах, гэм буруугүй асуудлыг шүүхээр хэлэлцэх бүх үйл явцад эхнээс нь дуустал үйлчлэх ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэгдүгээр зүйлийн 1.15 дахь хэсэгт гэм буруугийн зарчмыг хуульчлахдаа шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй гэж заасан. Өнгөрсөн хугацаанд Монгол Улс хуульдаа нотол, нотолж чадахгүй бол цагаатга гэх зарчмыг хэрэглэж иржээ. Гэмт хэргийн бодит байдлыг тогтоох, түүнд ял шийтгэл оноох нь төрийн үүрэг. Хэлмэгдүүлэлтээс төр үргэлж зайлсхийж байх ёстой. Тиймээс энэ хуульд хүний язгуур эрхийг хангахад чиглэсэн болно" гэв.
Харин УИХ-ын гишүүн Н.Учрал "Шүүх талуудын эрх ашгийг тэгш хангаж анхан шатнаас хэргийг буцаадаг байх ёстой Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль нь зөвхөн хохирогчийн эрх ашгийг сэргээх, гэм буруутай этгээдэд ял оногдуулах процессийг зохицуулсан хууль биш юм. Монгол Улсын Үндсэн хуулиар шүүхээс гэм буруутайд тооцогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно гэсэн зарчмын хүрээнд Эрүүгийн процесс ажиллагаа талуудын эрх ашгийг жигд хангаж, хэнийг ч урьдчилан гэм буруутайд тооцон нэг талыг баримтлан ажиллах ёсгүй юм. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад мэдүүлэг авах, нотлох баримт цуглуулах, гэрч шинжээч оролцуулах, прокурорын яллах дүгнэлт үйлдэх, шүүхд шилжүүлэх, шүүх хянан шалгаад шүүх хуралдааныг мэтгэлцээний зарчимд тулгуурлан явуулах зэрэг бүхий л үйл ажиллагааны явцад хэн нь ч хохирогч, хэн нь ч гэмт хэрэгтэн болоогүй байдаг үе. Түүнийг зөвхөн шүүхээс энэ бүх ажиллагааны төгсгөлд тогтооно. Тийм учраас ухрах замгүй шүүхээр тасладаг байдлыг зогсоож, анхан шатны шүүх дээрээс хэргийг буцаадаг тогтолцоог бий болгохгүй бол прокурор тухайн хэргийг нотлох баримт дутуу, эсвэл гэм буруу нотлогдохгүй байсан ч заавал шүүх рүү шилжүүлж, шүүхээс магадгүй ялын сонгох санкцийн интервал өндөр байгаа өнөөгийн хуулинд хүний амьдралыг ухрах замгүйгээр шийддэг байдал бий болох вий гэдэг болгоомжлол байсаар байна. Тиймээс анхан шатны шүүх дээрээс хэргийг буцаадаг, прокурор өөрөө хэргийг хаадаг боломж бололцоог нээх шаардлагатай байна" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 0 )