Цар тахлын улмаас дэлхий дахинд ЯДУУРЛЫН түвшин НЭМЭГДЖЭЭ

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 12

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга цар тахлын улмаас дэлхий дахинд ядуурлын түвшин нэмэгдсэн гэж мэдэгдлээ.

Коронавирусний цар тахал 100 сая гаруй хүнийг ядууралд хүргэжээ. Түүнчлэн 4 тэрбум гаруй хүн нийгмийн дэмжлэггүй байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш энэ талаар мэдэгдээд “Нийгмийн дэмжлэг шаардлагатай байгаа 4 тэрбум гаруй хүнд эрүүл мэндийн үйлчилгээ, баталгаатай орлого алга. Вакцины хуваарилалтын тэгш бус байдал нь дэлхийг сая сая шинэ үхэлд хүргэж, эдийн засгийн уналтыг үргэлжлүүлж, ядуу орнуудад хамгийн их хохирол учруулж байна” гэлээ. Тэрбээр хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэхийг уриалж, хөрөнгө оруулалтыг хямралын үр дагаврыг богино хугацаанд даван туулах, урт хугацаанд сэргээхэд хоёуланд нь чиглүүлэх хэрэгтэйг хэлжээ.

Дэлхийн ангалын ирмэгт

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга мөн “Дэлхий одоо ангалын ирмэгт байна” гэж мэдэгдсэн билээ. Тэрбээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дахь чуулган дээр хэлэхдээ “Би энд түгшүүрийн харанга дэлдэхээр ирлээ. Дэлхий дахин сэрэх ёстой. Бид ангалын ирмэгт байна. Буруу чиглэлд хөдөлж байна. Манай дэлхий хэзээ ч ийм аюултай нөхцөл байдалд байгаагүй. Бас хэзээ ч ийм бутарсан байгаагүй” гэсэн юм.

Тэрбээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр мөн “Дэлхий ертөнц коронавирусний цар тахалтай тулгарч, тэгш бус байдал нэмэгдэж, цаг уурын өөрчлөлт нүүрлэж, олон оронд мөргөлдөөн болж байна” хэмээн дэлхий дахиныг сэрэхийг уриалсан билээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга дэлхийн дулаарлын улмаас сүйрлийн нөхцөл байдалд байгааг хэлдэг.

90 жилд байгаагүй уналт

Антониу Гутеррешийн онцолж байгаагаар одоо бид дэлхийн эдийн засаг сэргэх замын дунд байгаа аж. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 5-6 хувь байгаа боловч хөгжиж буй олон орон, бүс нутаг эдгээр үзүүлэлтээс хамаагүй хоцорч байна гэжээ.

Өндөр хөгжилтэй орнууд ДНБ -ийхээ бараг 28 хувийг эдийн засгаа сэргээхэд зориулдаг. Хамгийн буурай хөгжилтэй орнуудын хувьд энэ үзүүлэлт 1.8 хувь байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний маш бага хувь нь 2 хувиас бага хэмжээтэй байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлж, хямралын үр дагаврыг богино хугацаанд даван туулах, урт хугацаанд сэргээхэд чиглүүлэхийг онцлоод Их 20-д хандан өрийн үйлчилгээг түдгэлзүүлэх санаачилгыг ирэх жил хүртэл сунгаж, дундаж орлоготой орнуудад хэрэгжүүлэхийг уриалав. НҮБ-ын тайланд өгүүлснээр коронавирусний цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг сүүлийн 90 жилд анх удаагаа хамгийн том уналтад орж, энэ нь нийгмийн эмзэг хэсэгт нөлөөлжээ. Энэ нь тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг 10 жилээр удаашруулж болзошгүй аж.

“Цар тахал өвчнийг таслан зогсоож, дэлхийн эдийн засгийг тогтвортой, цогцоор нь сэргээхэд зоригтой хамтын дэвшил хэрэгтэй байна” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ярьж байна.

ИХЭЭХЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ШААРДЛАГАТАЙ

Африкийн орнуудад вакцины тусламж хэрэгтэй байгааг НҮБ онцолдог.

Түүнчлэн улс орнуудад хандан ялангуяа хямрал, тогтворгүй байдалтай байгаа орнуудын нийгэм, эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг уриаллаа. 2030 он гэхэд шаардлагатай бүх хүнийг нийгмийн халамжид хамруулахын тулд ихээхэн хөрөнгө оруулалт шаардлагатай болно хэмээн Антониу Гуттереш ярьж байна.

НҮБ-ын гишүүн орнуудад 2015 онд дэлхийн хүн амын амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн тогтвортой хөгжлийн зорилт батлагдсан. 17 зорилтын эхнийх нь 2030 он гэхэд ядуурлыг зогсоох.

2020 он гэхэд ядууралтай тэмцэх ажилд ахиц гарчээ. 1990-ээд онд туйлын ядуу байсан хүн амын тоо 35 хувиас 8.4 хувь болж буурсан үзүүлэлттэй гарчээ. Харин оны сүүлч гэхэд ядуу хүмүүсийн тоо 14-40 саяар нэмэгдсэн байна.

Киргизийн ядуурал

Цар тахлын улмаас ядуурлын түвшин нэмэгдсэн улс орнуудын жишээг Киргизээр авч үзвэл, тус улсад ковидын улмаас ядуурлын шинэ давлагаа үүсжээ. Тус улсад 2020 онд ядуурлын түвшин 5.2 хувиар нэмэгдсэн байна.

Киргизэд ядуурал 2016 оны нөхцөл байдал руу эргэн очжээ. Дөрвөн киргиз хүн тутмын нэг нь ядуу болсон хэмээн тус улсын хэвлэлд өгүүлжээ. Киргизэд 1.7 сая хүн ядууралд байгаа бөгөөд тэдний 74 орчим хувь нь хөдөө, орон нутгийн иргэд аж.

Тус улсад цар тахлын улмаас 40 мянган хүн ажилгүй болжээ. Дэлхийн банкнаас Киргизийн ядуурлын гол шалтгааныг иргэд ажлын байраа алдсан явдал гэж тайлбарлажээ.

Түүнчлэн Киргизэд хөдөлмөр эрхэлдэг цагаачдын 20 хувь нь ажилгүй болжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top