Их Британийн Хөгжмийн ассоциац 2022 оноос эхлэн “BRIT Awards” шагналыг “Шилдэг эрэгтэй дуучин”, “Шилдэг эмэгтэй дуучин” төрөлд олгохгүй болсноо мэдэгджээ.
Эдгээр номинацын оронд “Оны дуучин”, “Шилдэг гаднын дуучин” номинацыг нэвтрүүлэхээр болсон байна. “BRIT Awards” шагнал нь цаг үеэ дагаж, дуучдыг хүйсийн хувьд хэрхэн өөрсдийгөө тодорхойлж байгаа эсвэл бусад хүмүүс хэрхэн хүлээн авч буйгаар нь бус зөвхөн уран бүтээлээр нь шалгаруулах болно гэж зохион байгуулагчид онцолжээ.
Ингэснээр өнгөрсөн жил “BRIT Awards” шагнал хүртсэн дуучин Дуа Липа, рэппер J Hus /Момоду Желлоу/ нар Британийн Шилдэг эмэгтэй дуучин, Британийн Шилдэг эрэгтэй дуучин төрөлд уг шагналыг хүртсэн сүүлийн дуучид болж байна.
Шагналын дүрэмд ийм өөрчлөлт оруулахыг өөрийгөө эрэгтэй, эмэгтэй хүйсийн алинд ч хамаатуулдаггүй алдарт дуучин Сэм Смит уриалж, трансжендерүүдийн эрхийн төлөө тэмцэгч Уилл Янг зэрэг олон дуучин, уран бүтээлчид дэмжжээ.
Британийн хөгжмийн ассоциац “BRIT Awards” шагналыг 1977 оноос хойш олгож байна. Уг шагналыг “Грэмми” шагналын Их Британи хувилбар гэж үздэг. “BRIT Awards” шагналыг гардуулах 42 дахь удаагийн ёслолын ажиллагаа 2022 оны хоёрдугаар сарын 8-нд Лондон хотын “The O2” цэнгэлдэх хүрээлэнд болно.