Австралийн томоохон банкнуудын нэг болох “Westpac” банк сүүлийн 10 жилийн хугацаанд нас барсан хүмүүст үйлчилгээ үзүүлсэн зэрэг хэд хэдэн зөрчил гаргасны төлөө 80 сая ам.долларын торгууль төлөхөөр болжээ.
Австралийн Үнэт цаас, хөрөнгө оруулалтын улсын комиссын орлогч дарга Сара Кортын мэдээлснээр, “Westpac” банк 11 мянган үйлчлүүлэгчид нас барсных нь дараа 7.1 сая ам.долларын үйлчилгээ үзүүлжээ. Үүнээс гадна, тус банк хууль бус хураамжаас 8.5 сая ам.доллар, данс эзэмшигчдэд мэдэгдэлгүй данснаас нь төлбөр хийх замаар 4.9 сая ам.долларыг хууль бусаар олжээ.
“Westpac” банкны удирдлагууд зөрчил гаргаж байснаа хүлээн зөвшөөрч, 113 сая австрали доллар буюу 80.3 сая ам.долларын торгууль төлөхөөр болсон байна. Үүнээс 57 сая ам.долларыг хохирсон үйлчлүүлэгчдэд нөхөн төлбөр болгож олгох гэнэ.
“Westpac” банк 1817 онд үүсгэн байгуулагджээ. Тус банк нь Австралийн тэргүүлэгч дөрвөн банкны нэг юм.
Сэтгэгдэл ( 0 )