Тэтгэмж авахын тулд 12 удаа гэрлэж, салсан хосыг шүүхэд татна

Я.Болор | Zindaa.mn
11 цагийн өмнө

Австрид 73 настай тэтгэврийн хөгшин тэтгэмж авахын тулд нөхөртэйгөө 12 удаа гэрлэж, салжээ. Өдгөө эл хосыг луйврын хэрэгт буруутгаж байна “Bild” сонинд бичжээ.

Эл луйврын схемийнхээ ачаар хоёр хөгшин Австрийн тэтгэврийн даатгалын сангаас нийт 326 мянган евро авчээ. Энэ оны гуравдугаар сард Вений дээд шүүх тэднийг шударга бус аргаар тэтгэмж авсан гэж үзэн, хэргийг нь дахин мөрдөн шалгуулахаар цагдаад шилжүүлсэн байна. Тэдний гэрлэлт, салалтыг “эрхээ урвуулан ашигласан” хэмээн үзсэн байна.

Эмэгтэй анхны нөхөр нь өөд болсны дараа 1981 оноос эхлэн бэлэвсэн эхнэрийн тэтгэмж авч эхэлсэн ба Австрийн хуулийн энэхүү “тэжээгчээ алдсан” заалтыг бүрэн ашиглахаар шийджээ. 1982 онд тэрбээр дахин гэрлэж, түүнээс таван жилийн дараа салсан байна. Шалтгаан нь ачааны тэрэгний жолоочийн ажил мэргэжлийн онцлогоос үүдэн гэрлэлтээ цуцлахаас өөр аргагүйд хүрсэн гэх. Ийн тэд 35 жилийн турш хамтран амьдрахдаа нийт 12 удаа салж, нийлсэн байна.

Найз нөхөд, төрөл садан нь өгсөн мэдүүлэгтээ тэднийг “үлгэр жишээ” хос хэмээн тодорхойлжээ. Гэсэн хэдий ч гурван жил тутам салах өргөдлөө өгч, тэтгэмж авдаг байсныг нь цагдаа нар тогтоогоод байна.

Тэтгэврийн сан тэдэнд тэтгэмж олгохоос татгалзсан бөгөөд шүүх ч тэдний салах өргөдлийг авч хэлэлцэхээс мөн татгалзаад байна. Шүүх тэдэнд ямар ял оноох нь одоогоор тодорхойгүй байна гэж “Bild” сонинд тодруулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top